Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, унаачийн насыг 14-өөс дээш байхаар тогтоох агуулгатай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Гэвч хүүхдийн эрх, аюулгүй байдал болон үндэсний өв соёлыг хадгалах асуудлаар гишүүд эсрэг байр суурь илэрхийлж, санал хураалтын өмнө УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хэлэлцүүлэг түр хойшилсон юм.
УИХ-ын 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар зарим хууль, тогтоолын төслийн санал хураалтыг түр хойшлуулж, эхлээд “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн уг хуулийн төслийг 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлжээ. Төсөлд хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр эсвэл түүнээс өмнөх хугацаанд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, уралдаан болох товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгасан байна.
Хаврын уралдааныг хуулийн хүрээнд зохион байгуулах санал гаргажээ
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр танилцуулахдаа, Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон зохицуулалт хэрэгжиж ирснийг дурдав.
Гэвч уг хоригийн улмаас хаврын морин уралдаан ил, далд хэлбэрээр зохион байгуулагдах болсон гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж. Тодруулбал, 21 аймаг, 330 суманд нууцаар зохион байгуулагдаж буй уралдаанууд зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын хувцас хэрэгслийн шаардлага хангахгүй, хяналтгүй нөхцөлд явагдаж байгааг танилцуулгад онцолсон байна.
Үүний улмаас унаач хүүхдүүд хүйтэнд осгох, хөлдөх, мориноос унаж гэмтэх зэрэг эрсдэл нэмэгдэж байгаа талаар хүний эрхийн болон төрийн бус байгууллагууд удаа дараа асуудал хөндөж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тавьж ирснийг мөн дурджээ.
Иймд хаврын морин уралдааныг бүрэн хориглох бус, тодорхой шаардлага, хяналт, хамгаалалтын тогтолцоотойгоор зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэж У.Отгонбаяр тайлбарлав.
Унаачийн насыг 14-өөс дээш байхаар тогтоож, хамгаалалт, даатгал шаардана
Хуулийн төсөлд хаврын хурдан морины уралдаанд оролцох унаачийн насыг 14 болон түүнээс дээш байхаар тусгажээ. Мөн уралдааны замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, унаачийг осол гэмтлээс хамгаалах хувцас, хэрэглэлтэй оролцуулах зэрэг шаардлагыг тусгасан байна. Тухайлбал:
- Унаач нь салхи, ус, цас нэвтрүүлэхгүй, дулаан хадгалах, сэрүүний улиралд тохирсон хамгаалалтын хувцас хэрэглэлтэй байх;
- Унаачийг заавал даатгалд хамруулах;
- Уяач нь унаач болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах;
- Хаврын уралдааны зам дагуу хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг өртөөчлөн байрлуулах;
- Уралдааны үеэр аюулгүй байдал, хэв журмыг сахиулах бэлтгэлийг хангах;
- Уралдааны зориулалтын зам, зурвасыг тусгайлан засаж, шаардлагатай аюулгүй байдлыг бүрдүүлэх.
Түүнчлэн хаврын уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг оролцуулахаар тусгасан бөгөөд азарга, соёолон насны морьдыг 16-17 км, их насны морьдыг 18-19 км зайд уралдуулахаар тооцжээ.
Хууль батлагдсанаар унаачийн насны доод хязгаар, хамгаалалтын хувцас хэрэглэл, даатгал, гэрээний харилцаа болон эмнэлгийн тусламжийн зохицуулалт бий болж, хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэлийг бууруулна гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн үндэсний өв соёлыг хадгалан хамгаалах, морь унах ур чадвартай хүмүүст ажлын байр бий болгох боломжтой гэж тайлбарлажээ.
“Насны доод хязгаарыг 14 болголоо гээд эрсдэл арилахгүй”
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн байр суурь нэлээд зөрүүтэй байв.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц унаач хүүхдийн насны доод хязгаарыг 14 болгон нэмэгдүүлсэн ч амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл хэвээр үлдэнэ хэмээн шүүмжилж, хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хурдан морины уралдаанд адууг сэрвээний өндрөөр хэмжих асуудал болон хөрөнгө чинээтэй хүмүүсийн морь уралдах боломж давуу болж, бусад нь хасагддаг гэх шүүмжлэлийг хөндлөө. Тэрбээр наадам бүрээр маргаан, зодоон үүсдэг асуудлыг хэрхэн зохицуулах, хүүхдээр морь унуулах насны хязгаарыг хуулиар тогтоох нь зөв эсэхийг тодруулсан юм.
Хууль санаачлагчдыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Ганзориг хариулахдаа, бага насны хүүхдээр морь унуулахыг хориглосноор уралдаан нууц хэлбэрт шилжсэн нь үнэн гэв. Харин адууны сэрвээний өндрийг хэмжих асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй гэж тайлбарлажээ.
Хүүхдийн эрх ба үндэсний өв соёлын асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв
УИХ-ын гишүүн О.Номинчимэг хүүхдийн эрхийн асуудлыг хөндөх бүрд буруутгах хандлага давамгайлж байгааг шүүмжилж, хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг сулруулан, зугаа цэнгэлийг дэмжих чиглэлд шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн О.Саранчулуун нууцаар уралдаан зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой байтал ийм үйл ажиллагааг дэмжих зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлснийг шүүмжилжээ.
Харин хууль санаачлагчдыг төлөөлсөн УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар монголчууд эртнээс мал ахуйгаа адгуулан маллаж, үндэсний ондоошлоо хамгаалж ирсэн уламжлалтайг онцолсон байна. Түүний хэлснээр, өв соёлоо орчин цагийн нөхцөлд нийцүүлэн авч явахын тулд хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай аж.
УИХ-ын гишүүн Р.Батболд мөн үндэсний өв, уламжлалыг хадгалан хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэжээ. Тэрбээр хурдан морины уралдаан нь залуусыг хөдөө орон нутагт татах сонирхол, шалтгаануудын нэг бөгөөд төрөөс бодлогоор дэмжсэнээр орон нутагт амьдрах иргэдийн тоог нэмэгдүүлэх, таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд хувь нэмэртэй гэж үзсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Дэлхийн хүүхдийн өдөр тохиож буй энэ өдөр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн гэрээ, амлалтаасаа ухарч, хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргах гэж байна хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр хүний эрхийн үндэсний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл олон жилийн турш тэмцэж байж бий болгосон хамгаалалтын зохицуулалтыг өөрчлөхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Харин УИХ-ын гишүүн П.Ганзориг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, 100 мянган уяачийн хүсэл, сонирхлыг тусгасан төсөл гэдгийг онцолжээ.
МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн дараа санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Засгийн газраас уг хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурь бүхий санал ирүүлснийг дурджээ. Тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд байр сууриа илэрхийлсэн Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлээд, Үндсэн хууль зөрчсөн асуудалд оролцохгүй гэсэн үндэслэлээр ирцээс хасаж өгөхийг хүссэн байна.
Улмаар УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар тав хоногийн завсарлага авснаар санал хураалт хойшилж, чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөжээ.
Ингэснээр хаврын хурдан морины уралдааныг хуулиар зохицуулах эсэх асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй үлдлээ. Хуулийн төслийн цаашдын хэлэлцүүлэгт хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлага болон үндэсний уламжлал, өв соёлыг хадгалах асуудлын аль алиныг хэрхэн уялдуулах нь гол маргаан хэвээр байна.
Чуулганы бусад шийдвэр
Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн санал хураалтыг мөн явуулав.
- 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж, баталсан.
- Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл: Үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн 57.1 хувь дэмжиж, хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хамт анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
- Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл: Хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн 53.3 хувь дэмжсэн.
- Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 58.9 хувь дэмжиж, хамт өргөн мэдүүлсэн 12 хууль, тогтоолын төслийн хамт анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
С.МАНДАХ