Италийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Жанни Де Женнаро 1992 онд мафийн эсрэг тэмцэж байсан нэрт шүүгчийн амь насыг хөнөөсөн хэргийг дахин шалгах ажиллагаанд саад учруулахыг оролдсон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа амиа хорложээ. Энэ талаар тухайн асуудлын тухай мэдээлэлтэй албаны эх сурвалж бямба гарагт мэдэгджээ.

Өдгөө 78 настай Де Женнаро 2000-2007 онд Италийн Үндэсний цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан аж. Тэрбээр тус улсын аюулгүй байдлын салбарын хамгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг байсан бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа 1980-1990-ээд онд Сицилийн “Коза Ностра” мафийн эсрэг явуулсан тэмцэлд гол үүрэг гүйцэтгэжээ.

Сицилийн Кальтаниссетта хотын прокурорууд долоо хүрэхгүй хоногийн өмнө түүнийг гэрийн хорионд оруулах хүсэлт гаргасан байна. Энэ нь 1992 онд Палермо хотод болсон автомашин дэлбэлсэн халдлагын хэргийг шалгахад саад учруулахыг оролдсон гэх сэжигтэй холбоотой аж.

Тухайн халдлагын улмаас мафийн эсрэг тэмцэж байсан шүүгч Паоло Борселлино болон түүнийг хамгаалж явсан таван цагдаагийн алба хаагч амь үрэгджээ.

Шүүх прокуроруудын гэрийн хорионд оруулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ч прокурорууд уг шийдвэрийг давж заалджээ. Давж заалдах шатны шийдвэрийг ирэх хэдэн долоо хоногт гаргахаар хүлээж байсан аж.

Мөрдөн шалгалтын талаарх мэдээлэл Италийн олон нийтийг цочирдуулсан бөгөөд Де Женнаро өөрөө ч энэ мэдээнд ихэд цочирдсон тухай түүний ойр дотнын хүмүүс ярьжээ. Тэрбээр өөрийг нь буруутгасныг няцааж байсан аж.

Түүнтэй долоо хоногийн турш харилцсан өмгөөлөгч Франческо Берторотта "La Repubblica" сонинд “Тэр маш их цочирдсон байсан. Өөрийнх нь үзэж байгаагаар үндэслэлгүй, нэр төрд нь халдсаны эсрэг өөрийгөө хамгаалах шаардлагатай болсонд сэтгэлээр унасан нь мэдрэгдэж байв” гэж ярьжээ.

Борселлиногийн амь насыг хөнөөсөн хэргийн ээдрээ

Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Де Женнарог Тоскана муж дахь хөдөөний байшингаас нь нас барсан байдалтай олсон байна. Түүнтэй холбоо барьж чадахгүй болсон ар гэрийнхэн нь түгшиж, холбогдох байгууллагад мэдэгдсэнээр түүнийг эрэн хайжээ.

Түүний хөдөөний байшин байрладаг Тоскана мужийн Гроссето хотын прокурорууд амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй үйлдэл гарсан эсэхийг шалгах мөрдөн ажиллагаа эхлүүлсэн тухай ANSA агентлаг мэдээлсэн байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үеэр ар гэрийнхэндээ хаягласан, салах ёсны захидал байж болзошгүй тэмдэглэлүүд болон бусад баримт бичиг олдсон гэж тус агентлаг хожим нь мэдээлжээ.

Борселлиногийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгасан ажиллагаа нь Италийн орчин үеийн түүхэн дэх хамгийн их маргаан дагуулсан асуудлуудын нэг хэвээр байгаа аж.

Тухайн аллагын хэрэг гарахаас хоёрхон сарын өмнө мафийнхан мөн л тэсрэх бөмбөг ашиглан мафийн эсрэг тэмцэгч шүүгч Жованни Фальконег хөнөөжээ. Фальконе нь Де Женнарогийн ойрын хамтран зүтгэгч байсан аж.

Анх цагдаагийнхан уг хэрэгт сэжигтнүүдийг тогтоосон боловч тэд хожим гэм буруугүй нь тогтоогдсон байна. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг хүчээр авсан эсэх асуудлыг дараагийн шалгалтуудаар хөнджээ.

Эдгээр үйл явдлын шалтгаан, нөхцөл байдал өнөөг хүртэл маргаантай хэвээр байгаа бөгөөд мөрдөн шалгалтыг төөрөгдүүлсэн хүмүүсийг тогтоох, хэргийн бодит үнэнийг бүрэн илрүүлэх ажиллагаа үргэлжилсээр буй юм байна.

Борселлиногийн гэр бүлийнхэн үнэнийг ил тод болгохыг удаа дараа шаардаж ирсэн бөгөөд Де Женнарог нас барсан тухай мэдээг харамсан хүлээн авчээ.

Талийгаач шүүгчийн хүү Манфреди Борселлино “Үнэний бас нэг хэсэг түүнтэй хамт алга болсон байж магадгүй” гэж хэлсэн байна.

Де Женнарогийн нас барсан тухай мэдээлэл Италийн улс төрийн хүрээнийхнээс олон янзын хариу үйлдэл дагуулжээ. Ерөнхий сайд Жоржа Мелони эмгэнэл илэрхийлсэн бол түүний улс төрийн зарим холбоотон Де Женнарогийн эсрэг нотлох баримт хангалтгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэт их анхаарал хандуулсан гэж шүүмжилсэн байна.

Шадар сайд Антонио Таяни “Эрх чөлөөтэй, ардчилсан, соёлт улсад шударга ёсыг шүүх танхимд тогтоодог болохоос шүүхийн гадуур тогтоодоггүй” гэж мэдэгджээ.

Мафийн эсрэг тэмцлээс Италийн аюулгүй байдлын салбарын дээд албан тушаалд хүрсэн нь

Де Женнарогийн карьер Сицилийн мафийн эсрэг тэмцлийн үеэс эхэлж, Италийн цагдаа, тагнуулын байгууллагын хамгийн өндөр албан тушаалд хүрсэн урт замналтай байж.

Түүнийг “Акул” хэмээн хочилдог байсан бөгөөд тэрбээр шүүгч Жованни Фальконетэй нягт хамтран ажиллаж, мафийн эсрэг томоохон мөрдөн шалгах ажиллагаануудад оролцож байжээ. Мөн мафийн бүлэглэлийн мэдээлэгч Томмазо Бушеттаг Бразилаас Италид шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Хожим нь Де Женнаро Мафийн эсрэг мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж, долоон жилийн турш Үндэсний цагдаагийн газрын даргын албыг хашжээ. Үүний дараа Италийн тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах газрын тэргүүн болсон байна.

Гэвч түүний карьер маргаан дагуулсан үйл явдлаас ангид байгаагүй аж. Тухайлбал, 2001 онд Генуя хотод болсон “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн аюулгүй байдлын ажиллагааг тэрбээр удирдаж байжээ.

Уг уулзалтын үеэр цагдаа нар болон даяаршлын эсрэг жагсагчдын хооронд хүчтэй мөргөлдөөн гарсан нь Италийн орчин үеийн цагдаагийн байгууллагын түүхэн дэх хамгийн их маргаан дагуулсан үйл явдлуудын нэг болсон аж.

Де Женнаро өөрийг нь буруутгасныг тууштай няцааж байсан бөгөөд уг үйл явдалтай холбоотой хэрэгт эцэст нь цагаатгагджээ.

Тэрбээр 2013 онд Италийн төрийн өмчит сансар судлал, батлан хамгаалахын “Finmeccanica” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон бөгөөд тус компани хожим “Leonardo” нэртэй болсон байна. Де Женнаро уг албан тушаалыг 2020 он хүртэл хашжээ.

Эх сурвалж: REUTERS