ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотноо эхэлж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, ажлын хөтөлбөрөө эхлүүлнэ. Түүний хуваарьт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийх хэлэлцээ болон Вьетнам, Тайландын удирдагчидтай уулзах уулзалтууд багтжээ.
Мөн Путин АПЕК-ийн бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Москвагийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх байр суурь, Оросын эдийн засгийн ололт амжилт, хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцуулах юм байна. Үүний дараа тэрбээр Шэньжэнь хотод байрлах Москвагийн Улсын их сургууль болон Бээжингийн политехникийн их сургуулийн хамтарсан сургуулиар зочлох аж.
Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүрэлцэн ирсэн орны удирдагчдад зориулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Путин, Ши Жиньпин нар энэ онд тав дахь удаагаа харилцана
Путин, Ши Жиньпин нар Шэньжэнь хотноо энэ онд тав дахь удаагаа харилцаж, дөрөв дэх удаагаа биечлэн уулзах гэж байна. Тэд оны эхээр уламжлалт видео уулзалт хийж, тавдугаар сард Путин Бээжинд албан ёсны айлчлал хийсэн. Түүнчлэн Киргизэд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Энэтхэгт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр харилцжээ.
Хоёр улсын удирдагчид харилцаагаа найрсаг, итгэлцэлд тулгуурласан гэж тодорхойлдог. Путин Орос, Хятадын стратегийн түншлэл, харилцан итгэлцлийн хүрээнд хөгжиж буй харилцаа нь дэлхийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл хэмээн өмнө нь мэдэгдэж байв.
Хятад улс Оросын худалдааны гол түнш бөгөөд хоёр улсын бараа эргэлт сүүлийн жилүүдэд 200 тэрбум ам.доллароос давжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, 2026 онд хоёр улсын худалдааны эргэлт 2024 оны 245 тэрбум ам.долларын дээд үзүүлэлтийг давах боломжтой аж.
Эрчим хүчний салбар хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэвээр байна. Орос улс Хятадын эрчим хүчний гол нийлүүлэгчдийн нэг бөгөөд тус улсын зах зээлд газрын тос, байгалийн хий экспортлогч тэргүүлэх байр суурь эзэлдэг.
Одоогоор Оросын Баруун Сибирийн ордуудаас Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх “Байгалийн хүч-2” төслийн талаар Москва, Бээжин хэлэлцэж буй. ОХУ-ын Шадар сайд Александр Новакын мэдээлснээр, “Газпром” болон Хятадын CNPC компаниуд уг хийн хоолойг барих асуудлаар оны эцэс гэхэд арилжааны тохиролцоонд хүрэхээр найдаж байгаа аж.
АПЕК-ийн бизнесийн уулзалтад Оросын 30 гаруй компани оролцоно
АПЕК-ийн удирдагчдын нэгдсэн хуралдаан пүрэв гарагт болох бол лхагва гарагт төр, засгийн тэргүүнүүд форумын бизнесийн дээд хэмжээний уулзалтад үг хэлнэ.
Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дараа индэрт гарч, дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх Оросын байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ тус улсын эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах аж.
Оросын талаас “Газпром”, “Новатэк”, “Роснефть”, “Лукойл”, “Яндекс”, Wildberries зэрэг үндэсний 30 гаруй томоохон компани бизнесийн уулзалтад оролцохоор болжээ. Мөн барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, бизнес эрхлэгч Илон Маск форумд хүрэлцэн ирэх аж.
Орой нь Ши Жиньпиний нэрэмжит хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдах юм байна. Хүлээн авалтын өмнө оролцогч орны удирдагчид хамтын зураг авахуулж, дараа нь концертын хөтөлбөртэй хүндэтгэлийн зоог барих аж.
Шэньжэнь дэх Орос, Хятадын хамтарсан их сургуульд зочилно
Путины хөтөлбөрт Москвагийн Улсын их сургууль болон Бээжингийн политехникийн их сургуулийн хамтарсан сургуульд зочлох ажил багтжээ. Тус сургууль 2016 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд үндсэн байрных нь зураг төслийг Москва дахь Москвагийн Улсын их сургуулийн төв байрны загвараас санаа авч боловсруулсан байна.
Өдгөө тус сургуульд 60 гаруй үндсэн сургалтын хөтөлбөр хэрэгжиж, 5000 гаруй оюутан суралцаж байгаа аж. Москвагийн Улсын их сургуулийн ректор Виктор Садовничийн мэдээлснээр, хамтарсан сургууль Хятадын тэргүүлэх 100 их сургуулийн эгнээнд багтах түвшинд хүрчээ.
Путин тус сургуульд зочлох үеэрээ үзэсгэлэнтэй танилцаж, оюутнуудад хандан үг хэлэхээр төлөвлөсөн байна. Түүнийг ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова, Боловсрол, шинжлэх ухааны сайд Валерий Фальков болон Хятадын боловсролын салбарын төлөөлөгчид дагалдаж буй аж.
Вьетнам, Тайландын удирдагчидтай уулзана
Путин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Вьетнамын Ерөнхийлөгч То Ламтай тусгайлан уулзах юм байна. Хоёр удирдагчийн өмнөх уулзалт есдүгээр сард Москвад болж, То Лам ОХУ-д төрийн айлчлал хийсэн.
Мөн Тайландын Ерөнхий сайд Анутин Чанвиракунтай уулзахаар төлөвлөжээ. Кремлиэс Орос, Тайландын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг онцгой түвшинд хүрсэн гэж тэмдэглэсэн байна. Юрий Ушаковын мэдээлснээр, өнгөрсөн онд хоёр сая орчим орос жуулчин Тайландад аялжээ.
Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков форумын үеэр Путин бусад орны удирдагчидтай албан бус уулзалт, товч яриа өрнүүлж болзошгүйг мэдэгдсэн байна. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи болон бусад удирдагчтай уулзах боломжийг Кремль үгүйсгээгүй аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI