Зургийн тайлбар: 2024 онд Японы ойролцоо ажиглагдсан үл мэдэгдэх нисдэг биетийн зураг.

АНУ-ын Батлан хамгаалах яамны цахим хуудаст НҮБ-тай холбоотой 161 файлыг зураг, PDF баримт болон видео хэлбэрээр олон нийтэд дэлгэлээ.

АНУ-ын Батлан хамгаалах яам тавдугаар сарын 8-ны баасан гарагт нисдэг үл мэдэгдэх үзэгдэл (UAP) болон нисдэг үл мэдэгдэх биетүүд (UFO)-тэй шууд холбоотой файлуудыг нийтэлж эхэлжээ. Үүнтэй холбоотой тусгай хэсгийг Пентагоны албан ёсны сайтад нээсэн байна.

Мөн уг мэдээлэлд, дүрс бичлэг болон материалуудад үзэгдсэн зүйлсийн мөн чанарыг эцэслэн тогтоож чадаагүй тул олон нийт болон мэргэжилтнийг эдгээр өгөгдлийг хамтран судлахыг дэмжиж байгаагаа дурджээ.

Пентагоны төлөөлөгчид энэхүү архивыг бий болгосныг “олон арван байгууллагын уялдаа холбоо шаардсан, хэдэн арван сая баримтыг шалгасан, тэдгээрийн олонх нь зөвхөн цаасан хэлбэрээр хадгалагдаж ирсэн, олон арван жилийг хамарсан түүхэн урьд өмнө байгаагүй санаачилга” хэмээн тодорхойлсон байна.

Үүнтэй холбоотойгоор Батлан хамгаалах яам цаашид шинэ материалуудыг илрүүлж, нууцаас гаргах бүрдээ хэдэн долоо хоног тутам тогтмол нийтэлж байх төлөвлөгөөтэй байгаа аж.

НҮБ-тай холбоотой файлуудыг нийтлэх ажилд Цагаан ордон, Үндэсний тагнуулын газрын удирдлага, Эрчим хүчний яам, Пентагоны Бүх төрлийн аномал үзэгдлийг судлах алба, NASA, Холбооны мөрдөх товчоо (FBI) болон АНУ-ын бусад тагнуулын байгууллагууд оролцож буй юм байна.

Одоогийн байдлаар 161 файл нийтлэгдээд байна

Пентагоны сайтад одоогийн байдлаар Батлан хамгаалах яам, FBI, NASA болон АНУ-ын Төрийн департаментын архиваас авсан нийт 161 файл тавигдсан байна. Эдгээрт гэрэл зураг, PDF баримт, видео бичлэгүүд багтаж байгаа бөгөөд зарим видеог сүүлийн жилүүдэд авсан бол дор хаяж нэг бичлэг нь 2026 оны нэгдүгээр сард хийгджээ.

Гэхдээ аюулгүй байдлын үүднээс бүх материалыг шалгасан хэдий ч зарим аномал үзэгдлийг тайлбарлах шинжилгээг одоог хүртэл бүрэн хийж амжаагүй байгааг тэмдэглэсэн байна.

Трамп 2026 оны хоёрдугаар сард НҮБ-ын файлуудыг нууцаас гаргах үүрэг өгчээ

НҮБ болон үл мэдэгдэх агаарын үзэгдэлтэй холбоотой баримтуудыг нийтлэх ажлыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны хоёрдугаар сард үүрэг болгосны дараа эхлүүлсэн байна. Тэрбээр энэ шийдвэрээ “олон нийтийн асар их сонирхол”-той холбоотой гэж тайлбарлажээ.

Үүнээс өмнөхөн НҮБ-ын асуудал Америкийн нийгэмд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх болсон нь АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн хэлсэн үгтэй холбоотой байсан аж.

Подкаст хөтлөгч Брайан Тайлер Коэний “Харь гаргийнхан үнэхээр байдаг уу?” гэсэн асуултад Обама хошигнон?“Тэд байдаг. Гэхдээ би өөрөө хараагүй. Тэднийг ‘51-р бүс’-д хорьдоггүй. Эсвэл ерөнхийлөгчөөс хүртэл нуугдсан асар том хуйвалдаан байдаг биш юм бол...” хэмээн хариулжээ.

Энэхүү тайлбар нь удалгүй сошиал сүлжээгээр өргөн тархаж, олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг үүсгэсэн байна.

Харин дараа нь Обама өөрөө ерөнхийлөгч байх хугацаандаа хүн төрөлхтөнтэй холбоо тогтоосон харь гаргийн соёл иргэншил оршин байгааг нотлох ямар ч баримт хараагүйгээ мэдэгдсэн байна.

Мөн Пентагон 2022 болон 2024 онуудад ч харь гаргийн оршин тогтнолыг нотлох баримт байхгүй гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: DW