Жеффри Эпштейн нэгэн хувийн хүсэлдээ хөтлөгджээ. Түүний Манхэттен дэх таунхаусынхаа нэг хэсгийг Санкт-Петербург хотын алдарт Александр ордонд байдаг, олны танил ягаавтар нил өнгийн өрөөтэй ижил өнгөөр будахыг Америкийн санхүүчид интерьер дизайнер нь зөвлөсөн байна. Эпштейн тэр өрөөг өөрийн нүдээр үзэхийг хүсжээ.

Ингээд 2002 оны арваннэгдүгээр сард тэрээр Их Британийн нийгмийн хүрээний танил Гислейн Максвелл болон Францын загвар өмсөгчийн агент Жан-Люк Брюнелийн хамт хувийн онгоцоороо Орос руу ниссэн байна. Энэ тухай уг аяллын талаар мэдэх хоёр хүн, АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон нислэгийн бүртгэл болон Францын прокурорын тайланд дурджээ.

Москва хотод түр саатах үеэр Эпштейн, Максвелл, Брюнель нар зэвсэглэсэн хамгаалагчдын хамт сум нэвтэрдэггүй автомашинд сууж, Максвеллийн найз, чечень гаралтай чинээлэг бизнесмен Умар Джабраиловтой ресторанд уулзаж, зугаацахаар явжээ.

Уулзалтын дараа Эпштейн жолоочдоо Тверская гудамжаар явж өгөхийг хүссэн байна. Учир нь, тэрээр шөнийн цагаар гудамжны нэг хэсэгт зогсдог биеэ үнэлэгчдийг харахыг хүссэн аж. 

Аяллын талаар мэдэх хүмүүсийн мэдээлснээр, Москва хотод түр саатахдаа Эпштейн шөнийн цагаар гудамж даган зогсдог биеэ үнэлэгчдийг харахын тулд Тверская гудамжаар явж өгөхийг хүсжээ.

Эпштейн 2002 онд Орост очсон нь нислэгийн бүртгэлээр өмнө нь тогтоогдсон бөгөөд энэ нь түүний тус улсад хийсэн нь мэдэгдэж буй хоёрхон айлчлалын нэг байж. Харин тухайн аяллын талаар мэдэх хоёр хүн түүнийг яагаад Орост очсон, мөн энэ аялал Оростой харилцаагаа улам гүнзгийрүүлэх эхлэл болсныг анх удаа дэлгэрэнгүй ярьжээ.

Reuters агентлагийн олж тогтоосноор, Оросын залуу эмэгтэйчүүд, охидод хэт автсан түүний сонирхол аажмаар өөрчлөгдөж, олигархиуд болон Кремлийн өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоох, цаашлаад Ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзах оролдлого болон өргөжсөн байна.

Эпштейнийг нас барснаас хойш түүний хэрэг Конгрессын шалгалт, шүүхийн маргаан, олон нийтийн хүчтэй анхаарлын төвд байсаар иржээ. АНУ-ын Конгресс Трампын засаг захиргааг Эпштейний талаарх төрийн байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааны баримт бичгүүдийг ил болгоход хүргэснээс хойш нэг жилийн дараа ч түүний Ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувийн харилцааны талаарх асуултууд хариултгүй хэвээр байгаа аж.

Эпштейний хүчирхийлэл, эмэгтэйчүүд болон охидыг хүний наймаанд татан оролцуулсан үйл ажиллагааны хохирогчид, тэднийг төлөөлж буй өмгөөлөгчид шударга ёсыг тогтоолгохоор тэмцсээр байгаа ч зарим хохирогч ил гарч мэдүүлэг өгснийхөө төлөө олон нийтийн дайралтад өртөж байна гэж Reuters өмнө нь мэдээлж байв.

АНУ-ын Хууль зүйн яамнаас илүү олон баримт бичиг гаргахыг шаардсан уриалга үргэлжилж буй бөгөөд Эпштейний үйл ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа Их Британи, Норвеги зэрэг хэд хэдэн улсад үргэлжилж байгаа аж.

Гэсэн хэдий ч Эпштейний амьдрал, хүний наймааны сүлжээний талаар, ялангуяа Оростой тогтоосон холбооных нь тухай олон чухал асуулт хариулт нэхсэн хэвээр буй юм байна.

Баттай баримт дутмаг байгаа нь таамаглал, хуйвалдааны онолууд бий болгожээ. Тухайлбал, Эпштейн Зөвлөлтийн, эсвэл Оросын тагнуулын албатай холбоотой байсан байж магадгүй гэсэн таамаглал бий аж.

Зарим нь үүнийг Гислейн Максвеллийн эцэг, Их Британийн хэвлэл мэдээллийн магнат, Их Британи, Орос, Израилийн тагнуулын байгууллагуудтай холбоотой байсан гэх сэжиг бүхий, нас барсан Роберт Максвеллээр дамжуулан тайлбарлахыг оролддог байна.

Ардчилсан намын сенатор Шелдон Уайтхаус гуравдугаар сард хэлсэн үгэндээ “Эпштейний талаар бидний мэдэхгүй зүйл маш их хэвээр байна. Тэгээд ч энэ асуудал дахин дахин Оростой холбогдож байна” гэж дурджээ.

Гэвч Reuters агентлагийн олж тогтоосноор, Эпштейн Оросын тагнуулын байгууллагад ажиллаж байсан, Оросын засгийн газрын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан, Путинтэй уулзаж чадсан гэх ямар ч нотолгоо олдоогүй байна.

Сэтгүүлчид Эпштейний Оростой тогтоосон харилцааны талаар мэдэх 20 гаруй хүнтэй, түүний дотор өөрийг нь биечлэн мэддэг есөн хүнтэй ярилцаж, АНУ-ын Хууль зүйн яамны хэдэн зуун хуудас баримт бичиг, нислэгийн бүртгэл, шүүхийн материал, цахим шууданг шалгажээ. Эпштейний талаар тайлбар өгөхийг хүссэн Reuters агентлагийн хүсэлтэд Путины ажлын алба хариу өгөөгүй байна.

Эпштейний анхны сонирхол нь үндсэндээ бусдыг мөлжих, бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх зорилготой байжээ. Тэрээр загварын агентлагууд болон ирээдүйд амжилтад хүргэнэ гэсэн амлалтаар дамжуулан эмэгтэйчүүд, насанд хүрээгүй охидыг АНУ-д авчрахыг эрмэлзэж байсан аж.

Reuters агентлаг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас гаралтай, Эпштейний бэлгийн мөлжлөг, хүний наймааны сүлжээнд татагдсан дор хаяж 17 эмэгтэйг тогтоосон байна. Тэдний гурав нь түүний хүчирхийлэл, мөлжлөгийн хэргээр шударга ёс тогтоолгохоор тэмцэж буй хэдэн зуун хохирогчийн дунд багтжээ.

2008 онд Флорида мужид насанд хүрээгүй охиныг бэлгийн харилцаанд татан оролцуулахыг завдсан зэрэг биеэ үнэлэлттэй холбоотой хэрэгт буруугаа хүлээн, 13 сар шоронд суусныхаа дараа Эпштейн Оросыг элит хүрээлэлд эргэн нэвтрэх боломж гэж харах болжээ.

Тэрээр өөрийн нэр хүнд, байр суурийг сэргээхийг оролдохын зэрэгцээ эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Оросын холбоо сүлбээгээ өргөжүүлсэн байна гэж Reuters дүгнэжээ.

АНУ-ын Хууль зүйн яамны баримт бичгүүдээс үзвэл, Эпштейн 2002-2019 оны хооронд насанд хүрээгүй хүүхдүүдтэй холбоотой хүний наймааны холбооны хэргээр баривчлагдаж, улмаар 66 насандаа Манхэттений шоронд нас барах хүртлээ ихэнх хугацаанд Оросын визтэй байжээ.

Түүний Орост хийсэн нь мэдэгдэж буй хоёр аяллын эхнийх нь 1998 онд болсон бөгөөд тэрээр цэргийн аж үйлдвэртэй холбоотой, үйл ажиллагаа нь маш нууц байсан тул хэдэн арван жилийн турш олон нийтийн газрын зурагт тэмдэглэгддэггүй байсан Саров хотод очсон байна.

2002 оны Санкт-Петербургийн айлчлал нь түүний хоёр дахь аялал байжээ. Тэр үеэр аяллын баг Екатерина ордонд очжээ. Энэ бол Оросын Ерөнхийлөгч Путин хоёр хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийг хоёр талын уулзалтад хүлээн авч байсан эзэн хааны хуучин ордон аж.

Эпштейн ойролцоох Александр ордонд байдаг “Ягаавтар нил өнгийн өрөө” буюу “Голт борын өрөө” хэмээн нэрлэгддэг өрөөг эцэст нь үзсэн эсэхийг Reuters тогтоож чадаагүй байна. Түүний нэр хүндтэй интерьер дизайнер Альберто Пинто уг өрөөг үзэхийг зөвлөсөн байжээ.

Эпштейний Оростой тогтоосон харилцааг баримтжуулахад нэг энгийн боловч томоохон бэрхшээл нь тухайн үеийн гол хүмүүсийн олонх нь нас барсан явдал аж.

Эпштейн 2019 оны наймдугаар сард нас барсан бөгөөд түүний үхлийг амиа хорлолт гэж дүгнэсэн. Брюнель ч мөн 2022 онд Парисын шоронгийн өрөөнд нас барж, түүний үхлийг амиа хорлолт гэж үзжээ.

Харин энэ оны гуравдугаар сард, Эпштейний хэргийн баримт бичгүүдэд Жабраиловын нэр гарч ирснээс хэдхэн долоо хоногийн дараа Орос, чечень гаралтай бизнесмен Москва дахь тансаг зэрэглэлийн орон сууцнаасаа толгойдоо буудуулсан шархтай олджээ.

Оросын төрийн хэвлэлүүд цагдаагийн эх сурвалжийг иш татан, түүний үхлийг амиа хорлосон байж болзошгүй хэрэг хэмээн мэдээлсэн байна. Эпштейн болон Жабраиловын төрөл төрөгсөд амиа хорлосон гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн ч бусдын оролцоотойгоор амь насыг нь хохироосон гэх эцэслэн тогтоогдсон нотолгоо гараагүй байна.

RUSSIAN PRESIDENTIAL CANDIDATES ANSWER QUESTIONS.
Орос, чечень гаралтай бизнесмен Умар Жабраилов баруун талд харагдаж байна. Эпштейнтэй холбоотой баримт бичгүүдэд түүний нэр гарснаас хэдхэн долоо хоногийн дараа тэрээр Москва дахь орон сууцнаасаа буудуулсан шархтай олджээ. REUTERS/Alexander Natruskin

Максвелл одоо Техас мужид холбооны шүүхээс оноосон 20 жилийн хорих ялаа эдэлж буй аж. Тэрбээр Эпштейнд өсвөр насны охидыг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхэд тусалсан хэргээр шүүхээс ял сонссон бөгөөд анх өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж байсан байна.

Өнгөрсөн жил АНУ-ын Хууль зүйн яамны албан тушаалтнуудтай ярилцахдаа тэрбээр Эпштейн болон өөрийн эцэг Роберт Максвелл хоёр хэзээ ч уулзаж байгаагүй гэдгийг “ямар ч эргэлзээгүйгээр” баталж чадна гэж мэдэгджээ. Түүний ах Иан Максвелл ч мөн Reuters агентлагт ярилцлага өгөхдөө өөрийн мэдлэг, итгэл үнэмшлийн хүрээнд хоёр хүн огт уулзаж байгаагүй гэж хэлсэн байна.

Гислейн Максвеллийн өмгөөлөгч энэ нийтлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. Наймдугаар сард АНУ-ын шүүгч түүний ял, хорих ялыг хүчингүй болгуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, эрх нь зөрчигдсөн гэх тайлбарыг нь үндэслэлгүй гэж үзсэн байна. Үүний дараа Максвелл шүүхээс уг шийдвэрээ дахин нягталж үзэхийг хүссэн өргөдөл гаргажээ.

Эпштейн Орост тун цөөн удаа очсон ч санхүү, шинжлэх ухаан, загварын ертөнц, урлагийн салбарт олон жилийн турш бий болгосон элит хүрээлэлдээ Оросын нөлөө бүхий хүмүүсийг улам бүр татан оруулахыг зорьж байсан аж.

Тэрээр Нью-Йорк, Палм-Бич болон АНУ-ын Виржиний арлууд дахь хувийн арал дээрээсээ орос хэлээр ярьдаг ертөнцийн гүн рүү хүрсэн харилцаа холбоо бий болгожээ. Гэвч түүний хамгийн том зорилго болох Путинтэй уулзах хүсэл биелээгүй бололтой.

Оросын эмэгтэйчүүд, охид

Эпштейний Оростой ойртсон харилцаа тус улсын залуу загвар өмсөгчдөөс эхэлжээ. 1989 оны арваннэгдүгээр сард Берлиний хана нурж, Зөвлөлт Холбоот Улс гадаад ертөнцөд нээгдэж эхлэх үед барууны загварын агентууд Прага хотоос Владивосток хүртэл үргэлжлэх өргөн уудам нутаг дэвсгэрт авьяаслаг шинэ загвар өмсөгчдийг хайхаар олноороо ирсэн байна.

Тэдний нэг нь Парист төвтэй Karin Models загварын агентлагт ажилладаг Францын загварын агент Брюнель байж. Тэрээр Зүүн Европ болон хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрийг хөндлөн гулд туулж, охид, залуу эмэгтэйчүүдийг сонгон авч Парист авчирдаг байжээ. Тэнд АНУ-ын агентлагууд Хойд Америкийн зах зээлд тохирох загвар өмсөгчдийг сонгодог байсан гэж Эпштейн болон Брюнелийг мэддэг Америкийн загварын агент Жои Хантер ярьжээ.

АНУ-ын Хууль зүйн яамнаас Эпштейнтэй холбоотой шинэ гэрэл зургуудыг нийтэлжээ.

New Epstein images released by U.S. Justice Department
Эпштейний хэргийг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэлсэн, огноо нь тодорхойгүй гэрэл зурагт Гислейн Максвелл, Жан-Люк Брюнель нар хамт байна. АНУ-ын Хууль зүйн яам / REUTERS-ээр дамжуулсан

1991 оны есдүгээр сард Брюнель Парис хотын тансаг зэрэглэлийн Хош өргөн чөлөөнд байрлах орон сууцандаа үдэшлэг зохион байгуулжээ. Тухайн үдэшлэгт оролцсон, өмнө нь загвар өмсөгчөөр ажиллаж байсан Тайсиа Хюйсман энэ тухай ярьсан байна.

Тэрээр загвар өмсөгчийн карьераа эхлүүлэхэд Брюнель тусална гэж найдан Нидерландаас иржээ. Хюйсманы хэлснээр, үдэшлэгт Саудын Арабын бизнесмэнүүд зэрэг олон орны бизнес эрхлэгчид, Чехословак, Югослав, Оросын загвар өмсөгчид оролцсон байна.

Хюйсманы ярьснаар, Оросын нэг охин үдэшлэгийн ихэнх хугацаанд Эпштейний өвөр дээр сууж байжээ. Тэр үед Хюйсман түүнийг зөвхөн “Жеффри” гэдэг нэрээр мэддэг байсан бөгөөд Брюнель түүнийг ингэж дууддаг байж.

Хожим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс түүнийг Эпштейн гэдгийг таньжээ. Охин "Брюнель Парис руу явах онгоцны тасалбарыг нь авч өгсөн, супер модель болгоно гэж амласан" хэмээн Хюйсманд ярьсан байна.

Хюйсманы хамгийн их анхаарлыг татсан зүйл нь охины нас байжээ. Тэр “Энэ үнэхээр жигшмээр санагдсан. Охин загвар өмсөгчийн ажил нь тийм ч сайн биш гэж хэлсэн ч ‘Жеффри надад анхаарал тавьдаг’ гэсэн. Бас би өөрөө 18 настай байсан байтал тэр охин надаас илт бага насны хүүхэд байсан нь эвгүй санагдсан” гэжээ.

Reuters тухайн үдэшлэг болсон эсэх, мөн Орос охины хэн болох, хэдэн настай байсныг бие даан баталгаажуулж чадаагүй байна.

Хюйсман 2019 онд гаргасан эрүүгийн гомдолдоо үдэшлэгээс долоо хоног орчмын дараа Брюнель өөрт нь мансууруулах бодис хэрэглүүлж, хүчиндсэн гэж буруутгажээ. Брюнель нас барахаасаа өмнө Францын мөрдөн байцаагчдад мэдүүлэг өгөхдөө буруутай үйлдэл хийснээ няцаасан байна.

Тэрээр Эпштейнтэй анх Нью-Йоркоос Францын Ривьера руу нисэх онгоцонд танилцсан гэж хэлсэн боловч яг хэзээ гэдгийг дурдаагүй бөгөөд “огноо сайн санадаггүй” гэж тайлбарлажээ. Энэ тухай Францын прокурорын тайланд дурдсан байна. Брюнель мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх үед, прокурорууд түүнийг шүүхэд шилжүүлэх эсэхээ шийдэхээс өмнө нас баржээ.

Reuters хоёр хүн яг хэзээ анх танилцсаныг бие даан тогтоож чадаагүй байна. Харин Францын прокурорын баримт бичгүүдээс үзвэл Брюнель Эпштейнийг найз гэж тодорхойлж, түүний хувийн онгоцоор нисэж, АНУ-ын Виржиний арлууд дахь хувийн арал болох Литл-Сент-Жеймст очиж байсан гэж мэдүүлжээ.

Тайсиа Хюйсман, загвар өмсөгч асан

1991 оны арванхоёрдугаар сард Зөвлөлт Холбоот Улс задарчээ. Тэр үед Эпштейн Victoria’s Secret дотуур хувцасны брэндийн ард байсан тэрбумтан, жижиглэн худалдааны салбарын бизнес эрхлэгч Лес Векснерт зөвлөгөө өгч, хэдэн сая долларын хөрөнгө хуримтлуулаад байж.

1990-ээд оны дунд үе гэхэд Манхэттен дэх Эпштейний таунхаус алдартнууд, тэрбумтнууд болон улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн цуглардаг газар болжээ.

Векснерийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан байна. Векснер эмэгтэйчүүд, охидын эсрэг Эпштейний үйлдсэн хүчирхийллийн талаар юу ч мэдээгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2026 оны хоёрдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороонд мэдүүлэхдээ өөрийгөө “дэлхийн хэмжээний луйварчинд хууртсан” гэж хэлжээ.

Эпштейнийг Оросын загвар өмсөгчид болон залуу эмэгтэйчүүдтэй хамт байнга хардаг байсан байна. Санхүүчийг мэддэг, загварын салбарт ажиллаж байсан хоёр менежер тэдгээр эмэгтэйчүүдийн нэгнийх нь нэрийг Анна Малова гэж санаж байжээ.

1993 онд Малова 22 настайдаа Москва хотод болсон “Мисс Орос” тэмцээнд дэд байрт шалгарсан байна. Тэрбээр 1996 онд Багамын арлуудад болсон American Dream Calendar загварын тэмцээнд оролцсоныхоо дараа АНУ-ын загварын ертөнцөд танигдаж эхэлжээ.

Энэ тэмцээнийг тухайн үед гоо бүсгүйн тэмцээний салбарт нөлөө бүхий байр суурьтай байсан Трамп болон бизнесмен Жорж Хурани нар хамтран зохион байгуулсан тухай гэрэл зураг болон тус тэмцээнд оролцсон хоёр загвар өмсөгчийн мэдээллээс харагдаж байна.

Эпштейн шүүгчдийн бүрэлдэхүүнд тогтмол оролцдог байсан бөгөөд ихэвчлэн Трампын хажууд суудаг байжээ гэж Хурани Reuters агентлагт ярьсан байна.

Хоёр жилийн дараа буюу 1998 онд Брюнель Маловаг Karin агентлагийн Нью-Йорк дахь салбарт авчирч, тэнд Хантерын хэлснээр Малова гэрээ байгуулжээ.

1999 оны хоёрдугаар сарын нислэгийн бүртгэлээс үзвэл Малова Эпштейний хувийн онгоцоор Карибын тэнгисээс Палм-Бич рүү нисэхдээ Максвелл болон тухайн үед хунтайж Эндрю хэмээн алдаршиж байсан Их Британийн Эндрю Маунтбаттен-Виндзор зэрэг зорчигчидтой хамт явсан байна.

Малова болон Маунтбаттен-Виндзорын өмгөөлөгч тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. Эпштейнтэй холбоотой харилцааных нь улмаас Их Британийн хааны гэр бүлийн хуучин гишүүний цол хэргэмийг 2025 онд хураан авсан юм. Тэрбээр бэлгийн гэмт хэрэгт оролцсон гэдгийг няцааж иржээ.

Харин Karin агентлагийн Парис дахь одоогийн менежер Рут Малка тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй ч агентлаг 2000-аад оны эхээр Брюнельтэй харилцаагаа тасалсан гэж өмнө нь мэдэгдэж байжээ.

Маловагийн Эпштейний хүрээлэлд орсон замнал нь түүний Оростой холбоотой үйл ажиллагаанд дахин дахин давтагдсан нэг хэв маягийг харуулж байсан аж.

Залуу эмэгтэйчүүдийг загварын агентлаг, гоо бүсгүйн тэмцээний сүлжээгээр дамжуулан танилцуулж, улмаар Литл-Сент-Жеймс аралтай ч холбоотой байсан чинээлэг, нөлөө бүхий эрчүүдийн хүрээлэлд оруулдаг байжээ.

АНУ-ын холбооны прокуроруудын мэдээлснээр Эпштейн уг арал дээр эмэгтэйчүүд, охидыг хүний наймаанд татан оролцуулж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан юм.

Little Saint James, the small private island formerly owned by the late financier Jeffrey Epstein
Талийгаач санхүүч Жеффри Эпштейний эзэмшиж байсан Литл-Сент-Жеймс хэмээх жижиг хувийн арал.

Саров хотод хийсэн айлчлал

Эпштейний Орост хийсэн нь мэдэгдэж буй анхны аялал 1998 оны дөрөвдүгээр сард болж, түүнийг Зөвлөлт Холбоот Улс цөмийн зэвсгийн хөтөлбөрийнхөө ихэнх хэсгийг боловсруулж байсан нууцлаг, гадаадынхны зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал “хаалттай хот” Саров руу авчирчээ.

Тэрээр тухайн үед Microsoft программ хангамжийн компанийн өндөр албан тушаал хашиж байсан Натан Михрволдын ахалсан аялалд нэгдсэн байна. Михрволд программ хангамж боловсруулах зардал багатай боломжуудыг хайж хэд хэдэн хотод очиж байсан тухай 1998 онд шинжлэх ухааны Bulletin of the Atomic Scientists сэтгүүлд нийтлэгдсэн тайланд дурджээ.

Михрволд тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд Эпштейний гэмт хэргийн үйл ажиллагаанд оролцсон эсвэл түүний талаар мэдэж байсан гэдгээ няцааж ирсэн байна.

Саров хот Зөвлөлтийн цөмийн зэвсгийн хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэж байсан учраас энэ аялал олон таамаглал дагуулжээ. Гэсэн хэдий ч Эпштейн тэнд богино хугацаанд байхдаа яг юу хийсэн талаар өмнө нь төдийлөн мэдээлж байгаагүй аж.

Михрволдын орчуулагч, хамт явсан хөрөнгө оруулагч, орос хэлтэй технологийн салбарын сэтгүүлч Эстер Дайсон Эпштейнтэй хамт Зөвлөлтийн физикч Андрей Сахаровын хуучин гэрээр зочилж байснаа дурсжээ.

Түүнчлэн Эпштейн Оросын нэгэн эрдэмтнээс хамгийн сүүлд хэзээ цалингаа авсныг асууж байсныг санаж байна гэж Дайсон Reuters агентлагт ярьсан байна. Эпштейн яагаад энэ аялалд нэгдсэнийг өөрт нь хэзээ ч тодорхой болоогүй. Гэхдээ тэр зөвхөн Михрволдтой уулзаж, хоттой танилцахаар ирсэн мэт санагдсан гэж Дайсон хэлжээ.

Эстер Дайсон, Жеффри Эпштейн болон Павел Олейников нар 1998 онд Оросын Саров хот дахь Андрей Сахаровын гэрт зургаа татуулжээ.

Esther Dyson, Jeffrey Epstein, and Pavel Oleynikov pose at Andrei Sakharov’s house in Sarov, Russia in 1998.
Эстер Дайсон, Жеффри Эпштейн болон Оросын нэгэн судлаач 1998 онд Саров хот дахь Андрей Сахаровын гэрт хамт байна. Esther Dyson via Flickr

Энэ нь Эпштейний Орост хийсэн нь мэдэгдэж буй хоёрхон аяллын нэг байж. Гэхдээ түүний Оростой тогтоосон олон холбоо өөр газар, дэлхийн элитүүд байнга цуглардаг тансаг орчинд бий болжээ.

2001 оны тавдугаар сард Эпштейн, Максвелл нар Францын Ривьерагийн алдартнуудын очих дуртай газар болох Сен-Тропед болсон Британийн супер модель Наоми Кэмпбеллийн төрсөн өдрийн баярт дарвуулт завин дээр оролцжээ.

Тэнд Эпштейн, Максвелл хоёр жилийн дараа Москвад оройн зоог барих үеэр тэднийг хүлээн авах байсан Орос, чечень гаралтай чинээлэг бизнесмэн Жабраиловтой танилцсан байна гэж уг үдэшлэгт оролцсон нэгэн хүн ярьжээ.

Жабраилов Эпштейний адил загвар өмсөгчид болон гоо бүсгүйн тэмцээнийг сонирхдог байсан бөгөөд ийм тэмцээнүүдийг тогтмол ивээн тэтгэж, эмэгтэйчүүдээр хүрээлүүлдэг байжээ гэж түүнийг мэддэг хүмүүс ярьсан байна. Гуравдугаар сард нас барахынхаа өмнөхөн Жабраилов олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэгтээ Максвеллийг “сэтгэлийн хань” гэж нэрлэжээ.

Сен-Тропегийн үдэшлэгт тухайн үед 17 настай байсан Виржиниа Жиуффре ч оролцсон байна. Үүнийг тухайн үдэшлэг дээр авсан гэрэл зураг нотолж байгаа аж.

Жиуффрегийн өмгөөлөгчдийн хэлснээр Максвелл түүнийг 2000 онд, өсвөр насны охин Палм-Бич дэх Трампын хувийн Mar-a-Lago клубт рашаан сувиллын ажилтнаар ажиллаж байх үед нь элсүүлсэн байжээ.

Трамп, Эпштейн хоёр олон жилийн турш хамт цагийг өнгөрүүлдэг байсан бөгөөд тэр жил Максвеллийн хамт тус клубт авахуулсан гэрэл зураг нь ч байдаг аж.

Максвелл энэ талаар өөр тайлбар өгчээ. 2011 онд Жиуффрегийн Максвеллийн эсрэг гаргасан нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийн хэрэгт хожим нийтэд ил болсон мэдүүлэгт Максвелл Жиуффре өөрийгөө 18 настай гэж хэлсэн хэмээн мэдэгдсэн байна. Уг шүүхийн маргааныг 2017 онд, шүүх хурал эхлэхээс өмнөхөн нууц нөхцөлөөр эвлэрч дуусгажээ.

Жиуффре хожим Эпштейнийг өөрийг нь Эндрю Маунтбаттен-Виндзор зэрэг нөлөө бүхий эрчүүдэд хүний наймаагаар дамжуулан хүргэж өгсөн гэж буруутгасан байна. Тэрээр өнгөрсөн жил амиа хорлож нас баржээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Лорен Бис Reuters агентлагт өгсөн мэдэгдэлдээ Эпштейнтэй холбоотой асуудлаар Трампыг “бүрэн цагаатгасан” гэж хэлсэн байна. Тэрээр Трамп Эпштейнийг “жигшүүртэй хүн” гэж үзсэн учраас эцэст нь Mar-a-Lago клубт орохыг нь хориглосон гэх Цагаан ордны өмнөх мэдэгдлийг дурджээ.

Кэмпбеллийн өмгөөлөгч түүнийг Эпштейний гэмт хэргийн үйл ажиллагааны талаар 2019 онд Эпштейнийг баривчлагдах хүртэл мэдээгүй байсан гэж мэдэгдсэн байна. Виржиниа Робертс Жиуффрегийн нас барсны нэг жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээ Үндэсний худалдааны төвд болжээ.

Vigil commemorating the one-year anniversary of the death of Virginia Roberts Giuffre, on the National Mall
Виржиниа Жиуффре Эпштейнийг өөрийг нь тухайн үед хунтайж Эндрю гэгдэж байсан Их Британийн Эндрю Маунтбаттен-Виндзор зэрэг нөлөө бүхий эрчүүдэд хүний наймаагаар дамжуулан хүргэж өгсөн гэж буруутгаж байв. Жиуффре өнгөрсөн жил амиа хорлож нас барсан. REUTERS/Ken Cedeno

Оросоос эмэгтэйчүүдийг татан оролцуулсан сүлжээ

Эпштейний Орос эмэгтэйчүүдийг татан оролцуулах сүлжээ 2003 онд өргөжжээ. Тэр жил Брюнель Майами хотод Karin Models of America нэртэй загварын агентлаг нээсэн байна. Хоёр жилийн дараа нэрийг нь MC2 Models Management болгон өөрчилжээ.

Францын мөрдөн байцаагчдад мэдүүлэг өгөхдөө Брюнель Эпштейн агентлагт 300 мянган ам.долларын зээл авах баталгаа гаргаж өгсөн бөгөөд уг зээлийг хожим буцаан төлсөн гэж хэлсэн байна. Reuters энэ зээлийн эх үүсвэр болон эргэн төлөгдсөн эсэхийг бие даан баталгаажуулж чадаагүй аж.

MC2 агентлаг Оросоос олон загвар өмсөгч элсүүлж, тэднийг АНУ руу зорчиход шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлэхэд байнга тусалдаг байжээ. Харин Эпштейн тэднийг байрлуулах орон сууцаар хангадаг байсан гэж уг асуудлыг шууд мэдэх хоёр хүн ярьсан байна.

MC2 агентлагаар дамжин элссэн Орос эмэгтэйчүүдийн нэг нь Светлана Пожидаева байв. Загвар өмсөгч болохыг хүсэж байсан тэрээр 2008 онд, ойролцоогоор 23 настай байхдаа Парист Эпштейнтэй танилцсан гэж ярьжээ. Дараа жил нь Эпштейн түүнийг Victoria’s Secret дотуур хувцасны компанитай загвар өмсөгчийн гэрээ байгуулахад тусална гэж амласны дараа АНУ руу нүүсэн байна.

Тэрээр MC2 агентлагтай гэрээ байгуулж, дараа жил нь Эпштейний хувийн туслахуудын нэг болжээ. Reuters агентлагт ярилцлага өгөхдөө Пожидаева Эпштейн заримдаа түүнд Оростой холбоотой даалгавар өгдөг байсан гэж хэлсэн байна. Тухайлбал, Москва хотод өөрт нь зориулж орон сууц хайхыг даалгаж байжээ.

Баримт бичгүүдээс үзвэл, Эпштейн энэ санааг хэсэг хугацаанд бодож байсан ч эцэст нь хэрэгжүүлээгүй байна. Харин Пожидаевагийн үндсэн үүрэг нь Эпштейнд иллэг хийх байсан бөгөөд тэрээр өөрийг нь байнга бэлгийн хүчирхийлэлд өртүүлдэг байсан гэж ярьжээ.

Ажилд орсноосоо хойш хэдхэн сарын дотор Эпштейн өөрийг нь урхинд оруулсан гэж Пожидаева хэлсэн байна. Түүний визийг MC2 агентлаг ивээн тэтгэж, орон сууцыг нь Эпштейн гаргаж өгдөг байжээ. Тэрээр өөрийн гэсэн банкны дансгүй байсан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бүх зардлыг Эпштейн төлдөг ч эдгээрийг түүний өр болгон бүртгэдэг байв.

Пожидаева "Эпштейн жингийн минь талаар байнга ярьж дарамталдаг байсан тул хооллох эмгэгтэй болсон" гэж ярьжээ. Тэр Reuters агентлагт “Би аажмаар өөрийнхөө сүүдэр төдий хүн болж хувирсан” гэж хэлсэн байна. Мөн Эпштейн Орост ч улс төрийн холбоо сүлбээтэй байж магадгүй тул зугтвал өөрийг нь эсвэл гэр бүлийг нь хохироож чадна гэж айдаг байснаа ярьжээ.

2013 оны нэгэн цахим шууданд нэг эмэгтэй Эпштейнд царайлаг, ухаалаг гэж тодорхойлсон гурван охиныг танилцуулах санал тавьсан байна. Гэхдээ тэр эмэгтэй Эпштейн тэдэнтэй “тоглох” зорилготой бол өөрийг нь энэ хэрэгт оролцуулахгүй байхыг анхааруулжээ.

Нэг удаа Эпштейн Пожидаевад Нью-Йорк хотод дипломат алба хаших ажилд ороход нь тусална гэж амласан боловч уг ажил хэзээ ч бүтсэнгүй. Харин үүний оронд тэрээр Женев хот дахь НҮБ-ын байранд өөрийнхөө зургийг авч, ийм албан тушаал хашдаг мэт сэтгэгдэл төрүүлэхээр цахим орчинд нийтлэхийг зөвлөсөн байна. Пожидаева өөрийнх нь хэлснээр Эпштейний зааврыг дагажээ.

Тухайн үед MC2 агентлагийн дээд түвшний менежерээр ажиллаж байсан Жефф Фуллер Reuters агентлагийн тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна. Флорида мужийн компанийн бүртгэлээс үзвэл Майами дахь уг агентлаг 2019 онд татан буугджээ. Харин Израильд үйл ажиллагаа явуулдаг, ижил төстэй нэртэй MC2 Model Management агентлаг Майами дахь компанитай албан ёсны бизнесийн холбоогүй гэж мэдэгдсэн байна.

Эпштейний хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дэх сүлжээ нь түүнд бусад эмэгтэйчүүдтэй танилцах боломж ч олгодог байжээ. Reuters агентлагийн олж тогтоосноор түүний амьдралын сүүлийн арван жилд тухайн бүс нутгаас гаралтай, ихэнх нь Оросын дор хаяж есөн эмэгтэй найз нөхөд, танилуудаа Эпштейнтэй танилцуулж байжээ.

2013 оны нэгэн цахим шууданд нэг эмэгтэй царайлаг, ухаалаг гэж тодорхойлсон гурван охиныг түүнд танилцуулах санал тавихын зэрэгцээ, хэрэв тэдэнтэй “тоглох” гэж байгаа бол өөрийг нь энэ хэрэгт оролцуулахгүй байхыг анхааруулсан байна.

Тухайн эмэгтэйн өмгөөлөгч тайлбар өгөхөөс татгалзаж, АНУ-ын холбооны шүүхийн ажиллагаанд түүнийг Эпштейний хохирогчоор албан ёсоор тодорхойлсон тул нэрийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ. Reuters энэ мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүй байна.

“Путинд түүнтэй уулзах нь ашигтай гэдгийг хэл”

2009 оны сүүл гэхэд Эпштейн Палм-Бич дэх гэртээ нэг жилийн хугацаатай гэрийн хорионд байх үедээ Оросын элит хүрээлэлтэй холбоо тогтоох хүчин чармайлтаа эрчимжүүлжээ. Оросын чинээлэг хүмүүстэй уулзахдаа тэрээр өөрийгөө тэдэнд тусалж чадах санхүүгийн салбарын өндөр мэдлэгтэй хүн хэмээн танилцуулдаг байсан гэж ийм уулзалтыг харсан нэгэн хүн ярьсан байна.

Түүний харилцаж байсан хүмүүсийн дунд тухайн үед Британийн супер модель Наоми Кэмпбеллтэй үерхэж байсан Оросын үл хөдлөх хөрөнгийн магнат Владислав Доронин байжээ.

2010 оны хавар АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон цахим шуудангуудын дагуу Доронины ажлын алба Эпштейнийг Кэмпбеллийн зохион байгуулсан Москва дахь буяны арга хэмжээнд урьсан байна. Гэвч уг арга хэмжээг зохион байгуулахад оролцсон нэгэн хүний хэлснээр Эпштейн очоогүй аж.

Тэр оны долдугаар сард гэрийн хорионы хугацаа нь дууссан бөгөөд жилийн сүүлээр Эпштейн Дорониныг Нью-Йорк дахь таунхаусдаа оройн зоогт урьжээ. Цахим шуудангаас үзвэл Доронин оройн зоогийн төлөө Эпштейнд талархсан бөгөөд Эпштейн түүнд Москва дахь олон сая долларын үл хөдлөх хөрөнгийн төслийн талаар өөрийн үзэл бодлоо хэлсэн байна. Доронин төлөөлөгчөөрөө дамжуулан тайлбар өгөхөөс татгалзжээ.

Загвар өмсөгч Наоми Кэмпбелл болон Оросын бизнесмэн Владислав Доронин нар Нью-Йорк дахь Метрополитен урлагийн музейн Хувцас загварын хүрээлэнгийн хандивын арга хэмжээнд ирж буй нь.

Model Campbell and Russian businessman Doronin arrive at Metropolitan Museum of Art Costume Institute Benefit in New York
Эпштейн Оросын элит хүрээлэлтэй холбоо тогтоохыг оролдож байсан 2009, 2010 онд загвар өмсөгч Наоми Кэмпбеллтэй үерхэж байсан Оросын үл хөдлөх хөрөнгийн магнат Владислав Доронин түүнтэй цахим шуудангаар харилцаж байжээ. REUTERS/Eric Thayer

Эпштейн металлын салбарын тэрбумтан Олег Дерипаскатай ч холбоо тогтоохыг оролдсон байна. 2010 онд түүний нэг туслах Их Британийн Засгийн газрын танхимын сайд асан Питер Мандельсоны өгсөн холбоо барих мэдээллээр дамжуулан Дерипаскатай уулзалт зохион байгуулахыг хүсжээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон цахим шуудангууд харуулж буй аж.

Гэвч Эпштейн, Дерипаска хоёр үнэхээр уулзсан эсэхийг Reuters тогтоож чадаагүй байна. Эпштейнийг мэддэг хоёр хүний хэлснээр тэрээр хожим Дерипаскатай тогтоосон харилцаагаа бодит байдлаас хэтрүүлэн ярьдаг байжээ. Мандельсоны өмгөөлөгч болон Дерипаскагийн ажлын алба тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

2011 оны есдүгээр сард Эпштейн Орос руу аялж, загварын агент болон шинжлэх ухааны академитай уулзахаар төлөвлөж байжээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэлсэн цахим шуудангууд харуулсан байна. Нэгэн цахим шуудангийн хэлхээнд Эпштейний ажилтан түүний Орос хамгаалагч Игорь Зиновьев санхүүчийг Путинтэй уулзах цаг товлосон гэж хэлсэн тухай дурджээ.

Гэвч цахим шуудангууд болон аяллыг зохион байгуулахад тусалж байсан нэг хүний хэлснээр, уг аялал эцэстээ цуцлагдсан байна. Эпштейнийг мэддэг гурван хүн Путинтэй уулзах уулзалт үнэхээр товлогдсон гэдэгт итгэхгүй байгаагаа хэлжээ. Тухайн явдлыг мэддэг нэгэн хүн “Энэ бол зүгээр л жүжиг байсан” гэж ярьсан байна. Зиновьев тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй аж.

2014 онд Парист байхдаа Эпштейн Оросын албан ёсны хүрээлэл дэх түүний гол холбоо барих хүн болох нэгэн эртэй уулзжээ. Энэ тухай Reuters агентлагийн судалсан ярилцлага, баримт бичгүүдэд дурдсан байна.

Тэр хүн бол Оросын Эдийн засгийн дэд сайд асан, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумыг зохион байгуулагчдын нэг Сергей Беляков байж. Уг форумыг Оросын жил бүрийн Давосын уулзалттай дүйцэхүйц арга хэмжээ гэж үздэг.

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум.

St. Petersburg International Economic Forum
ОХУ-ын Эдийн засгийн дэд сайд асан Сергей Беляков 2014 онд Парист Эпштейнтэй уулзсанаар Оросын албан ёсны хүрээлэл дэх түүний гол холбоо барих хүн болжээ. REUTERS/Anton Vaganov

Дараагийн хэдэн жилд Эпштейн, Беляков хоёр ойр дотно харилцаж байсныг тэдний цахим шуудангууд харуулжээ. 2015 оны дөрөвдүгээр сард Манхэттен дэх таунхаусдаа зохион байгуулсан оройн зоогийн үеэр Эпштейн Беляковыг Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барактай танилцуулсан аж. Үүний дараахан Эпштейн Баракаас өөрийг нь Оросын удирдагчдад танилцуулахад Беляковт нөлөөлж өгөхийг хүссэн байна.

Эпштейн “Би чамайг Беляковт нэг захидал явуулахыг санал болгож байна. Тэр захидалдаа Путин болон түүний зөвлөхүүд шинэ, тэг хүүтэй мөнгөний бодлогын эрин үед зах зээл, валют, санхүүгийн системийн талаар Жеффритэй хэсэг хугацаанд ярилцах нь ашигтай гэж чи үзэж байгаагаа бичээрэй” хэмээн бичжээ.

Энэ хүсэлтийг Барак дамжуулаагүй гэж тухайн асуудлыг мэдэх нэгэн хүн ярьсан байна. Беляков тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй аж.

Эпштейний цахим шуудангийн агуулга: “Би дараа нь Сергейтэй ярьсан. Тэр тусална. Чамайг түүнд нэг захидал бичихийг санал болгож байна. Тэр захидалдаа Путин болон түүний зөвлөхүүд шинэ, тэг хүүтэй мөнгөний бодлогын ертөнцөд зах зээл, валют, санхүүгийн системийн талаар Жеффритэй хэсэг хугацаанд ярилцах нь ашигтай гэж чи бодож байгаагаа бич. Мөн би улс төрийн хүн биш гэдгийг дурд. Тэр зарим асуултад хариулах ёстой. Өнөөдөр ярь”.

The email reads: “I spoke to sergey afterwards. he will help. I suggest you send him a note that states . that you think Putin and his advisors would benefit from spending some time with Jeffrey to discuss markets . currency and the financial system in the new world of zero interest rates. and that I am not political. He has to answer certain questions. speak today”
Жеффри Эпштейнээс Эхуд Баракт 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд илгээсэн цахим шуудан. Эх сурвалж: АНУ-ын Хууль зүйн яамны баримт бичгүүд.

Эпштейн Мандельсон зэрэг зуучлагчдыг ашиглан Путинтэй уулзалт зохион байгуулахыг оролдож байсан ч энэ нь амжилтад хүрээгүй бололтой.

Орост өндөр түвшний холбоо тогтоох гэсэн Эпштейний сүүлчийн оролдлогуудын нэг нь Арабын Нэгдсэн Эмират улсын бизнесмен, олон улсын ложистикийн DP World компанийн олон жилийн дарга Султан Ахмед бин Сулайемээр дамжсан байна.

Эпштейн болон бин Сулайем нарын харилцаа дор хаяж 2005 оноос эхэлсэн болохыг Эпштейний хэргийн баримт бичгүүд харуулж байгаа аж.

Тэр оны нэгдүгээр сард Эпштейний ажлын албанаас бин Сулайемд илгээсэн нэгэн зурваст “Эрхэм Султан, Жеффри өнөөдөр Нью-Йоркт хэдэн цагт иллэг хийлгэхийг хүсэж байгааг тань асууж байна” гэж бичжээ.

Мөн 2005 онд Арабын Нэгдсэн Эмират улсын бизнесмэн Нью-Йорк хотод болсон Victoria’s Secret-ийн загварын шоунд оролцсон байна. Тухайн арга хэмжээний гэрэл зурагт бин Сулайем, Эпштейн хоёр урд эгнээний суудалд зэрэгцэн сууж байгаагаар дүрслэгджээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны Ардчилсан намын гишүүдээс нийтэлсэн Эпштейний хэргийн баримт бичигтэй холбоотой гэрэл зургууд.

Epstein files released by New Epstein images released by House Oversight Committee Democrats
DP World компанийн олон жилийн даргаар ажилласан Арабын Нэгдсэн Эмират улсын бизнесмэн Султан Ахмед бин Сулайем Эпштейнтэй харилцаа холбоотой байсан нь олон нийтэд ил болсны дараа хоёрдугаар сард албан тушаалаасаа огцорчээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны Ардчилсан намын гишүүд / REUTERS-ээр дамжуулсан

2015 оны есдүгээр сард бин Сулайем Путинтэй уулзаж, Оросын боомтуудыг удирдах боломжийн талаар хэлэлцэхээр Орост очсон тухай Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газрын албан ёсны хэвлэлийн мэдээнд дурджээ.

Орос улс 2014 онд Украины Крымын хойгийг өөртөө нэгтгэсний дараа барууны орнуудын улам бүр нэмэгдэж буй хориг арга хэмжээнд өртсөн тул далайн худалдааны шинэ чиглэлүүд нээх сонирхолтой байж.

Бин Сулайем Оростой хэлэлцээ хийж байх үед Эпштейн түүнээс өөрийн туслах Светлана Пожидаевагийн ахад ажил олж өгөхөд туслахыг хүсжээ. “Бид түүнтэй ярилцлага хийнэ” гэж бин Сулайем 2017 оны цахим шууданд хариулсан боловч уг ажил эцэстээ бүтээгүй байна.

Эпштейнтэй харилцаж байсан нь олон нийтэд ил болсны дараа бин Сулайем хоёрдугаар сард DP World компанийн албан тушаалаасаа огцорчээ. Reuters агентлаг энэ нийтлэлийн талаар тайлбар авахаар түүнтэй холбогдоход утсаа тасалсан байна. Түүний туслах тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд DP World компани ч мөн тайлбар өгөөгүй аж.

Эпштейн Оростой ойр дотно харилцаа тогтоох гэж оролдсон ч энэ нь томоохон бизнесийн хэлцэл, эсвэл тус улсад бодит нөлөө бий болгоход хүргээгүй байна. Путин болон Эпштейн хоёуланг нь мэддэг нэгэн хүн тэднийг огт уулзаж байгаагүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ санхүүчийн үлдээсэн нэг зүйл бол түүний хүчирхийлэл, мөлжлөгийн улмаас одоо ч шударга ёс тогтоолгохоор тэмцэж буй орос эмэгтэйчүүдийн урт жагсаалт аж.

Эпштейний Оростой тогтоосон харилцааны өөр нэг ул мөр Нью-Йорк хотод үлджээ. 2002 онд Санкт-Петербургт очсоныхоо дараа тэрээр Нью-Йорк руу буцаж ирсэн бөгөөд гэрэл зургуудаас харахад Манхэттен дэх таунхаусынх нь гол шатны хананууд Санкт-Петербургийн ордонд байдаг “Ягаавтар нил өнгийн өрөө”-тэй төстэй өнгөөр будсан байжээ.

Эх сурвалж: REUTERS