Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас улам бүр зайгаа барьж эхэлж байна гэж The New York Times мэдээлжээ.
Тус сонинд "АНУ-Израилийн Ираны эсрэг дайралт эхэлснээс хойш Украинтай холбоотой хэлэлцээ бараг зогсонги байдалд орсон.
Киев илүү удаан үргэлжлэх мөргөлдөөн болон Америкийн дэмжлэг буурахад бэлтгэж эхэлсэн байна. Мөн сүүлийн саруудад Зеленский Вашингтоныг өмнөхөөсөө хавьгүй хатуу шүүмжлэх болсон" гэж онцолжээ.
Сонинд дурдсанаар, Зеленский Ираны асуудлаас болж Америкийн хэлэлцээний төлөөлөгчид “Украинд цаг гаргахгүй байна” хэмээн гомдоллох болсон байна. Түүнчлэн Вашингтон Оросын газрын тосонд тавьсан зарим хоригийг сулруулсан шийдвэрийг мөн шүүмжилжээ.
Зеленскийн зан төлөв өөрчлөгдөж, илүү шулуухан байр суурьтай болсныг нийтлэлийн зохиогчид Украин АНУ-ыг стратегийн түншийн хувьд урьдын адил цөхрөнгөө баран хэрэгтэй гэж үзэхээ больсонтой холбон тайлбарлажээ.
Трампын урьдчилан таамаглахад бэрх гадаад бодлого Зеленскийг улам бүр өөрийн хүч чадалд найдах хэрэгтэйг ойлгуулсан гэсэн байна. Дайны жилүүдэд Украинд батлан хамгаалах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой алхмууд хийгдсэн. Үүнээс гадна Киев бусад улс орноос, ялангуяа Европоос дэмжлэг эрэлхийлж байгаагаа нээлттэй илэрхийлж байгаа аж.
Мөн Киев “Ойрхи Дорнодын орнуудад Ираны дронуудаас хамгаалахад туслах” талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд ийм хэлэлцээрүүд нь аюулгүй байдлын салбарт шинэ түншлэл бий болгоход нөлөөлж магадгүй гэж дурджээ.
Харин бүс нутгийн мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах хэлэлцээний тухайд Украин “Вашингтонгүйгээр боломжгүй” гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа аж. The New York Times сонинд эш татсан Украины нэгэн шинжээч
“АНУ бол энхийн хэлэлцээний хамгийн сайн түнш, эсвэл зуучлагч биш гэж хэлж болно. Гэхдээ одоогийн байдлаар Трампын засаг захиргаа бол хэлэлцээний үйл явц дахь цорын ганц бодит бөгөөд хамгийн нөлөө бүхий зуучлагч. Энэ утгаараа бидэнд өөр сонголт байхгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: TASS, KTV