Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын төлөөх барилдаан өчигдөр хоёрдугаар тойргоор үргэлжиллээ.

Хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн аварга “Хатант интернэшнл” баг анхны барилдаанаа хийсэн бөгөөд тэд “Увс нуур” дэвжээг 21:4-өөр буулган авав. Тус барилдаанд тус багаас улсын начин Б.Шаравдорж зодоглоогүй.

May be an image of text

“Увс нуур”-аас багийн ахлагч дархан аварга Н.Батсуурь, улсын заан Л.Энхсаруул нар бэртлийн улмаас барилдсангүй. Тус дэвжээ хоёр дараалан ялагдсанаар хагас шигшээд шалгарах боломж нь багасав. Тус дэвжээнээс аймгийн арслан Г.Цоггэрэл гурав, аймгийн заан Т.Батсүрэн нэг даваа авсан бол “Хатант интернэшнл” багаас улсын харцага Э.Мөнхжаргал, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар бүх өрсөлдөгчөө давжээ.

Улсын аварга О.Хангайгаар ахлуулсан “Ховд” дэвжээнийхэн гарди М.Лхагвагэрэлээр ахлуулсан “Эв Монгол”-ыг 19:6-гаар ялжээ. Тус барилдаанд Ховд дэвжээнээс улсын арслан Б.Бат-Өлзий тав давсан бол “Эв Монгол”-оос гарди М.Лхагвагэрэл дөрөв, заан Д.Анар нэг, аймгийн начин Д.Мөнхтулга нэг даваагаар багтаа тус хүргэв. М.Лхагвагэрэл гардийн хувьд дараалсан даваа нь 22 хүрээд зогслоо.

May be an image of text

Хоёрдугаар тойрогт ялсан багууд 8.0 сая төгрөг гардсанаас гадна давсан бөхчүүд давааны шагналаа авсан байна. Одоогийн байдлаар улсын гарди М.Лхагвагэрэл, аймгийн арслан М.Баяржавхлан нар есөн даваатай бөхчүүдийг тэргүүлж байгаа бол улсын аварга О.Хангай найман даваагаар нэхэж байгаа юм.

May be an image of text

Өнөөдөр 14:00 цагаас 21 аймаг, есөн дүүргийн наадмын түрүү бөхчүүдийн тойргийн барилдаан болно.

Э.ЦЭЦЭН