Жүжигчин Аманда Сейфрид сүүлийн үед бүтээсэн хамгийн сэтгэлзүйн ачаалалтай дүрүүдийнхээ нэг болох Theranos компанийг үүсгэн байгуулагч Элизабет Холмсын дүрд дахин тоглосныхоо дараа энэ удаа гүнжийн дүрд хувирчээ.

Өдгөө 40 настай жүжигчин Netflix-ийн шинэхэн хүүхэлдэйн кино Steps-т Үнсгэлжингийн дүрд дуу оруулсан байна. Уг бүтээлд сонгодог үлгэрийг Үнсгэлжингийн “муу санаат” хойд эгч нарын өнцгөөс шинээр өгүүлжээ.

Энэ кинонд Үнсгэлжин эелдэг, гэнэн цайлган, бусдад амархан итгэдэг, зарим талаар бодлогогүй нэгэн байдлаар дүрслэгддэг. Ийнхүү Сейфридийн хувьд саяхан дахин бүтээсэн Элизабет Холмсын дүрээсээ эрс өөр, илүү хөнгөн, гэгээлэг дүрд тоглох боломж бүрджээ.

Тэрбээр PEOPLE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Mean Girls киноны Карен шиг дүр бүтээх нь надад үргэлж амралт шиг санагддаг” хэмээн ярьсан байна. Тэрээр 2004 онд нээлтээ хийсэн тус инээдмийн кинонд гэнэн, юмны учрыг төдийлөн ойлгодоггүй Карены дүрийг бүтээж байжээ.

Аманда Сейфрид цааш нь “Өөрийнхөө эхлэл рүү эргэн очих нь надад үргэлж сайхан байдаг. Үнсгэлжингийн оюуны чадамж Карентай адилхан гэсэн үг биш л дээ. Гэхдээ ийм цэвэр ариун, ямар ч муу санаагүй, гэнэн цайлган дүр бүтээх нь нэг талаар үнэхээр тайвшрал болдог” гэжээ.

STEPS, Cinderella
Netflix-ийн Steps хүүхэлдэйн киноны Үнсгэлжин (Аманда Сейфрид) болон Лилит (Али Вонг)

Элизабет Холмсын дүрд дахин тоглох нь карьертаа эрсдэл хийхтэй адил байв

Сейфрид саяхан найруулагч Нэйтан Филдер, Лэнс Оппенхайм нарын бүтээсэн You Can See Everything баримтат киноны хоёрдугаар хэсэгт Элизабет Холмсын дүрийг дахин бүтээсэн. Тус кинонд Холмс шоронд очиж ял эдэлж эхлэхээсээ өмнөх 34 хоногийн үйл явдлыг өгүүлдэг бөгөөд зураг авалтаар буулгаж чадаагүй зарим мөчийг Сейфрид жүжиглэн дүрсэлжээ.

Түүний уг баримтат кинонд оролцсон нь нээлтээ хийх хүртлээ нууц хэвээр байсан бөгөөд жүжигчин дараа нь энэ дүрд эргэн тоглосон тухайгаа анх удаа дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрбээр өмнө нь 2022 онд Hulu сувгийн The Dropout цувралд Холмсын дүрийг бүтээж байсан билээ.

Amanda Seyfried, The Dropout
Аманда Сейфрид “The Dropout” цувралд.
Гэрэл зургийг: Beth Dubber / Hulu

Сейфрид Нэйтан Филдертэй Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр уг төсөлд оролцохдоо айж, эргэлзэж байсан эсэхийг асуухад “Тийм ээ! Энэ төсөлд үргэлж эрсдэлийн мэдрэмж дагалдаж байсан. Би карьераа ямар нэг байдлаар сүйтгэх вий гэж бодож байлаа.

Холмсын хамтрагч Билли Эванстай холбоотой энэ ээдрээтэй асуудалд өөрөө татагдан орох вий, буруу зүйл хэлэх вий, эсвэл түүний талаар сөрөг ойлголтыг улам дэвэргэх вий гэж ч санаа зовж байсан” хэмээн хариулжээ.

Тэрбээр “Бүх зүйл айдас төрүүлж байсан. Гэхдээ тэр бүхнээс илүү намайг урагшлуулж байсан нэг зүйл бий. Тэр нь энэ ажлыг хийх хүсэл байлаа. Би зүгээр л ‘За, найз минь, явцгаая! Би галд гараа дүрмээр байна’ гэж бодсон” хэмээн ярьсан байна.

Шинэ кинонд Үнсгэлжингийн дүрийг өөр өнцгөөс харуулжээ

Элизабет Холмсын дүрд эргэн тоглох нь сэтгэлзүйн хувьд амаргүй байсан бол Үнсгэлжингийн дүрд хувирах нь жүжигчний хувьд илүү хялбар, таатай туршлага болжээ.

Steps кинонд Үнсгэлжингийн түүхийг уламжлалт үлгэрээс өөр өнцгөөс өгүүлнэ. Үнсгэлжингийн хойд эгч нар болох Лилит, Маргот нар (Али Вонг, Стефани Хсу нар дуу оруулсан) үнэндээ муу санаатай хүмүүс биш, харин буруугаар ойлгогдож, гадуурхагдсан дүрүүд аж. Тосгоныхон Үнсгэлжинг сохроор шүтэн биширч, харин түүнийх шиг бусдыг өөртөө татах увидасгүй эгч нарыг нь үл тоомсорлодог байна.

Энэ кинонд Үнсгэлжин өөрөө ч зарим талаар сөрөг дүрийн шинжтэй тул Сейфрид түүнийг хэтэрхий гэнэн, бодлогогүй байдлаар дүрслэхийг хүсээгүй аж.

Тэрбээр “Би түүнийг хэтэрхий хүлцэнгүй, бусдын үгэнд үргэлж ордог хүн мэтээр харуулахыг хүсээгүй. Магадгүй түүнд бага зэрэг сэрэмж, шүүмжлэлтэй хандах чадвар хэрэгтэй байх. Эгч нартаа байдаг зарим зан чанарыг өөртөө шингээвэл илүү дээр.

Эхэндээ түүнийг хараад ‘Өөртөө жаахан зоригтой бай л даа’ гэж бодмоор. Түүнд зориг бий л дээ, гэхдээ ямар нэг зүйл дутагдаж байгаа юм шиг. Харин эцэст нь тэд бие биедээ нөлөөлж, нэг нэгнээсээ суралцаж байгаа нь үнэхээр сайхан” гэжээ.

Steps кино Үнсгэлжингийн тухай танил үлгэрийг хойд эгч нарын өнцгөөс эргэн харж, ийн сайн муугийн тухай уламжлалт ойлголтыг өөрчилсөн шинэ тайлбарыг үзэгчдэд хүргэхээр болжээ.

Эх сурвалж: PEOPLE