ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг эхлүүлсэн дайны тав дахь жил дуусаж, зургаа дахь жилдээ орох гэж буй энэ үед украинчуудыг Оростой нэгдэхийг уриалжээ. Тэрбээр өнөөдөр болж буй бүх эмгэнэлт үйл явдлыг үл харгалзан өөрсдийгөө "түүхийн зөв талд" байгаа хэмээн тодорхойлсон байна.

ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлагийн мэдээлснээр, Путин Сербийн кино найруулагч Эмир Кустурицатай хийсэн ярилцлагадаа: "Би тэдэнд хандан нэг зүйлийг хэлмээр байна. Манай талд ирж нэгдээч гэж хэлмээр байна. Учир нь, энэ бол бидний хамтын тал, түүхийн зөв тал юм" хэмээн ярьжээ.

Оросын удирдагч энэ талаар тайлбарлахдаа өөрийнх нь хэлж буй нэгдэл гэдэг нь заавал хоёр улсыг нэг улс болгон нэгтгэх тухай ойлголт биш болохыг онцолсон байна. Харин "нэгдэл" гэдэг үгийг хамгийн өргөн утгаар нь ойлгох ёстой бөгөөд ингэснээр нийтлэг зорилгод хүрэх боломжтой гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр ямар зорилгын талаар хэлж буйгаа тодорхой тайлбарлаагүй байна.

Путин 2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээсээ хойш орос, украинчууд түүх, гарал үүслийн хувьд нэг үндэстэй, түүхэн нэгдмэл холбоотой гэх үзэл санааг удаа дараа дэвшүүлж ирсэн билээ.

Түүний энэ мэдэгдэл Украины хотууд болон дэд бүтцийн объектуудад Оросын пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн цохилтууд үргэлжилж, хоёр талын цэргийн хохирол нэмэгдэж буй нөхцөлд гарчээ.

НҮБ-ын мэдээллээр, 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд бараг 18 мянган энгийн иргэн амиа алдсан нь баталгаажсан бөгөөд 58 мянга орчим хүн шархадсан байна. Харин 2026 он гарснаас хойш Украины довтолгооны улмаас Оросын бараг 600 энгийн иргэн амь үрэгдсэн гэж дайны нөхцөл байдлыг бие даан ажигладаг Conflict Intelligence Team байгууллагын тооцоонд дурджээ.

Путин мөн энэ ярилцлагын үеэр Украины барууны холбоотнуудыг дахин буруутгаж, тэднийг "хувааж захирах" бодлого баримталж байна хэмээн мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар, барууны орнууд Москва болон Киевийг сулруулж, бутаргаж, задлан хувааж, улмаар өөрсдийн эрхшээлд оруулахыг зорьж байгаа ажээ.

Путиний эдгээр мэдэгдэл нь Оросын Үнэн алдартны шашны тэргүүн Патриарх Кириллийн 80 насны ойд зориулан Эмир Кустурица бүтээсэн баримтат киноны хүрээнд өгсөн ярилцлагын нэг хэсэг юм байна.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES