Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, нийт 27 мянган хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүний үр дүнд 2725 хэргийг шүүхэд шилжүүлж, иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын 65 хувь буюу 139 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан уг төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хохирлыг барагдуулах чиглэлээр дээрх нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 2026 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 67 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдсэн байна. Мөн энэ хугацаанд шалгасан нийт хэргийн 65 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх үзүүлэлтээс 7.6 хувиар өссөн дүн аж.

Түүнчлэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 31 мянган хүүхдэд сургалт зохион байгуулж, 19 мянга гаруй хүүхдэд урьдчилан сэргийлэх чиглэлийн сурталчилгааны материал хүргүүлжээ.

Харин гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагад техник, технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн байна. Эдгээр тоног төхөөрөмжийг хэргийн газрын үзлэг хийх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зэрэг үйл ажиллагаанд өдөр тутам ашиглаж байгаа аж.

С.МАНДАХ