Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт энэ сарын 11-ний 19:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.

Урьдчилсан байдлаар, тухайн өдөр хөдөлгөөнд оролцож явсан суудлын автомашин онхолдсоны улмаас 17 настай эмэгтэй “А” газар дээрээ нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г болон 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ аван, эмч нарын хяналтад эмчлүүлж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, осолд өртсөн дээрх иргэд нь тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид бөгөөд хэрэг явдлын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна.

Урьдчилсан байдлаар замын нөхцөл байдал, жолоочийн анхаарал болгоомжгүй байдал болон бусад хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг нарийвчлан шалгаж байгаа аж. Энэхүү ноцтой осол гарсантай холбогдуулан холбогдох байгууллагууд зам тээврийн аюулгүй байдлыг хангах, ялангуяа өсвөр насныхны хөдөлгөөнд оролцох үед хяналт, анхаарлыг сайжруулах шаардлагатайг онцолж байна.