Дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй дартсын спортыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дартс фестиваль” энэ сарын 14-нд эхэлнэ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус фестивальд гадаадын олон шилдэг тамирчин оролцохоор Монголд хүрэлцэн ирээд байгаа юм.
Тэдний дундаас дартсын ертөнцийн домогт тамирчин, Сингапурын алдарт тоглогч Паул Лим олны анхаарлыг хамгийн их татаж байна. PDC, BDO, WDF зэрэг дэлхийн томоохон холбоодын тэмцээнд 40 гаруй жилийн турш өрсөлдөж буй 72 настай түүнийг дартсын спортын түүхэн дэх хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий тамирчдын нэг хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Нас өндөр болсон ч өнөөдрийг хүртэл идэвхтэй тоглож, залуу тамирчдад үлгэр дууриал болсоор байгаа нь түүний онцгой чанар юм. Паул Лим 1980 оноос олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлжээ. 1990 онд BDO World Darts Championship-ийн үеэр дартсын түүхэнд анх удаа “төгс лег” буюу 9 сумны төгс гараа хийж, спортын ертөнцөд түүхэн амжилт тогтоосон байна. Энэхүү амжилт нь дэлхийн аваргын тайзан дээрх анхны 9 сумны лег болж, дартсын спортын хөгжил, шинэ үеийн бэлгэ тэмдэг болжээ.
Мөн тэрбээр олон улсын тэмцээнд АНУ, Сингапур, Хонконг зэрэг улсын нэрийн өмнөөс өрсөлдөж байсан ховор тамирчдын нэг аж. Тэр нэгэн ярилцлагадаа “Нас биш, харин хүсэл тэмүүлэл л хүний хязгаарыг тодорхойлдог” хэмээн онцолжээ Түүний амжилт, тууштай байдал, спортдоо зориулсан сэтгэл дэлхий даяарх сая сая хөгжөөн дэмжигч, залуу тамирчдад урам зориг өгсөөр байгаа аж.
Ийнхүү домогт тамирчин Паул Лим Монгол Улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирж, “Дартс фестиваль”-ийн тайзнаа дахин гарахаар болжээ. Түүний хувьд BDO World Darts Championship-д түүхэн 9 сумны гараа хийсэн амжилтаас гадна 2024 оны WDF Lakeside World Championship-аас мөнгөн медаль хүртэж, PDC Азийн цуврал тэмцээнд хоёр удаа түрүүлсэн зэрэг бахдам амжилтын эзэн юм.

