Сангийн сайд З.Мэндсайханы мэдээлснээр, “Рио Тинто” группийн хэлэлцээрийн баг энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд Монгол Улсад ирж, “Оюу толгой” төслийн ногдол ашгийн асуудлаар хэлэлцээ хийхээр болжээ.

Тэрбээр энэ талаар 2026 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон УИХ-ын хамтарсан байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа мэдээлэв.

Сангийн сайдын хэлснээр, “Оюу толгой” төслийн ногдол ашиг олгох хугацааг 2027 он болгон наашлуулж, ирэх онд Монголын талд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг олгох асуудлаар талууд санал солилцжээ.

Энэ талаар “Оюу толгой” компани болон “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн албан захидлыг Сангийн сайд байнгын хорооны хуралдааны үеэр уншиж танилцуулсан байна.

Уг захидалд Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр “Оюу толгой” ХХК 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд нь нийцүүлэн ногдол ашиг хуваарилах асуудлаар санал солилцсон талаар дурджээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар 2027 онд “Оюу толгой” ХХК-иас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан шаардлагатай төлөвлөгөө боловсруулж, ажиллаж байгааг тэмдэглэсэн байна.

Тус ногдол ашиг нь “Оюу толгой” компанийн ирэх онд улсын төсөвт төлөх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамжаас тусдаа нэмэлт орлого байх аж.

Түүнчлэн “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, “Оюу толгой” ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, яригдаж буй боломжуудыг бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ.

Э.ЦЭЦЭН