Зүүн Өмнөд Азийн орнуудын эрх баригчид Ойрхи Дорнод дахь дайнаас үүдэлтэй эрчим хүчний гүнзгий хямралыг даван туулахыг хичээж байгаа энэ үед Европын Холбоо тэднийг Оросоос нефть худалдан авахуулахгүй байх зорилгоор дарамт шахалт үзүүлсээр байгаа аж.
Барууны орнууд олон жилийн турш урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа хэдий ч ОХУ дэлхийн эрчим хүчний зах зээлд голлох нийлүүлэгч хэвээр үлдэж, Саудын Арабын дараа дэлхийн хоёр дахь том нефтийн экспортлогч, харин АНУ-ын дараа хоёр дахь том хийн экспортлогч улсын байр сууриа хадгалсаар байна.
Одоогийн нөхцөлд ОХУ-ын газар зүйн давуу байрлал нь Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал байдлын улмаас Ормузын хоолой саатаж болзошгүй нөхцөлд ч нефть, хийг өөр маршрутаар хүргэх боломж олгож буй.
Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Зүүн Өмнөд Азийн орнуудыг Оросоос нефть худалдан авахаас болгоомжлохыг анхааруулсан нь эдгээр худалдан авалт Украинд явагдаж буй дайныг санхүүжүүлэхэд хувь нэмэр оруулж байна гэж үзэж байгаатай холбоотой аж.
Гэсэн хэдий ч Зүүн Өмнөд Азийн бүс нутагт эрчим хүчний хангамжийн асуудал, хүнсний үйлдвэрлэлийн дарамт зэрэг дотоод сорилтууд хурцдаж байгаа тул зарим улс орнууд геополитикийн холбогдолтой анхааруулгаас илүүтэйгээр найдвартай түлшний нийлүүлэлтийг чухалчлах хандлагатай байна гэж шинжээчид дүгнэж буй юм байна.
Үүний нэг жишээ нь, Индонез болон Филиппин зэрэг орнууд Оросоос нефть импортлох алхмууд хийж эхэлжээ. Индонез энэ онд их хэмжээний импорт хийхээр төлөвлөж, Филиппин анхны ачилтаа хүлээн авсан нь бүс нутгийн эрчим хүчний бодит хэрэгцээ хэр өндөр байгааг харуулж буй юм.
Мөн Тайланд, Вьетнам зэрэг орнууд түлш, түүхий эдийн шинэ эх үүсвэр эрэлхийлж байгаа бөгөөд бүс нутгийн нефтийн импорт эрс буурч, үнэ өссөн нь инфляц нэмэгдэх, хүн амын амьжиргаанд дарамт учруулах шалтгаан болж байна.
Ийм нөхцөлд зарим улс орнууд түлшний үнийн хяналт, татаас, онц байдал зарлах зэрэг арга хэмжээ авч байгаа ч энэ нь улсын төсөвт дарамт үүсгэж, урт хугацаанд тогтвортой шийдэл болж чадахгүй байж болзошгүй гэж шинжээчид анхааруулжээ.
Хямрал зөвхөн нефтийн зах зээлээр хязгаарлагдахгүй, бордооны нийлүүлэлтэд хүртэл нөлөөлж байгаа нь хүнсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж, олон улсын байгууллагуудын анхаарлыг татаж байгаа аж.
Судлаачдын үзэж буйгаар одоогийн нөхцөл байдал өмнөх эрчим хүчний хямралуудаас илүү өргөн цар хүрээтэй, олон салбарыг зэрэг хамарсан онцгой хямрал бөгөөд нөхцөл байдал намжсан ч нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэхэд дор хаяж хагас жил шаардагдаж болзошгүй гэж дүгнэжээ.
Эх сурвалж: DW