Азийн зэрлэг илжиг болох хулан (Equus hemionus) Монголын зүүн бүсэд дахин ирж, энэ бүс нутагт 65 гаруй жилийн турш байгаагүй тэдний тоо толгой аажмаар нэмэгдэж, тогтворжиж эхэлж буйн тод шинж тэмдэг илэрч байгаа ажээ.
Энэ сард "Oryx" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад, одоо Транс-Монголын төмөр замын (TMR) зүүн талд хулан хэд хэдэн бүлгээр тогтмол ажиглагдах болсон байна. Олон арван жилийн турш төмөр замын дагуух хашаа хулан болон бусад нүүдлийн амьтдын хөдөлгөөнийг хязгаарлаж байв. Харин сүүлийн үед аюулгүй нэвтрэх гарцууд бий болгосноор амьтад энэ саадыг илүү чөлөөтэй даван гарах боломжтой болжээ.
Энэ нутаг дэвсгэр даяар байгаль хоорондын холбоо (чөлөөтэй нүүдэллэх боломжийг)-г хадгалах нь хулангийн хувьд маш чухал. Энэ нь тэдэнд улирлын бэлчээр, усны эх үүсвэрийн хооронд шилжих боломж олгож, Монголын тал хээрийн экосистемийн тогтвортой байдал, уян хатан байдлыг дэмждэг байна.
WCS болон Монголын төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа энэ асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Үүнд:
- төмөр замын зарим хэсэгт түр хугацааны хашаагүй бүс турших
- 2025 оны тавдугаар сард Монгол-Хятадын хилийн ойролцоо төмөр замын дагуу хяналттай “аюулгүй нэвтрэх” бүсийг албан ёсоор байгуулах зэрэг орсон байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд хулан төмөр замыг ялангуяа өвлийн улиралд ч даван гарах боломжтой болж буй нь харагдсан байна. Хяналт судалгаагаар, сүүлийн жилүүдэд нэвтрэлтүүд бүртгэгдэж, улмаар зүүн талд хэдэн зуун хулан дахин илэрчээ. Энэ нь тэд зөвхөн нэвтэрч өнгөрөөд зогсохгүй тухайн бүсэд дахин суурьшиж эхэлж байгааг харуулж буй аж.
WCS-ийн ахлах судлаач, судалгааны тэргүүлэх зохиогч Бүүвэйбаатарын Баярбаатар “Хулан энэ олон жил үргэлжилсэн саадыг даван гарч, хуучин тархсан нутагтаа дахин суурьшиж эхэлснийг баримтжуулсан нь байгаль хамгааллын онцгой том амжилт юм. Энэ нь хуваагдсан ландшафт дахь холбогдлыг сэргээх нь өргөн тархалттай амьтдын популяцийг сэргээх боломжтойг харуулж байна” гэж хэлжээ.
Монголын говийн бүс нь дэлхийн хамгийн том хулангийн популяцийг тэжээдэг бөгөөд ойролцоогоор 91,000 толгой, дэлхийн нийт тоо толгойн 84 хувиас дээш нь энд байдаг. Гэсэн хэдий ч энэ зүйл нь:
- амьдрах орчны хуваагдал
- малтай өрсөлдөх
- хууль бус агнуур
- уур амьсгалын өөрчлөлт
зэрэг аюулд өртсөөр байгаа аж. Хулан бол хамгийн өргөн нутаг дэвсгэрээр нүүдэллэдэг хуурай газрын хөхтөн амьтдын нэг бөгөөд амьдрахын тулд өргөн уудам, тасралтгүй холбогдсон орчин шаардлагатай байдаг.
WCS Монгол дахь суурин захирал Жюстин Шанти Александр “Хулан Зүүн Монголд эргэн ирж байгаа нь аймаг, хил хамгаалалтын байгууллага, төмөр замын удирдлагуудын олон жилийн хамтын ажиллагааны үр дүн юм. Мөн түр хашааны завсруудыг туршиж үзэхэд амьтад галт тэрэгний хөдөлгөөнөөс дайжилгүйгээр аюулгүй нэвтэрч болох нь батлагдсан” гэж хэлжээ.
Цаашид төмөр замын зүүн талд шинэ орон нутгийн тусгай хамгаалалттай газар байгуулах төлөвлөгөө ахицтай байгаа аж. Энэ нь урт хугацаанд хулангийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зорилготой юм байна.
WCS-ийн Төв Азийн бүсийн захирал Жонатан Слагт “Төмөр замаас үүдэлтэй хуваагдлыг шийдэх нь зөвхөн хулангийн сэргэлтэд туслаад зогсохгүй дэд бүтцийн хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн дарамтад орж буй бусад нүүдлийн амьтдын уян хатан байдлыг ч нэмэгдүүлнэ” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: WCS NEWSROOM