Владимир Зеленский 2026 оны тавдугаар сарын 9-нд Москва хотод Ялалтын парад зохион байгуулахыг “зөвшөөрсөн” тухай зарлигт гарын үсэг зуржээ. №374/2026 дугаартай уг баримт бичгийг тавдугаар сарын 8-нд Украины Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна.

Тус зарлигт “2026 оны тавдугаар сарын 8-нд Америкийн талтай хийсэн хэлэлцээний үеэр дэвшүүлсэн хүмүүнлэгийн зорилго болон олон тооны хүсэлтийг харгалзан үзэж, энэхүү шийдвэрийг гаргав” гэж тайлбарлажээ.

Мөн “2026 оны тавдугаар сарын 9-ний Киевийн цагаар өглөөний 10:00 цагаас эхлэн парад үргэлжлэх хугацаанд Улаан талбай орчмын бүсийг Украины зэвсэгт хүчний ажиллагааны төлөвлөгөөнөөс хассугай” хэмээн дурдсан байна. Зарлигт цохилт өгөхийг хориглосон газрын нарийн координатыг ч багтаажээ.

Харин Дмитрий Песков энэ асуудалд тайлбар өгөхдөө “Бидэнд хэн нэгний зөвшөөрөл хэрэггүй. Ялалтын өдрөөр элэг доог хийх, ийм тэнэг хошигнол гаргахыг оролдож буй хүмүүс өөрсдөө асуудалтай байгаа болов уу” гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө Ялалтын баярын парад энэ жил хязгаарлагдмал хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд 2007 оноос хойш анх удаа цэргийн техник оролцохгүй болсон талаар мэдээлсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яам үүнийг “одоогийн ажиллагааны нөхцөл байдал”-тай холбон тайлбарласан бол Песков “Украины террорист аюул занал”-тай холбоотой гэж мэдэгдсэн байна.

Мөн тавдугаар сарын 9-нд Москва болон Сант Петербург хотуудад мобайл интернэтийг түр зогсоохоор болжээ. Түүнчлэн ОХУ-ын зарим бүс нутагт Ялалтын өдрийн арга хэмжээнүүдийг цуцалсан байна. Тухайлбал, Пермь, Нижний Новгород, Саратов зэрэг хотуудад парад болохгүй бөгөөд Белгород, Курск муж зэрэг бүсүүдэд баярын салютыг цуцалжээ.

Зеленскийн энэхүү зарлиг Дональд Трамп Орос, Украин улсууд гурван өдрийн гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэний дараахан нийтлэгдсэн байна. Трампын мэдээлснээр, гал зогсоох дэглэм тавдугаар сарын 9, 10, 11-нд хэрэгжих бөгөөд талууд “1000-ыг 1000-аар” хэлбэртэй хоригдол солилцох талаар тохиролцжээ.

Украин тал түр гал зогсоох болон хоригдол солилцох тохиролцоог баталсан бол Песков гал зогсоох хугацааг сунгах санаачилга Дональд Трампаас гарсан гэж онцолсон байна.

Эх сурвалж: DW