Шатрын спортын тивийн хэмжээний хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Asian Chess Championship (ААШТ) энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо албан ёсоор эхэлнэ. Азийн шилдэг шатарчдыг нэг дор цуглуулдаг тус тэмцээнийг Монгол Улс анх удаа эх орондоо зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой. Энэ нь Монголын шатрын спортын хөгжилд шинэ түүхэн хуудас нээж буй үйл явдал болж буй юм.
Тэмцээнийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар эх орондоо зохион байгуулахаар болсон бөгөөд 10 хоногийн турш үргэлжлэх ажээ. Энэ удаагийн Азийн аваргад тивийн 26 орны 240 гаруй шилдэг шатарчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Тэдний дунд Орос, Хятад, Энэтхэг, Казахстан зэрэг шатрын хүчирхэг гүрнүүдийн тамирчид багтжээ.
Тодруулбал, нээлттэй ангилалд 143, эмэгтэйчүүдийн ангилалд 101 шатарчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд оюун ухаан, ур чадвараа сорин Азийн аваргын төлөө өрсөлдөх нь. Тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байрт шалгарсан тамирчид, мөн эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн шатарчин FIDE Chess World Cup-т оролцох эрхийн эзэн болох юм.
Монголын шатарчид өмнөх ААШТ-үүдэд амжилттай оролцож ирсэн түүхтэй. Тухайлбал, их мастер Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар хүрэл медаль хүртэж байсан бол олон улсын мастер Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртэж байв. Мөн их мастер Ц.Батчулуун Азийн аваргын шагналт тавдугаар байрт шалгарч байв.
Монгол Улс сүүлийн жилүүдэд олон улсын чанартай шатрын томоохон тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн туршлагатай. Үүнд FIDE Women's Grand Prix, өсвөр үеийн болон залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнүүд, Азийн 3.3 бүсийн тэмцээн, ахмадын болон сурагчдын Азийн аваргууд багтаж буй. Энэ нь Монгол Улс шатрын спортын бүс нутгийн томоохон төв болон хөгжиж буйг илтгэж байна.