Эрчим хүчний сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх, мөн Б.Бат-Эрдэнэ, Р.Дагдан, А.Энхбат нарт холбогдох 318 сая төгрөгийн авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2026.11.20/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдсон.
Гэвч шүүх хуралдааны явцад өмгөөлөгч шинээр нэмэгдсэн, зарим гэрч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй зэрэг шалтгаанаар хуралдааныг 2026 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Прокурорын байгууллагаас дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Н.Тавинбэхт холбогдох хэргийн тухайд
Яллах дүгнэлтэд дурдсанаар түүнийг хэд хэдэн удаагийн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан болон өгсөн гэх хэрэгт буруутгажээ. Тодруулбал:
- 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад байсан албан тушаалтанд нөлөөлж, түүний хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулан, компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан гэх;
- Мөн “ДГС” ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлэх гэрээ байгуулж, есөн сая төгрөгийн санхүүжилт авсан гэх;
- Түүнчлэн “Техникийн комисс томилох тухай” тушаал гарган, ажлыг хүлээн авхуулж, өөрийн хамаарал бүхий “Багануур энерги” ХХК-д давуу байдал бий болгосны хариуд 100 сая төгрөгийн хахууль өгсөн, гэрээнд заасан санхүүжилтийг баталгаажуулсны хариуд 30 сая төгрөгийн хахууль авсан гэх;
- 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа П.Т-г сайдын орон тооны зөвлөхөөр томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 18 сая төгрөгийн хахууль авсан гэх;
- 2023-2024 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Р.Дагдан, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэх;
Мөн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн бусдад үндэслэлгүй цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож, тус компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д 11 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдэд холбогджээ.
Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн тухайд:
Түүнийг 2022 онд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусдад хууль зөрчин удаан жилийн нэмэгдэл олгож, компанид 14 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд дурджээ.
Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэхтэй бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгосноор компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байна.
Р.Дагданд холбогдох хэргийн тухайд:
Түүнийг 2023 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Н.Тавинбэх, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож, тус компанид 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгажээ.
А.Энхбатад холбогдох хэргийн тухайд:
Түүнийг 2023 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгох замаар 25 сая төгрөгийн санхүүжилт гаргасан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
С.МАНДАХ