Путин Зеленскийтэй гуравдагч улсад уулзахаас татгалзаагүйгээ дахин илэрхийлжээ. Гэхдээ ийм уулзалт болохын тулд “урт хугацааны түүхэн ач холбогдолтой эцсийн тохиролцоонд хүрсэн байх шаардлагатай” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар тавдугаар сарын 9-нд Кремлийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар Орос, Украины албан ёсны хэлэлцээ зогсонги байдалтай байгаа бөгөөд үүнийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын дундуур баталжээ.
Путины мэдээлснээр, Роберт Фицо Москвад түүнтэй уулзах үеэрээ Зеленский дээд түвшний уулзалт хийхэд бэлэн байгаа талаар уламжилжээ. Үүнд Путин “Бид хэзээ ч татгалзаж байгаагүй. Уулзахыг хүсэж байгаа хүн Москвад ирж болно” хэмээн хариулсан байна.
Харин Киевээс Орос болон Беларусийн нутаг дэвсгэрт Путин-Зеленскийн уулзалтыг зохион байгуулах саналыг өмнө нь “бодитой, хэрэгжих боломжтой санал биш” гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байв.
Путин: Украины хэлэлцээнд Шрёдер "хамгийн тохиромжтой төлөөлөгч"
Владимир Путин Европын Холбооноос Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд оролцох төлөөлөгчөөр Германы канцлер асан Герхард Шрёдерийг хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байгаагаа тавдугаар сарын 9-нд Кремлийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Европын Холбоо Украины дайныг зогсоох яриа хэлэлцээнд оролцох боломжийн талаар "Баруун Европын улстөрчдөөс хэнтэй нь яриа хэлэлцээ хийх боломжтой вэ" гэсэн асуултад тэрбээр “Хувь хүнийхээ хувьд хамгийн тохиромжтой нь Германы канцлер асан ноён Шрёдер” хэмээн хариулжээ.
Үүний дараа тэрбээр "ОХУ хэлэлцээнд нээлттэй хэвээр байгаа ч Европын тал 'Оросын эсрэг доромж үг хэрэглэдэггүй' төлөөлөгчөө сонгох ёстой" гэж мэдэгдсэн байна. Мөн Орос улс Европын Холбоотой “үргэлж хүндэтгэлтэй” харилцаж ирснийг онцолжээ.
Гэвч Кремлийн тэргүүн өөрөө Украины дайн эхэлснээс хойш Европын орнууд болон удирдагчдын талаар хурц, доромж өнгө аястай мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан. Тухайлбал, 2025 оны арванхоёрдугаар сард Европын зарим улсыг “гахайн дэгдээхэй” хэмээн нэрлэж байв. Мөн энэ удаагийн уулзалтын үеэр Финландыг НАТО-д элссэн асуудлаар “гарын дохио ч үзүүлж магадгүй, үг ч хэлж магадгүй” хэмээн мэдэгдсэн нь анхаарал татжээ.

Шрёдер - Путины хамгийн ойрын европ холбоотнуудын нэг
Герхард Шрёдер 1998-2005 онд Германы канцлераар ажиллаж байсан. Албан тушаалаасаа буусныхаа дараа Оростой холбоотой томоохон эрчим хүчний төслүүдэд идэвхтэй оролцсон.
Тэрбээр “Хойд урсгал” төслийн оператор компанийн ТУЗ-ийг тэргүүлж, мөн "Rosneft" компанийн захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байв. Германы хэвлэлүүд түүнийг Путины ойрын холбоотон, Германд Оросын ашиг сонирхлыг хамгаалагч хэмээн тодорхойлдог.
Украины дайны үеэр ч Шрёдер Орост ээлтэй байр сууриа хадгалсаар ирсэн. Тухайлбал, 2026 оны нэгдүгээр сард "Berliner Zeitung" сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр Оросыг “чөтгөр” мэт харагдуулж буйг шүүмжилж, Оросын “хямд эрчим хүчний нийлүүлэлт”-ийг сэргээх шаардлагатай гэж мэдэгдэж байжээ.
WSJ: Путин өөрт ашигтай хэлэлцэгчдийг өөрөө сонгодог
The Wall Street Journal сонин 2025 оны арванхоёрдугаар сард нийтэлсэн материалдаа Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын багийн төлөөлөгч Стив Уиткоффыг Украины асуудлаарх хэлэлцэгчээр томилуулахыг хувийн түвшинд дэмжиж байсан талаар мэдээлжээ.
WSJ-ийн мэдээлснээр, Кремль Уиткоффыг “улс төрчөөс илүү бизнесмен” бөгөөд аюулгүй байдлын хатуу протоколыг тэр бүр дагадаггүй гэж үзсэн нь Путинд таалагдсан аж. Улмаар Путин түүнтэй ТТГ-ын ажилтан, дипломатчид, тэр ч байтугай орчуулагчгүйгээр хэд хэдэн удаа уулзалт хийхийг зөвшөөрүүлж чадсан гэж тус сонин онцолсон байна.
Эх сурвалж: DW