Германы хэт барууны үзэл баримтлалтай “Германы төлөөх альтернатив” (ГТА) намын дарга Тино Хрупалла тус улсаас 2.6 сая хүртэлх хүнийг албадан гаргахыг уриалжээ.

Түүний үзэж буйгаар, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэд болон орогнол хүссэн ч хүсэлт нь татгалзсан хүмүүсийг бус, мөн Германд хууль ёсоор оршин сууж буй Сири, Афганистан, Украины иргэдийг ч эх оронд нь буцаах ёстой аж. Ингэхдээ тухайн хүмүүст хамгаалалт олгох үндэслэл арилсан тохиолдолд буцаах тухай ярьжээ.

Тэрбээр энэ тухайгаа Bild сонины “Unter Zwei” подкастад өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Ярилцлага өнгөрсөн баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 20-нд нийтлэгджээ.

Хрупалла "Украин дахь дайн дуусах, Сири, Афганистан дахь аюулгүй байдлын нөхцөл байдал сайжирч, тэдгээр улсын иргэдэд хамгаалалт шаардлагагүй болох үед тухайн хүмүүс эх орондоо буцах ёстой" гэж хэлжээ. Тэрбээр “Энд 2.6 сая хүний тухай ярьж байна” хэмээн мэдэгджээ.

Нам доторх санал зөрөлдөөн

Bild сонины мэдээлснээр, Хрупаллагийн энэхүү шаардлага нь түүний намын гишүүн, Европын парламентын гишүүн асан Максимилиан Крахын байр суурьтай зөрчилдөж байгаа аж.

Крах өмнө нь цагаачдыг албадан гаргах асуудлаар хэт өндөр хүлээлт үүсгэхээс болгоомжилж байжээ. Түүний тооцоолсноор, ердөө 200 мянган хүнийг албадан гаргасан ч энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европын түүхэн дэх хамгийн томоохон ажиллагаа болох аж.

Мөн Констанцын их сургуулийн шилжилт хөдөлгөөн, цагаачлалын асуудлаарх шинжээч, профессор Даниэль Тим Хрупаллагийн мэдэгдэл олон нийтийг төөрөгдүүлж болзошгүйг онцолжээ.

Тэрбээр Bild сонинд өгсөн тайлбартаа “Хрупалла хэдэн сая украин, сири, афган хүнийг богино хугацаанд, олноор нь албадан гаргах боломжтой мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гэвч бодит байдал тийм биш. Хамгаалалтын статустай хүн бүрийн нөхцөл байдлыг тус бүрд нь авч үзэж, хувь хүнийх нь хувьд шийдвэрлэх ёстой” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: DW