Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинтай хийж буй дайн “удалгүй дуусна” гэсэн мэдэгдлийг бодит байдлыг гуйвуулсан, төөрөгдүүлэх шинжтэй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр тавдугаар сарын 11-ний даваа гарагт Киевт хийсэн айлчлалынхаа үеэр хэлэхдээ, хэрэв Путин үнэхээр энэ дайн төгсөхөд ойртсон гэж үзэж байгаа бол “зүгээр л дайнаа зогсоож болно” хэмээн онцолсон байна.
Писториусын хэлснээр, Путин үүнийг хийх боломжтой байсан. Үүнд Оросын цэргийг Украинаас гаргах, эсвэл ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр Украинд хэлэлцээ хийх санал тавих зэрэг алхмууд багтах ёстой гэжээ.
Гэвч Писториус "Бодит байдал дээр Путин үргэлж өөрийн нөхцөлийг тулгаж ирсэн. Энэ төрлийн мэдэгдлүүдээрээ өөрийн сул талыг нуух, анхаарлыг сарниулахыг оролдож байна гэж үзэж байна. Учир нь, одоогийн байдлаар Оросын арми фронтын шугам дээр томоохон амжилт гаргахгүй байна" гэж тэмдэглэжээ.
Писториус "Украинд цэргийн тусламж шаардлагатай" гэж мэдэгдэв
Борис Писториус мөн "Оросын Ерөнхийлөгч Украинд дарамт үзүүлэхийн тулд хуурмаг арга, маневр ашиглаж байгаа тул Украинд өгөх цэргийн дэмжлэгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай" гэж онцолсон байна.
Тэрбээр Украинтай хамтран дрон (нисгэгчгүй төхөөрөмж)-ийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ хамтын ажиллагааны санаачилгуудыг тохиролцсон тухай мэдээлжээ. Улмаар "Энэ нь Киевийг бодит хэлэлцээ эхлэх үед илүү хүчтэй байр суурьтай байлгах зорилготой" гэж тайлбарлажээ.
Мөн тэр "Украин өөрийгөө үр дүнтэй хамгаалах чадвартайг тодорхой харуулах шаардлагатай" гэж хэлсэн байна. Писториус өмнөх хэлэлцээрүүдийн үеэр Путин гэрээг зөрчиж, биелүүлээгүй тохиолдлууд гарч байсныг сануулжээ. Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан тавдугаар сарын 9-нөөс 11-ний гал зогсоох хугацаа ч зөрчигдсөн аж.
Писториус “Энэ дайныг болон энэ аймшгийг зогсоох ёстой хүн нь Путин өөрөө” гэж нэмж хэлсэн байна.
Путин: Украинтай хийх дайн төгсөх шатандаа байна
Москва хотод тавдугаар сарын 9-нд болсон цэргийн парадын дараа Владимир Путин Кремлийн сэтгүүлчидтэй уулзах үеэр Оросын Украинтай хийж буй дайн төгсгөлийн шатандаа орж буй бөгөөд Москва хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр Украинтай дайныг зогсоох хэлэлцээнд Баруун Европын “илүүд үзэх төлөөлөгч” нь Германы хуучин канцлер Герхард Шрёдер байж болох тухай дурдсан байна. Гэвч Герман, Европын Холбоо болон Украины тал энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: DW