Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн өндөрлөх шатандаа орж, доод зиндааны түрүү бөхчүүд тодорч эхэллээ.

Өнөөдрийн барилдаанд нэмэлт барилдаан гарахгүй бол санданмэ зиндааны түрүү бөхөөр барууны 29 дүгээрт эрэмбэлэгдсэн Ваканофүжи буюу Т.Бөхчулуун тодрох юм. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд долоон даваа байгуулж, нэг ч уналгүйгээр тэргүүллээ.

Оюутны ёкозүна цол хүртсэнийхээ дараа мэргэжлийн сүмод хөл тавьсан Т.Бөхчулуун макүшита зиндааны 60 дугаар байрнаас барилдааны замналаа эхлүүлж байв. Тэрбээр 2026 оны нэгдүгээр сарын тэмцээнд 6:1, гуравдугаар сарын тэмцээнд 7:0 амжилт үзүүлэн, макүшита зиндаанд түрүүлж байсан.

Гэвч тавдугаар сарын тэмцээний гурав дахь өдөр эгэмний ясаа хугалж, улмаар дараагийн хоёр тэмцээнд дараалан зодоглоогүй.

Бэртлийн улмаас чансаа нь буурч, санданмэ зиндаанд унасан ч энэ удаа эргэн ирж, өрсөлдөгч бүрээ ялсаар долоон даваатай түрүүллээ. Ийнхүү Ваканофүжи Т.Бөхчулуун ирэх нэгдүгээр сарын тэмцээнээс макүшита зиндаанд эргэн барилдахаар болж байна.

Э.ЦЭЦЭН