Түр хугацааны гал зогсоох дэглэм дууссанаас хэдхэн цагийн дараа буюу тавдугаар сарын 12-нд шилжих шөнө ОХУ Украин даяар дахин өргөн хүрээг хамарсан довтолгоо эхлүүлжээ. Украины Зэвсэгт хүчний Агаарын хүчнээс мэдээлснээр, Оросын дронууд нийслэл Киев болон Запорожье, Днепр, Харьков, Херсон зэрэг хотуудад цохилт өгсөн байна. Мөн Сумы болон Николаев мужууд халдлагад өртжээ.

АНУ-ын зуучлалаар Орос, Украин талуудын тохиролцсон гурван өдрийн гал зогсоох хэлэлцээр Киевийн цагаар тавдугаар сарын 11-ний шөнө дунд дууссан байна. Гал зогсоох дэглэм тавдугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд хүчин төгөлдөр мөрдөгджээ. Энэ хугацаанд фронтын бүсүүдэд байлдаан тодорхой хэмжээнд намжсан ч хоёр тал биенээ хэлэлцээр зөрчсөн хэмээн буруутгаж, хил орчмын нутаг дэвсгэрт цохилт өгсөн талаар мэдээлсээр байв.

Киев хотод орон сууц эвдэрч, цэцэрлэгт гал гарчээ

Киев хотын Оболонь дүүрэгт дроны хэлтэрхий 16 давхар орон сууцны дээвэр дээр унасны улмаас гал гарсан тухай хотын Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко Telegram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Харин хотын дарга Виталий Кличко “Дроны хэлтэрхий орон сууцны техникийн давхрын дээвэр дээр унаснаар гал гарсан ч аврах албаныхан шуурхай унтраасан. Барилгын дээврийн хэсэг гэмтсэнээс өөр ноцтой сүйрэл гараагүй бөгөөд иргэдээс эмнэлгийн тусламж хүссэн хүн байгаагүй” хэмээн мэдээлжээ.

Мөн Киев мужийн хэд хэдэн суурин Оросын довтолгоонд өртсөн байна. Киев мужийн Цэргийн захиргааны дарга Николай Калашникийн мэдээлснээр, Фастов дүүрэгт хүүхдийн цэцэрлэгийн дээвэр шатаж, ойролцоох дөрвөн давхар орон сууцны цонхууд хагарчээ. Үүнээс гадна хоёр хувийн сууц гэмтсэн ч хүний амь нас эрсдээгүй аж.

Днепропетровск мужид нэг хүн амиа алджээ

Үүний зэрэгцээ Днепропетровск мужид өгсөн Оросын цохилтын улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан талаар мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа мэдэгджээ. Түүний хэлснээр, шөнийн турш тус мужийн таван дүүрэгт 20 гаруй удаагийн халдлага бүртгэгдсэн байна.

Мөн Днепр хотод болсон цохилтын улмаас 33 настай эрэгтэй шархдан, хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Александр Ганжа Telegram хуудастаа “Халдлагын улмаас гал гарч, тээврийн дэд бүтэц тодорхой хэмжээгээр эвдэрсэн” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: DW