Монгол Улсад сүүлийн жилүүдэд финтек буюу гар утасны аппликейшнээр дамжуулан олгодог зээлийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, иргэдийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг банк бус санхүүгийн байгууллагын цахим платформоор богино хугацааны зээл авч нөхөх хандлага түгээмэл болсон.
Ихэвчлэн 50,000-5,000,000 төгрөгийн хэмжээтэй, 30 хоногийн богино хугацаатай, барьцаагүй зээлүүд зонхилж байгаа нь “шуурхай зээл” гэсэн ойлголт бий болгосон. Гэвч бодит амьдрал дээр орлогын тогтворгүй байдал, санхүүгийн сахилга бат султай нөхцөлд олон иргэн нэг зээлээ нөгөө зээлээр хаах буюу “зээлээс зээл рүү” шилжих мөчлөгт орж буй.
Албан бус болон зах зээлийн мэдээллээс үзэхэд, зарим финтек платформууд хэдэн зуун мянгаас 800,000 гаруй хэрэглэгчтэй болсон нь цахим зээлийн үйлчилгээ өргөн хүрээнд нэвтэрснийг илтгэж байгаа боловч нөгөө талаас ийм төрлийн зээлүүдийн хүү харьцангуй өндөр, эргэн төлөлтийн хугацаа богино байгаагаас шалтгаалан өрхийн нийт өрийн дарамт богино хугацаанд хурдан нэмэгдэх эрсдэлийг бий болгож буй.
Өрхийн орлогын тодорхой хэсэг зөвхөн зээлийн төлбөрт зориулагдах болсон нь санхүүгийн ачааллыг өсгөж, урт хугацаанд өрхийн санхүүгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор мэргэжилтнүүд финтек зээл нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн эерэг талтай ч хэрэглээний хэт их зээл авах, давхар зээлийн эрсдэл, санхүүгийн сахилга батгүй хэрэглээний хэв маягийг дагуулж буйг анхааруулж байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 2026/01 дугаар шийдвэрээр банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэн тогтоосон.
Энэ нь иргэдийн орлогын хэт их хэсэг зээлийн төлбөрт зориулагдахаас сэргийлж, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой бодлогын арга хэмжээ болж байгаа бол зээлийн төрлүүдийн хувьд тухайлбал, ипотек болон хэрэглээний зээл нь хугацаа, эргэн төлөлтийн бүтэц, эрсдэлийн түвшнээрээ ялгаатай.
Урт хугацааны зээл өрхийн санхүүгийн урт хугацааны төлөвлөлтөд нөлөөлдөг бол богино хугацааны зээл сарын орлого зарлагын урсгалд шууд дарамт үзүүлдэг тул банкнууд зээл олгохдоо эх үүсвэрийн хугацааны зөрүү болон зээлдэгчийн орлогын тогтвортой байдалд үндэслэн өөр өөр шалгуур тогтоодог. Иргэдийн хувьд ч зээл авахдаа орлого, зарлага, өрхийн төсвөө уялдуулан тооцох нь чухал юм.
Өр, орлогын харьцаа өндөр байх нь өрхүүдийг эдийн засгийн аливаа гэнэтийн цочролд өртөмтгий болгож, санхүүгийн дархлаа султай болгодог тул орлогын бууралт, ханшийн хэлбэлзэл зэрэг үед зээлийн эргэн төлөлтийн доголдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар банкны салбарын чанаргүй зээлийн багцыг өсгөх сөрөг нөлөөтэй.
Монгол Улсын 2026 оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг нэмэгдүүлэх зорилгоор 900 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй хэдий ч хэрэглээний эрэлтийг огцом өсгөж, инфляцын дарамт үүсгэх, ханш болон төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж буй юм.
Монголбанкнаас банкны салбарын эх үүсвэрийг хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү чиглүүлэх, иргэдийн хэрэглээг зээлээр бус өөрийн орлого, хуримтлалаар санхүүжүүлэх бодлого баримталж байгаа нь хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулахад тодорхой үр нөлөө үзүүлж байгаа билээ.
Гэсэн хэдий ч банкны салбарын хэрэглээний зээлийн үлдэгдлийн 27.8 хувь нь өр, орлогын харьцаа 50 хувиас дээш зээлдэгчдэд хамаарч байгаа нь давхар зээлийн дарамттай шууд холбоотой эрсдэлийг харуулж байна.
Үүний бодит жишээг дундаж орлоготой өрхийн нөхцөл байдлаас харж болно. Жишээлбэл, сарын 2.5 сая төгрөгийн нийт орлоготой дөрвөн ам бүлтэй өрхийг авч үзвэл, ипотекийн зээлд сар бүр 850 мянган төгрөг, автомашины лизингэд 420 мянган төгрөг, цахим хэрэглээний зээлд 350 мянган төгрөг, кредит карт болон бусад зээлийн эргэн төлөлтөд 180 мянган төгрөг төлж байгаа тохиолдолд тухайн өрхийн сарын нийт зээлийн төлбөр 1.8 сая төгрөгт хүрч, өр, орлогын харьцаа 70 гаруй хувьд хүрч байна.
Ийм нөхцөлд өрхийн орлогын үлдсэн хэсгээр хоол хүнс, хүүхдийн боловсрол, эмчилгээ, байрны төлбөр, шатахуун болон өдөр тутмын бусад хэрэглээг санхүүжүүлэх шаардлагатай болж, гэнэтийн зардал гарах үед дахин зээл авахаас өөр сонголтгүй болж байна. Энэ нь эцэстээ өрийг өрөөр нөхөх, хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэх, улмаар сэтгэл зүйн дарамт, гэр бүлийн санхүүгийн тогтворгүй байдал үүсэх шалтгаан болж байгааг эдийн засагчид анхааруулж байгаа юм.
Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны мэдээллээр, өрхийн хэрэглээний зээлийн хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол өссөн дүнтэй, банк бус санхүүгийн байгууллагын тоо 578 хүрсэн нь 3.2 сая хүн амтай Монгол Улсын хувьд өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Харьцуулбал, 3.7 сая хүн амтай Гүрж улсад 53, 3 сая хүн амтай Армен улсад 46 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нь Монголын санхүүгийн зах зээл хэрэглээний зээлд хэт төвлөрсөн байж болзошгүйг харуулж буй юм. Мөн УИХ-ын түвшинд 3.2 сая орчим иргэн банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршооноос зээл авч байгаа талаар дурдсан нь өрхийн санхүүгийн эмзэг байдал нэмэгдэж буйг илтгэх дохио болж байна.
Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанк хамтран зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, давхар зээлийн эрсдэлийг бууруулах зохицуулалт хэрэгжүүлж байна.
Банк бус санхүүгийн байгууллагуудад 55 хувийн өр, орлогын харьцааны дээд хязгаар тогтоосон нь салбар хоорондын эрсдэлийг тэнцвэржүүлэх зорилготой арга хэмжээ болсон. Гэвч зарим санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд олон нийтэд “орлого нотлохгүй”, “өр, орлогын харьцаа харгалзахгүй” гэх агуулгатай зар сурталчилгаа явуулж байгаа нь хэрэглэгчийн төлбөрийн чадварыг харгалзахгүйгээр зээл олгох нөхцөл үүсгэж, өрхийн өрийн дарамт нэмэгдэх эрсдэл бий болгож байгааг анхаарах шаардлагатай юм.
Эдгээр байгууллагууд хэрэглэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, төлбөрийн чадварыг бодитой үнэлэх, зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд үнэн зөв, шуурхай нийлүүлэх үүргээ чанд биелүүлж чадаж гэмээнэ хууль тогтоомж зөрчсөн, хариуцлага тооцох үндэслэл болохгүй билээ.
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар өссөн. Энэ нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж буйг харуулж байгаа ч иргэдийн бодит орлогын өсөлт өрхийн өрийн дарамтыг давах хэмжээнд хүрээгүй хэвээр, эдийн засгийн өсөлтийн үр өгөөж өрхийн санхүүгийн тогтвортой байдалд шууд мэдрэгдэхгүй байгаа нь хэрэглээний зээлийн эрэлт өндөр хэвээр байх нэг шалтгаан болж буй.
Иргэдийн хувьд санхүүгийн сахилга баттай байж, сарын орлогын 30-40 хувиас хэтрэхгүй хэмжээнд зээлийн төлбөрөө төлөвлөх, орлого зарлагаа тогтмол хянах, өндөр хүүтэй зээлийг түрүүлж барагдуулах, шаардлагагүй үед шинэ зээлээс зайлсхийх, “хэрэгцээ” болон “хүсэл”-ийг ялгаж сурах нь өрийн дарамтаас сэргийлэх үндсэн арга юм.
Цаашид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамаарч хэрэглээний зээлийн өсөлт тодорхой хэмжээнд саарах хандлагатай байгаа ч банк бус санхүүгийн байгууллагын өндөр тоо, финтек үйлчилгээний өргөн хэрэглээ нь зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өрийн эрсдэлийг мөн давхар нэмэгдүүлж буй. Иймд бодлогын түвшинд зохицуулалтыг илүү чангатгах, өрсөлдөөнийг оновчтой болгох, зээлийн хүүг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээ шаардлагатай хэвээр байна.
Д.ЭРДЭНЭТУЯА