Астана болон Улаанбаатар хотын хооронд ирэх зургадугаар сараас эхлэн шууд нислэг үйлдэхээр болжээ. Энэхүү шинэ чиглэлийн нислэгийг "SCAT Airlines" компани хариуцан гүйцэтгэх аж. Энэ нь Монгол, Казахстаны хоорондын агаарын харилцаанд шинэ хуудас нээж буй чухал үйл явдал болж байна.

1997 оноос хойш олон улсын агаарын тээврийн салбарт тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн "SCAT Airlines" бүс нутгийн хэмжээнд өргөн сүлжээтэй агаарын тээвэрлэгчдийн нэг бөгөөд Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг нь хоёр улсын иргэдийн зорчих урсгал, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаанд бодит түлхэц өгөх нь.

Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо "Шинэ чиглэл нээгдэж буй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон зорилтууд бодит ажил хэрэг болж буйн тод илэрхийлэл" хэмээн онцоллоо.

Мөн энэхүү шууд нислэг нь хоёр улсын аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын солилцоог шинэ түвшинд гаргахаас гадна Төв Азийг Зүүн хойд Азитай холбосон стратегийн ач холбогдолтой агаарын гарц болно гэж үзэж байна.

Шууд нислэгийн хуваарь:

Мягмар гарагт:- Астана-Улаанбаатар 23:40 - 06:15

Лхагва гараг: - Улаанбаатар-Астана 07:30 - 09:00

Баасан гараг: - Астана-Улаанбаатар 21:10 - 03:30

Бямба гараг:- Улаанбаатар-Астана 04:30 - 06:00 цагт тогтмол нислэг үйлдэх ажээ.