E-Mart-ийн хувийн шошгот брэнд болох “No Brand” Монгол болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд хүчтэй байр суурь эзэлж, Солонгосын “өндөр чанар + боломжийн үнэ” хосолсон хэрэглээний соёл дэлхийд амжилттай нутагшиж буйн тод жишээ болж байна. Тус брэнд Монголын хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй болж, борлуулалт нь эрчимтэй өссөн тул Монголд бие даасан төрөлжсөн дэлгүүрийн хэлбэрээр үйл ажиллагаагаа тэлэхээр болжээ.
E-Mart компани саяхан Монголын дотоодын "SKY Hypermarket" ХХК-тай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “No Brand”-ийг Монголын зах зээлд албан ёсоор төрөлжсөн дэлгүүрийн форматаар өргөжүүлэх төлөвлөгөөгөө зарласан байна.
Төлөвлөгөөний хүрээнд энэ онд эхний гурван салбарыг нээх бөгөөд 2028 он гэхэд нийт 15 салбартай болох зорилт тавьжээ. Үүнээс гадна логистикийн нэгдсэн төв байгуулах бөгөөд урт хугацаанд 10 жилийн дотор 50 хүртэлх салбар нээх зорилготой байгаа аж.
Салбарын шинжээчид энэ өргөжилтийг зөвхөн дэлгүүрийн тоо нэмэгдэж буй асуудал гэж харахгүй, харин ч Солонгосын “value retail” буюу чанартай атлаа боломжийн үнэтэй бүтээгдэхүүнд тулгуурласан хэрэглээний загвар гадаад зах зээлд амжилттай нэвтэрч эхэлсний бодит илрэл гэж үзэж буй юм байна.
“No Brand” бүтээгдэхүүнүүд Монгол дахь E-Mart салбаруудад хэдийнэ хүчтэй байр суурь эзэлжээ. Одоогийн байдлаар 800 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж буй бөгөөд зөвхөн өнгөрсөн онд 50 мянган бяслагтай хөнгөн зууш, 100 мянган жигнэмэг борлуулагдсан нь хэрэглэгчдийн эрэлт ямар өндөр байгааг харуулжээ. Ийнхүү өсөлт тогтвортой үргэлжилсний дүнд тус брэндийн жилийн борлуулалт 10 тэрбум воны босго давсан байна.
No Brand-ийн өсөлт зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй, Зүүн Өмнөд Азийн орнуудад ч ижил хандлага ажиглагдаж байгаа аж. Тус брэнд өнгөрсөн онд Лаосын нийслэл Вьентьян хотод анхны дэлгүүрээ нээж, одоогийн байдлаар дөрвөн салбартай болсон бол энэ оны гуравдугаар сард Тайландын Бангкок хотод мөн зах зээлээ тэлжээ.
Орон нутгийн хэрэглэгчид TikTok, Facebook зэрэг сошиал платформоор дамжуулан No Brand-ийн бүтээгдэхүүний талаарх сэтгэгдлээ идэвхтэй хуваалцаж, “Лаост Солонгос брэнд орж ирлээ”, “Солонгос залуусын lifestyle-ийг мэдэрч байгаа мэт” хэмээн эерэгээр үнэлж буй юм байна.
Гадаадын хэрэглэгчдийн хамгийн их онцолж буй зүйл нь “value for money” буюу үнэ цэнтэй хэрэглээ. Тайланд, Филиппин, Лаосын хэрэглэгчид “Солонгосчууд өөрсдөө хэрэглээд, сэтгэл хангалуун байдаг болохоор итгэл төрүүлдэг”, “Үнэ нь хямд хэрнээ чанар нь хүлээлтээс давсан” хэмээн бичиж байгаа аж.
Ялангуяа амттан, шоколад, рамен, желли зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна нүүр будалтын багс зэрэг beauty болон lifestyle ангиллын бараанууд сошиал орчинд өргөн хүрээнд тренд болжээ.
Instagram болон TikTok дээр хэрэглэгчид No Brand-ийн бүтээгдэхүүнийг өөрсдөө туршиж үзэн, “Хямд атлаа чанартай Солонгос хөнгөн зууш” хэмээн танилцуулсан бичлэгүүд тогтмол нийтэлж буй нь тус брэндийн нэр хүндийг улам өсгөж байгаа аж.
Хэрэглэгчдийн хувьд энэ нь зүгээр нэг хямд бүтээгдэхүүн худалдаж авах асуудал биш бөгөөд “Солонгос маягийн үнэ цэнтэй хэрэглээ” буюу K-Value соёлыг мэдэрч буй туршлага болж хувирчээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, солонгос бүтээгдэхүүний минимал хэв маягтай цэвэр дизайн, тогтвортой чанар, боломжийн үнэ гэсэн гурван хүчин зүйл нийлж, хэрэглэгчдийн сонирхлыг хүчтэй татаж буй аж. Үүн дээр K-pop, K-drama зэрэг Халлю давлагааны нөлөө нэмэгдсэнээр Солонгосын хоол хүнс, амьдралын хэв маяг соёлын сонирхол жижиглэн худалдаа (retail)-ны салбар руу шууд шилжиж эхэлжээ.
Ялангуяа Монгол шиг хэрэглээ нь нийслэл хотдоо төвлөрсөн орнуудад “нэг дороос бүх хэрэгцээг хангах Солонгос retail загвар” нь өрсөлдөх томоохон давуу тал болж буйг онцолж байна.
E-Mart-ийн гадаад бизнес хариуцсан захирал Кан Ён Сог “Монгол дахь E-Mart-ийн амжилтаар дамжуулан No Brand-ийн бүтээгдэхүүнүүд Монголын хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд маш сайн нийцэж байгааг бид харлаа. Цаашид орон нутгийн түншүүдтэй хамтран, төрөлжсөн дэлгүүрүүдээ идэвхтэй тэлнэ” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: SEOUL ECONOMIC DAILY