Nvidia компанийн үүсгэн байгуулагч Женсен Хуанг хэдхэн хоногийн өмнө албан тушаалаасаа огцорсон. Гэвч өдгөө түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргэн томилох боломжийн талаар хэлэлцэж байгаа аж. Энэ тухай Financial Times (FT) сонин арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагт уг асуудлын талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, Хуангийн нэгэн дэмжигч Nvidia компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилуулахын тулд бусад томоохон технологийн компаниудын удирдлагуудаас бүрдсэн тусгай баг бүрдүүлж байгаа аж.
Мөн уг санаачилгад Цагаан ордны дэмжлэгийг авахыг зорьж буй юм байна. FT сонинд ярилцлага өгсөн эх сурвалжуудын нэгний мэдээлснээр, Женсен Хуанг өөрөө ч энэ хүчин чармайлтыг дэмжиж байгаа ажээ.
Хуанг огцорсны дараа АНУ-д түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилуулахыг шаардсан олон нийтийн кампанит ажил өрнөж эхэлжээ. Түүнийг буцаан томилохыг шаардсан нээлттэй захидалд Tesla болон SpaceX компанийн тэргүүн Илон Маск, Epic Games компанийн удирдагч Тим Суини нар нэгдсэн байна. Түүнчлэн FT сонины мэдээлснээр, Nvidia компанийн зарим ажилтан ч Хуангийг эргүүлэн томилохыг дэмжиж байгаа аж.
Гэсэн хэдий ч Хуангийг албан тушаалд нь эргүүлэн томилох асуудал Вашингтоны эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй гэж FT онцолжээ. Өмнө нь АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Хуанг огцорсны дараа Nvidia компанийн удирдлагын бүрэлдэхүүнд “эрс шинэчлэл хийх” шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Хуангыг АНУ-ын Конгресст дуудагдан мэдүүлэг өгөхийг шаарджээ.
Мөн Хуанг ийг огцроход хүргэсэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор компанийн санаачилгаар эхлүүлсэн хараат бус мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Одоогоор Nvidia компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Колетт Кресс нар арваннэгдүгээр сарын 17-ны мягмар гарагт танилцуулах улирлын санхүүгийн үзүүлэлтүүдийн өмнө компанийн үйл ажиллагааг тогтворжуулахыг зорьж буй юм байна.
Женсен Хуанг Nvidia компанийн бүх албан тушаалаасаа татгалзжээ
Хиймэл оюун ухаанд зориулсан чип үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, Америкийн технологийн Nvidia компанийн үүсгэн байгуулагч бөгөөд олон жилийн турш гүйцэтгэх захирлаар ажилласан Женсен Хуанг хувийн амьдралтай нь холбоотой дуулианы улмаас компанид хашиж байсан бүх албан тушаалаасаа татгалзахад хүрчээ.
Энэхүү дуулианы эхлэл нь Хуанг Сингапурын Megaspeed компанийн нэгэн менежертэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэлүүдтэй холбоотой.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, уг эмэгтэй нь БНХАУ-ын иргэн бөгөөд Америкийн тусгай албад түүнийг Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
АНУ-ын тусгай албад түүнийг Хятадын Улсын аюулгүй байдлын яаманд элсүүлэгдсэн байж болзошгүй гэж үзэн, Элис Х. нэрээр дурдагдсан уг эмэгтэйг нэг хэсэг хугацаанд мөрдөн ажиглаж байжээ. Ойролцоогоор нэг жилийн өмнө энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад мэдээлсэн байна.
Үүнээс гадна Женсен Хуанг Nvidia компанийн удирдах түвшний өөр нэг эмэгтэй ажилтантай романтик харилцаатай байсан байж болзошгүй тухай мэдээлэл мөн хожим ил болжээ.
"Хуанг бол хиймэл оюун ухааны хөгжлийн тэсрэлтийн бэлгэ тэмдгүүдийн нэг юм"
Өдгөө 63 настай Женсен Хуанг дэлхийн өндөр технологийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогддог.
Nvidia компани хиймэл оюун ухааны технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой юм. Тус компанийн үйлдвэрлэдэг чипүүдийг орчин үеийн хиймэл оюун ухааны загваруудыг сургах, ажиллуулах, суперкомпьютер бүтээх, үүлэн технологийг хөгжүүлэх, асар их хэмжээний өгөгдөл боловсруулахад өргөн ашигладаг.
Nvidia компани хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэх байр суурийг эзлэхийн төлөөх Вашингтон, Бээжингийн өрсөлдөөнд онцгой чухал үүрэг гүйцэтгэж буй аж.
Тухайлбал, Цагаан ордон АНУ-д үйлдвэрлэсэн өндөр хүчин чадалтай чипүүдийг БНХАУ-д нийлүүлэх асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж үздэг. Иймээс эдгээр чипийн экспортод тодорхой хязгаарлалт тогтоогоод байгаа ажээ.
Эх сурвалж: DW