Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо Худалдаа, хөгжлийн агентлагийн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Веринда Файктай уулзсан байна. Уулзалтаар Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ажлын явц болон тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд 2023 онд байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ханган ажиллаж байгаа юм.

Уулзалтын эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголын тал АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA), Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-тай хийсэн уулзалтуудын талаар товч танилцуулж, 2027 оны IV улиралд FAA-ийн техникийн үнэлгээнд хамрагдаж, шаардлагатай бэлтгэлийг хангасны үндсэн дээр 2028 онд шууд нислэг нээх зорилт тавьж буйг мэдээллээ.

Мөн энэхүү шууд нислэг нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, хоёр орны иргэд, бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолжээ.

Монгол Улсын зам, тээврийн салбарт АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-ийн дэмжлэгтэй олон чухал төсөл хэрэгжиж байгаа бөгөөд цаашид ч мөн энэхүү хамтын ажиллагааг төмөр зам, далайн тээвэр зэрэг өөр бусад салбарт ч бас тогтвортой үргэлжлүүлж, дэд бүтэц, тээврийн салбарын чадавхыг бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Харин Худалдаа, хөгжлийн агентлагийн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Веринда Файкийн зүгээс Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог үнэлж, дүрэм, стандарт, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зөвлөмж боловсруулж байна. Төсөлд аюулгүй ажиллагааны байцаагчдыг сургах ажил мөн багтаж байгааг хэллээ.

Мөн Монгол Улсын дэд бүтцийн салбар дахь төслийн хэрэгжилт, Монголын талын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр дурдсан төмөр зам, далайн тээврийн салбарт техникийн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судалж үзээд холбогдох албан байгууллагад уламжилж зуучилж өгөх, хамтран ажиллах боломжтой талаар хэлжээ.

Э.ЦЭЦЭН