Зургийн тайлбар: Баруун талаас: Австралийн Хааны Агаарын цэргийн хүчний нислэгийн дэслэгч Алтанцэцэгийн Бүрэнтогтох, Монгол Улсын Зэвсэгт хүчний дэслэгч Цэрэндамбын Пүрэв-Очир, Австралийн Хааны Агаарын цэргийн хүчний инженер, уорент офицер Эндрю Уормингтон
"Central Asia Media"-д мэдээлснээр, Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамны албан ёсны мэдээллээр 2025 оны байдлаар тус улсад Монгол Улсын 22.000 гаруй иргэн сурч, ажиллаж, амьдарч байгаа бөгөөд зарим эх сурвалжид энэ тоог 25.000 орчим гэж дурддаг байна.
Бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа Монгол, Австралийн хамтын ажиллагааны "гүүр" болж яваа А.Бүрэнтогтохын тухай нийтлэлийг онцлон хүргэж байна.
Австрали дахь монголчуудын 60 гаруй хувь Шинэ Өмнөд Уэльс мужид төвлөрдөг, ялангуяа Сидней хотын ойролцоох Медоубанк болон Родос зэрэг бүс нутагт олноор суурьшсан байдаг. Ингэснээр Австрали нь дэлхийд монгол иргэд хамгийн их төвлөрсөн дөрөв дэх улс болж (Өмнөд Солонгос, АНУ, Японы дараа), боловсролын өндөр түвшин болон амьдрах таатай нөхцөл нь монголчуудыг энэ улсыг зорих гол шалтгаануудын нэг болж буйг харуулж байна гэж дүгнэжээ.
Энэ хүрээнд Монгол иргэдийн төлөөлөл болох Алтанцэцэгийн Бүрэнтогтох Австралийн Агаарын цэргийн хүчинд алба хааж буй офицер юм. Түүний талаар MiddleAsianNews мэдээлэхдээ, тэрбээр бага насныхаа нэг хэсгийг Улаанбаатар хотын хөдөлгөөн ихтэй орчинд, нөгөө хэсгийг нүүдэлчин ахуйтай өргөн уудам нутагт өнгөрүүлсэн хэмээн онцолсон байна.

А.Бүрэнтогтох 10 настайдаа Австралид ирж, нисэх инженер болох мөрөөдөлтэйгөөр их сургуульд элсэн орсон ч улмаар улсдаа хувь нэмрээ оруулах, мөн Австралийн амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор Агаарын цэргийн хүчинд элсэж, алба хаахаар шийджээ. Тэр энэ талаар хэлэхдээ “Энэ багийн гишүүдийг бие биенээ илүү сайн ойлгож, соёлын ялгааг даван туулахад нь туслах боломжтой байх нь надад маш чухал” хэмээн онцолсон байна.
Монгол залуу Брисбэн хотод дунд сургууль болон их сургуульд суралцах хугацаандаа гэр бүлийнхэнтэйгээ монгол хэлээр тогтмол харилцаж, хэлний чадвараа хадгалж үлджээ. Улмаар эх хэлээ бүрэн эзэмшсэн хэвээр байсан нь түүнд олон улсын орчинд давуу тал болсон аж.
Австрали дахь монголчуудыг дотноор “Mozzies” гэж нэрлэдэг уламжлалаас үүдэн тэрбээр хэлний мэдлэгээ ашиглан орчуулагчийн үүрэг гүйцэтгэх болжээ. Түүний орчуулгын ажил анх Монголд ирсэн эхний мөчөөс эхэлсэн байна. Учир нь, тухайн үед англи хэл өргөн хэрэглээний түвшинд байгаагүй тул тэрбээр АНУ-ын удирдлагатай хамтарсан сургуулилтын хүрээнд Австралийн Хааны Агаарын цэргийн хүчний инженерүүдийн багийн хамт Монголд иржээ.
Улмаар АНУ болон Монголын Зэвсэгт хүчин, мөн иргэний байгууллагуудтай хамтран орон нутгийн эмнэлгийг сэргээн засварлах ажиллагаанд оролцож, төслийн төлөвлөлтийн шатнаас эхлэн орчуулга хийж, техникийн санаа, хөгжлийн зорилтыг орон нутгийн нөхцөлтэй уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Энэ ажиллагааны үеэр Америк болон Австралийн талууд түүнийг багийн зайлшгүй холбоос, орон нутгийн санал, жижиг өөрчлөлтүүдийг шуурхай дамжуулахад "гавьяа байгуулсан" гэж үнэлжээ.

Зургийн тайлбар: Зүүн гараас: Австралийн Хааны Агаарын цэргийн хүчний (RAAF) инженер бөгөөд орчуулагч, нислэгийн дэслэгч А.Бүрэнтогтох, Монгол Улсын Зэвсэгт хүчний дэслэгч Цэндендамба, RAAF-ийн инженер уорент-офицер Эндрю Уормингтон болон АНУ-ын Номхон далайн Агаарын цэргийн хүчний штаб-сержант Реджиналд Мэдисон нар Архангай аймгийн Цэнхэр сумын олон нийтийн эмнэлгийг сэргээн засварлах ажлын төлөвлөлтийг хэлэлцэж байна.
Австралийн Хааны Агаарын цэргийн хүчний нэгжийн командлагч Уорент офицер Эндрю Уормингтон түүний үүргийг өндрөөр үнэлж, “Бүрэнтогтохын харилцааны чадвар болон эмнэлгийн ажилтнуудтай тогтоосон харилцаа нь орон нутгийн иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, бидний ажлыг илүү үр дүнтэй болгосон” хэмээн хэлсэн байна.
Мөн “Барилгын талбай дээр ихэвчлэн дохио зангаа, хагас дутуу англи хэл, заримдаа хөгжилтэй пантомим ашигладаг байсан ч Бүрнээ эдгээр нь хангалтгүй үед үргэлж орж ирж асуудлыг шийддэг байсан” гэж онцолжээ.
Ийнхүү Австралийн Агаарын цэргийн хүчин болон Монголын талын хамтын ажиллагаа нь зөвхөн техникийн үр дүн гаргаад зогсохгүй харилцан ойлголцол, нөхөрлөл, туршлага солилцоог бий болгож, талууд аюулгүй ажиллагааны стандартын ялгааг ойлгон, даван туулснаар төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

А.Бүрэнтогтох энэ хүмүүнлэгийн ажиллагааг өөрийн цэргийн карьерын оргил үе хэмээн тодорхойлжээ. Тэрбээр “Австралид бид өдөр бүр хэрэглэдэг цэвэр ус, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг энгийн зүйлсийн үнэ цэнийг заримдаа мартдаг.

Монголд хүмүүс хязгаарлагдмал нөөцтэй нөхцөлд амьдарч, өөрсдөдөө бүрэн найдаж сурсан байдаг нь бидэнд хүний хүчин зүйл стратегийн түншлэлийн гол цөм болохыг ойлгуулдаг” хэмээн онцолж, энэ туршлага нь хамтын ажиллагаа, багийн дэмжлэгээр дамжуулан бодит өөрчлөлт хийх боломжтойг дахин баталсан байна.
Эх сурвалж: CENTRAL ASIA MEDIA