Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаандаа Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовыг буулган авч, WBC холбооны АНУ-ын супер өдөн жингийн аваргын бүсийг хүртлээ.

Э.Цэндбаатар энэ ялалтаар мэргэжлийн рингэд нэг ч ялагдалгүй 16 дараалан ялав.

АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын "County Coliseum" ордонд энэ сарын 13-ны орой (Монголын цагаар 11 дүгээр сарын 14-ний өглөө) болсон тулаанд хоёр тамирчин супер өдөн жин буюу 58.976 кг (130 паунд)-ын ангилалд WBC холбооны АНУ-ын аваргын бүсийн төлөө өрсөлдсөн.

Нийт 10 раунд үргэлжилсэн тулаанд Э.Цэндбаатар илүүрхэн тоглож, гурван шүүгчийн оноогоор (98-91, 98-91, 99-90) үнэмлэхүй ялжээ. Тэрбээр гурван сарын турш тасралтгүй бэлтгэл хийж, 15 кг хасаж жиндээ орсон байна.

Түүний өрсөлдөгч 31 настай Мухаммадхужа Искандарович Якубов мэргэжлийн рингэд 23 удаа тулаан хийхдээ нэг л ялагдсан. Тулааныхаа 12-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан, солгой өрөлттэй тамирчин юм.

WBC-гийн чансааны долдугаарт жагсаж буй түүний хувьд 7-р ангийн сурагч байхдаа боксын спортод анх хөл тавьжээ.

Өдгөө Лос-Анжелес хотын Wild Card Boxing Club-д Фредди Роучийн удирдлагад бэлтгэлээ базаадаг тэрбээр WBC International, WBA Continental, WBO Youth зэргээс гадна залуучуудын аваргын бүс эзэмшиж байв.