“Saved by the Bell” цувралаар олны танил болсон жүжигчин Тиффани Тийссен нас ахихын хэрээр түгээмэл тохиолддог нэгэн эрүүл мэндийн асуудалтай нүүр тулжээ. Тэрбээр тун удахгүй түнх солих хагалгаанд орох шаардлагатай болсон тухайгаа илэн далангүй ярьсан байна.

Өдгөө 52 настай Тийфани Тийссен 1989-1993 онд үзэгчдийн хайртай дүрүүдийн нэг болох Bayside ахлах сургуулийн хөгжөөн дэмжигч Келли Каповскийн дүрийг бүтээж, “Saved by the Bell” цувралаар алдаршсан. Үүний дараа тэрбээр богино хугацаанд гарсан “Saved by the Bell: The College Years” цувралд мөн тогложээ.

Хожим “Beverly Hills, 90210” цувралд өсвөр үеийнхний дундах хамгийн дэггүй, асуудалтай охин Валери Мэлоуны дүрийг бүтээж, үзэгчдэд илүү танигдсан билээ.

Өдгөө амжилттай жүжигчин, ээж, бизнес эрхлэгч болсон Тийссен ч бусдын адил нас ахихын нөлөөг мэдэрч эхэлжээ. Харамсалтай нь, ойрын хугацаанд түнх солих мэс засал хийлгэх шаардлагатай болсон байна.

Тийссен “Breaking Bread with Tom Papa” подкастад оролцох үеэрээ “Нас ахихад ийм л зүйл болдог юм байна. Та нар ч бас хүлээж байгаарай. Удахгүй та нарт ч тохиолдоно. Харин би өөр эмчид үзүүлж, хоёр дахь санал авахад өөрийгөө бараг л герман хоньч нохойтой адилхан гэдгээ мэдсэн. Надад түнхний үений дисплази байна” хэмээн ярьжээ.

Тэрбээр мөн “Түнх солих хагалгаа өвдөг болон мөрний үе солих мэс заслаас арай хөнгөн байдаг гэж сонссон” хэмээн нэмж хэлсэн байна. Тийссений түнхний өвдөлт нэлээд хүчтэй болсон тул сүүлийн үед тэрбээр пиклбол тоглох ч боломжгүй болжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Эмч маань үүнийг пиклболтой холбоогүй гэж хэлсэн. Гэхдээ энэ спорт өвдөлтийг минь нэмэгдүүлээгүй гэх баталгаа бас байхгүй. Сүүлийн хэдэн долоо хоногт түнх маань маш их өвдсөн учраас тоглож чадсангүй” хэмээн ярьсныг FOX News мэдээлжээ.

Эх сурвалж: PARADE