Өнгөрч буй долоо хоног буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт онцлох олон үйл явдал болж өндөрлөснийг тоймлон хүргэж байна.

Явж буй У.Хүрэлсүх "сүр хүч"-ийг үзүүлэв

Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хамгийн анхаарал татсан үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан явдал байв. Арваннэгдүгээр сарын 16-нд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс төрийн өндөр албан тушаалтнуудыг авлигын асуудалтай холбон шалгах шаардлага тавьж, холбогдох албан тушаалтнуудыг ажлаа хүлээлгэн өгөхийг уриалсан.

Маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 17-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөртэй нь холбоотой авлигын асуудлаарх мэдээллийг шалгуулах, нэр төрөө сэргээлгэх зорилгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, өөрийгөө "буруутай үйлдэл хийгээгүй"-г онцолсон.

УИХ арваннэгдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 104 гишүүний 96 нь дэмжсэнээр хүсэлтийг хүлээн авав. Ингэснээр У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө огцорсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болсон юм.

Ерөнхийлөгчтэй холбоотой маргаан нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбогдох авлигын гэх мэдээллээс үүдэлтэй. Уг мэдээллийг УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар гаргаж тавьсан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хэрэгт холбогдолгүйгээ илэрхийлж, шалгалтад хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ хугацаанд УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ үйл явдал нь эрх баригч Монгол Ардын Нам доторх улс төрийн зөрчил, фракц хоорондын тэмцэл болон төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг дахин хөндсөн томоохон үйл явдал болов. 

Гаднын эвлэлүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авлигын хэрэгтэй дуулианаас болж албан тушаалаасаа огцорсоныг онцолж байлаа. Харин дотоодын ажиглагчид түүнийг "Үхэвч үхэр буугаа тавихгүй" гэгчээр сүр дуулиантайгаар төрийн байгууллагуудыг "ашглаж", хүндэтгэлийн үдэх ёслол үйлдүүлж тоглосныг ихээхэн шүүмжилсэн юм.  

Азийн хөгжлийн банкны санхүүжилт: 200 сая долларын хөнгөлөлттэй зээл

Азийн хөгжлийн банк арваннэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын төсөв, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх, уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор нийт 200 сая ам.долларын санхүүжилт баталжээ.

Санхүүжилт нь дараах үндсэн чиглэлд зориулагдах нь. Үүнд:
- Төсвийн удирдлага, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах.
- Банкны салбарын эрсдэлийн удирдлага, санхүүгийн тайлагналыг бэхжүүлэх.
- Уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах.
- Татварын удирдлагыг шинэчилж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг бууруулах.
- Дотоодын хөрөнгийн зах зээл болон төгрөгийн бондын зах зээлийг хөгжүүлэх.

Уг санхүүжилт 150 сая ам.долларын энгийн зээл, 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс бүрдэж буй аж. Азийн хөгжлийн банкны мэдээлснээр, Монгол Улсын экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын ойролцоогоор гуравны нэгийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Иймээс түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын худалдаа, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг нь манай эдийн засагт томоохон эрсдэл дагуулж буйг онцолжээ.. 

Монгол Улсын 2027 оны төсөв батлагдав

2027 оны төсөв батлагдсантай холбоотойгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөгт хүргэх, сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээ мэдээлсэн. Мөн:
- 562 мянган ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх;
- 213 мянган төрийн албан хаагчийн цалинг 2027 оны хоёрдугаар улирлаас 10 хувиар нэмэгдүүлэх;
- Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжид нэг хувийн татварын зохицуулалт хэрэгжүүлэх;
- Татвар төлөлтийг хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломж олгох зэрэг арга хэмжээг тусгажээ. Эдгээр шийдвэрийн хэрэгжилт ирэх онд өрхийн орлого, худалдан авах чадвар болон бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна. 

УИХ 2027 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталлаа

Арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2027 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлав. Санал хураалтад 91 гишүүн оролцож, 51.6 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжсэн.

Уг бодлогын баримт бичигт нийт 14 арга хэмжээ тусгасан бөгөөд Засгийн газарт тав, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд есөн чиглэлээр үүрэг, даалгавар өгчээ.

Үндсэн зорилтуудаас дурдвал:
- Инфляцын өсөлтийг бий болгож буй хүчин зүйлсийг бууруулах.
- Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх.
- Монголбанкны төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах.
- Валютын зах зээлийн ил тод, өрсөлдөөнт байдлыг нэмэгдүүлэх.
- Банк, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах.
- Цахим залилангийн эсрэг мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх.
Мөн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг 2028 онд Засгийн газарт бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ шилжилт одоогийн зээлдэгчдийн гэрээ болон зээлийн хүүг өөрчлөхгүй гэж Монголбанк мэдээлэв.

Энэхүү бодлогын хэрэгжилт нь ирэх онд инфляц, төгрөгийн ханш, зээлийн хүртээмж болон санхүүгийн зах зээлд нөлөөлөх чухал шийдвэрүүдийн нэг болсон юм. 

Дунд ангийн сурагчдыг сургуулийн үдийн хоолны хөтөлбөрт хамруулна

2027-2028 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 6-7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулж эхлэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар тус хөтөлбөрт 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд хамрах хүрээг өргөжүүлэх нь сурагчдын хоол тэжээлийн хүртээмж, эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой юм. 

Эдийн засгийн өсөлт 7.3 хувьд хүрсэн ч өрхийн хэрэглээ буурчээ 

2026 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 78.4 их наяд төгрөгт хүрч, бодит өсөлт 7.3 хувьтай гарсан байна. Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, хөдөө аж ахуйн салбар голлон нөлөөлжээ.

Гэвч эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд бүрэн мэдрэгдээгүй байгааг илтгэх нэг үзүүлэлт нь өрхийн эцсийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс бодит дүнгээр 2 хувиар буурсан явдал юм.

Энэ нь экспорт, уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа хэдий ч өрхийн худалдан авах чадвар, өдөр тутмын хэрэглээнд өсөлтийн үр өгөөж жигд хүрэхгүй байгааг харуулж байна. 

С.МАНДАХ