Монгол Улсын 2027 оны бодлогын хэлэлцүүлэгт хоёр чухал асуудал зэрэгцэн тавигдлаа. Нэг талд Монголбанкны санхүүгийн бие даасан байдлыг сэргээх, мөнгөний бодлогыг үндсэн чиг үүрэгт нь төвлөрүүлэх шаардлага тулгарч буй.
Нөгөө талд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг иргэдийн бодит хэрэгцээ, хотын тулгамдсан асуудалд нийцүүлэхийг зорьж байгаа аж. Эдгээр шийдвэрийн цаана төсвийн сахилга бат, төрийн мөнгөний зарцуулалтын үр ашиг, олон нийтийн оролцооны асуудал хөндөгдөж буй юм.
Монголбанкны алдагдал: Өнгөрсөн хөтөлбөрүүдийн төлбөрийг одоо төлөх үү?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний хуралдаанаараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 81.8 хувийн дэмжлэгээр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Монголбанкны танилцуулсан тоон мэдээлэл энэ удаагийн хэлэлцүүлгийн анхаарлын төвд байлаа. Тодруулбал, Монголбанк 2012-2025 онд нийт 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болж, өөрийн хөрөнгийн дутагдал нь 4.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнд сүүлийн 14 жилийн хугацаанд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах болон бусад төсвийн шинжтэй хөтөлбөрт нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон нь голлон нөлөөлжээ.
Монголбанк үндсэндээ үнийн тогтвортой байдлыг хангах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг дэмжих чиг үүрэгтэй байгууллага.
Харин ипотекийн зээл, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зэрэг нь төрийн төсөв, нийгэм, эдийн засгийн бодлоготой илүү шууд холбоотой. Ийм хөтөлбөрүүдийг төв банкаар дамжуулан хэрэгжүүлэх нь богино хугацаанд иргэд, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлж болох ч урт хугацаандаа төв банкны балансад эрсдэл хуримтлуулах, мөнгөний бодлогын үндсэн зорилгыг бүдгэрүүлэх сөрөг талтай.
Тиймээс 2027 оны үндсэн чиглэлийн төсөлд Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай нөхөхөөр тусгажээ. Үүний тулд Засгийн газар жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний дунд болон урт хугацаат тусгай үнэт цаас гаргаж, Монголбанкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ нь нэг удаагийн санхүүгийн арга хэмжээ төдий бус, өмнө нь төв банкаар дамжуулан хэрэгжүүлж ирсэн төсвийн шинжтэй үйл ажиллагааны хариуцлагыг төсөвт буцаан төвлөрүүлэх бодлогын өөрчлөлт болох нь.
Гэхдээ энэ шийдвэрийн нөгөө талд төсөвт ирэх ачаалал бий. Тусгай үнэт цаас гаргах нь Монголбанкны балансын үзүүлэлтийг сайжруулахын зэрэгцээ Засгийн газрын өрийн удирдлага, ирээдүйн төсвийн төлбөрт нөлөөлнө. Иймээс үнэт цаасны хугацаа, хүү, эргэн төлөлтийн нөхцөл, төсөвт үүсэх дарамтыг хэрхэн зохицуулах нь шийдвэрийн үр дүнг тодорхойлох чухал хүчин зүйл юм.
Валютын зах зээлд төрийн оролцоог багасгана
Мөнгөний бодлогын шинэчлэлийн өөр нэг гол чиглэл нь валютын зах зээл дэх Монголбанкны оролцоог үе шаттай бууруулах явдал. Одоогийн зохицуулалтаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд экспортын валютын орлогоо Монголбанканд бүрэн худалдах үүрэгтэй.
Харин шинэ чиглэлээр энэ зохицуулалтаас аажмаар татгалзаж, валютын орлогыг дотоодын зах зээлд ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар нийлүүлэх механизмыг бүрдүүлэхээр тусгажээ. Энэ нь валютын ханшийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд илүү тулгуурлан тогтоох, валютын арилжааны ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Гэвч шилжилтийн явцад валютын нийлүүлэлтийн хэлбэлзэл, ханшийн богино хугацааны дарамт үүсэх эрсдэлийг тооцох шаардлагатайг шинжээчид өгүүлж буй. Тиймээс гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг хангах, ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримтлах нь шинэ бодлогын чухал хэсэг байх нь.
2027 оны үндсэн чиглэлийн төсөл үүгээр хязгаарлагдахгүй. Инфляцыг дунд хугацаанд таван хувь орчимд тогтворжуулах, банкны салбарын хяналт шалгалтыг технологид суурилуулах, зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах, цахим залилангаас сэргийлэх, ногоон зээлийг нэмэгдүүлэх зэрэг нийт хоёр бүлэг, 17 арга хэмжээг тусгажээ. Тухайлбал, 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2027 оны мөнгөний бодлого зөвхөн инфляц, валютын ханшийн асуудлаар хязгаарлагдахгүй. Төв банкны институцийн шинэчлэл, банкны салбарын эрсдэл даах чадвар, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг өргөн хүрээг хамарч буй аж.
Нийслэлийн төсөв: 174 мянган иргэний санал, 132 хөрөнгө оруулалтын төсөл
Төв банкны санхүүгийн сахилга, бодлогын шинэчлэл яригдаж буй энэ үед нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал мөн анхаарал татаж байна. “Нийслэлийн төсөв-2027” нээлттэй хэлэлцүүлэгт есөн дүүргийн иргэдийн төлөөлөл оролцож, авто замын шинэчлэл, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, нийтийн тээвэр, хот тохижилт зэрэг өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг асуудлаар саналаа илэрхийлжээ.
Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтын төсөлд цахимаар санал авахад нийт 174 мянга 876 иргэн оролцсон байна. Ирүүлсэн саналыг чиглэлээр нь ангилвал:
-
Хот тохижилт, байгаль орчны чиглэлээр 96 мянга гаруй;
-
Хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр 46 мянга гаруй;
-
Нийгмийн салбарт 32 мянга гаруй санал тус тус иржээ.
Эдгээр тоо нь нийслэлийн иргэдийн хувьд зам, дэд бүтэц, орчны тохижилт, нийгмийн үйлчилгээ хамгийн их анхаарал татсан асуудал хэвээр буйг харуулж байна.
Мөн нийслэлийн харъяа 45 байгууллагаас нийт 661 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал ирүүлснийг хоёр үе шаттай эрэмбэлж, 132 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгахаар сонгожээ. Сонгогдсон төслүүд хот байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэр, авто зам, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, хот тохижилт, байгаль орчны салбарыг хамарч байгаа аж.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь зөвхөн байгууллагуудын ирүүлсэн саналыг жагсаах бус, иргэдийн хэрэгцээ шаардлагыг төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэд тусгахыг зорьж буй явдал. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт аль нэг байгууллагын санал, төлөвлөлтөөр дангаар шийдэгдэхээс илүү олон нийтийн оролцоо, бодит хэрэгцээнд тулгуурлах чиглэлд шилжих боломж бүрдэх нь.
Түгжрэл бол иргэдийн хамгийн түрүүнд шийдүүлэхийг хүссэн асуудал
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 2000 гаруй иргэнийг хамруулсан судалгаагаар оролцогчдын 78 хувь нь авто замын түгжрэлийг Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал гэж нэрлэжээ. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах асуудал иргэдийн хувьд зөвхөн зорчих хугацаатай холбоотой бус, ажил, амьдралын бүтээмж, агаарын чанар, хотын үйлчилгээний хүртээмжтэй шууд холбогдож байгааг харуулж буй юм.
Түгжрэлийг бууруулах хүрээнд хороолол доторх замын орц, гарцыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дугуйн хөдөлгөөний нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлыг төлөвлөж буйг нийслэлийн удирдлагууд танилцуулсан. Мөн трамвай болон их багтаамжийн тээврийн шийдлүүдийг иргэдэд танилцуулж, хотын тээврийн системийг олон төрөлд тулгуурлан хөгжүүлэхээр зорьж буйгаа мэдээлсэн билээ.
Түгжрэлийг зөвхөн зам өргөтгөх, шинэ зам тавих замаар шийдэх боломжгүй. Нийтийн тээврийн хурд, хүртээмж, чиглэлийн оновчлол, авто зогсоолын зохион байгуулалт, сургууль, цэцэрлэгийн байршил, хотын төвлөрлийг сааруулах бодлого зэрэг олон хүчин зүйл хоорондоо уялдах шаардлагатай.
Тиймээс иргэдийн саналд тулгуурлан сонгосон төслүүдийн бодит үр дүнг зөвхөн барьсан зам, ашиглалтад оруулсан байгууламжийн тоогоор бус, түгжрэл, зорчих хугацаа, үйлчилгээний хүртээмжид гарсан өөрчлөлтөөр хэмжих нь чухал билээ.
Хоёр өөр төсөв, нэг ижил шаардлага: Мөнгөний зарцуулалтад хариуцлага хэрэгтэй
Монголбанкны санхүүгийн алдагдлыг нөхөх асуудал болон нийслэлийн хөрөнгө оруулалтыг иргэдийн саналаар эрэмбэлэх үйл явц нь агуулгын хувьд өөр боловч нэг нийтлэг асуултад хүргэж буй. Төрийн мөнгө хаанаас бүрдэж, юунд зарцуулагдаж, ямар үр дүн авчирч байгааг хэн, хэрхэн хариуцах вэ?
Монголбанкны хувьд өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийн санхүүгийн үр дагаврыг ил тод болгож, цаашид төв банкны үндсэн чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагааг хязгаарлах шаардлага тавигдаж буй. Харин нийслэлийн хувьд олон нийтийн саналыг төсвийн төлөвлөлтөд тусгахын зэрэгцээ сонгогдсон төслүүдийг бодитоор хэрэгжүүлж, үр ашгийг нь хэмжих сорилт тулгарчээ.
Иргэдээс 174 мянга гаруй санал авсан нь өөрөө чухал үзүүлэлт. Гэхдээ иргэдийн саналыг цуглуулах нь ажлын эхлэл болохоос эцсийн үр дүн биш. Аль санал нь төсөвт багтсан, ямар шалтгаанаар зарим төсөл хасагдсан, сонгогдсон 132 төслийн хэд нь хэзээ хэрэгжих, санхүүжилт нь хэрхэн зарцуулагдах талаар нээлттэй мэдээлэх нь олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх юм.
Үүнтэй адил Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөх шийдвэр ч зөвхөн үнэт цаас гаргаад дуусах асуудал биш. Өмнөх алдагдлын шалтгааныг бодитоор дүгнэж, цаашид төв банкны үндсэн чиг үүргээс гадуурх санхүүжилтийг хязгаарлаж чадах эсэх нь шинэчлэлийн амжилтыг тодорхойлно.
2027 оны бодлогын хэлэлцүүлгүүд ийн төрийн санхүүгийн удирдлагад шинэ шаардлага тавьж байна. Төв банк санхүүгийн бие даасан байдлаа бэхжүүлэх, нийслэл иргэдийн хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалт хийх, харин төсөв бүрийн зарцуулалт бодит үр дүнгээр хэмжигдэх учиртай. Эцсийн дүндээ эдгээр шийдвэрийн үр нөлөө тайлан, тогтоолын тоогоор бус, иргэдийн амьдралд гарсан өөрчлөлтөөр үнэлэгдэх юм.
Э.ЦЭЦЭН