Өнгөрч буй долоо хоног Монголын улс төр нам гүм байсангүй. Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатартай холбоотой Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийн асуудал дахин сөхөгдөж, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд оров.

Шатахууны хомсдол иргэдийн бухимдлыг үргэлжлүүлэн өдөөж, Ерөнхий сайд Н.Учралын иргэдтэй уулзах үеэр өгсөн хариулт ч багагүй шүүмжлэл дагууллаа.

Улс төрийн тайзны нөгөө талд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарын хооронд “Бодь-110” хэмээн олонд танигдсан 110 сая ам.долларын асуудлаарх маргаан цахим орчинд ил тод өрнөж, талууд бие бие рүүгээ хүндхэн үг чулуудсан нь долоо хоногийн улс төрийн халуун сэдвүүдийн нэг байв.

Энэ бүхний хажуугаар УИХ 2027 оны улсын төсвийг баталж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн бол хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн өргөдөл 100 мянган хүний дэмжлэгийн босгыг давсан нь анхаарал татсан үйл явдал болов.

Ийнхүү улстөрчдийн маргаан, авлигын асуудал, шатахууны хомсдол, төсвийн бодлого гээд Монголын нийгмийн өмнө тулгамдсан олон асуудал нэгэн долоо хоногт давхцлаа.

Х.НЯМБААТАРЫН 500 ТЭРБУМЫН ХЭРЭГ: 339 ТЭРБУМЫГ ЦАРЦААЖ, ИНТЕРПОЛД ХАНДЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын нэр холбогдсон Туулын хурдны замын төслийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийн асуудал өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол сэдвүүдийн нэг байв.

Төслийн санхүүжилт, мөнгөний зарцуулалт, шийдвэр гаргалтын хууль ёсны байдалтай холбоотой асуудал дахин сөхөгдөж, Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Арваннэгдүгээр сарын 9-нд болсон мэдээллийн үеэр ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн Туулын хурдны замын гүйцэтгэгч компанид олгосон 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилттэй холбоотойгоор тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг 2026 оны есдүгээр сарын 25-нд яллагдагчаар татсан талаар мэдээлэв.

Түүнийг урьдчилгаа төлбөр олгохдоо худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа бөгөөд санхүүжилтийн баталгааг хуульд заасан эрх бүхий этгээдээр гаргуулаагүй, мөн санхүүжилтийн эрхийг тухайн үеийн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайд шилжүүлсэн асуудлыг мөрдөн шалгаж байгаа аж.

Энэ хэргийн хүрээнд олны анхаарлыг хамгийн их татсан мэдээлэл нь 500 тэрбум төгрөгийн 339 тэрбумыг царцаасан явдал байлаа. Тодруулбал, гүйцэтгэгч компани болон арилжааны 14 банканд байршиж байсан нийт 339 тэрбум төгрөгийн шилжилт, зарцуулалтад хязгаарлалт тогтоож, уг хөрөнгийг хуулийн хамгаалалтад авсан байна.

Харин үлдсэн 161 тэрбум төгрөгийн зарцуулалт, төслийн ажилд бодитоор ашигласан эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлэв.

Мөн уг хэрэгт Х.Нямбаатараас гадна холбогдох таван албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцуулах, байршлыг нь тогтоох зорилгоор олон улсын цагдаагийн байгууллагад хандсан байна.

Энэ нь Туулын хурдны замын асуудал зөвхөн нийслэлийн хэмжээний төсөл, санхүүжилтийн маргаанаас хальж, хууль хяналтын байгууллагын анхааралд орсон томоохон хэрэг болсныг харуулав.

Х.Нямбаатарын хувьд өмнө нь цахим хуудсаараа дамжуулан Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийг өөрөө аваагүй, уг мөнгө Авлигатай тэмцэх газрын хяналтад байгаа хэмээн тайлбарлаж, өөрийг нь улс төрийн зорилгоор буруутгаж байна гэсэн байр суурь илэрхийлж байв.

Тэрбээр төслийг хэрэгжүүлсэн тохиолдолд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах боломжтой байсныг ч онцолсон. Гэвч энэ удаагийн шалгалтын мэдээлэл төслийн урьдчилгаа санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн, ямар баталгаанд үндэслэн мөнгө шилжүүлсэн, нийт хөрөнгийн хэд нь бодитоор бүтээн байгуулалтад зарцуулагдсан зэрэг олон асуултыг дахин хөндөв.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Б.ЭНХБАЯР НАРЫН “БОДЬ-110” МАРГААН СОШИАЛААР ШУУГИВ

Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хамгийн анхаарал татсан үйл явдлын нэг нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарын хооронд өрнөсөн цахим маргаан байлаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 110 сая ам.долларын санхүүжилтийн асуудал дахин сөхөгдөж, хоёр улстөрч цахим хуудсаараа дамжуулан бие биеэ шүүмжилсэн нь олон нийтийн анхаарлыг татав.

Маргааны гол цөм болсон 110 сая ам.долларын асуудлаар арваннэгдүгээр сарын 12-нд Б.Энхбаяр хэвлэлд мэдээлэл өгөхдөө тухайн үеийн шийдвэрүүд болон санхүүжилттэй холбоотой баримтуудыг танилцуулжээ. Тэрбээр 2019 оны есдүгээр сарын 9-ний “Эрдэнэс Тавантолгой” компанийн 47 дугаар тогтоол болон төмөр замын бүтээн байгуулалтад санхүүжилт олгох шийдвэрүүдийг дэлгэж, уг мөнгөний шилжүүлэг ямар үндэслэлээр хийгдсэн талаар тайлбарласан байна.

Түүний мэдээлснээр, 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг тухайн үед Тавантолгой төмөр зам компанид шилжүүлэх шийдвэр гаргаж, төмөр замын бүтээн байгуулалтад ашиглахаар төлөвлөжээ.

Мөн Авлигатай тэмцэх газраас өмнө нь өгсөн мэдээлэлд “Бодь интернэшнл” компанийн 2020-2025 оны санхүүгийн баримт болон олон улсын аудитын байгууллагуудын дүгнэлтийг шалгахад 110 сая ам.долларыг бэлнээр зарлагадсан гүйлгээ одоогоор тогтоогдоогүй гэж дурдсан байдаг.

Гэсэн хэдий ч уг мөнгөний шилжүүлэг, зарцуулалт, гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудал бүрэн тайлагдаагүй хэвээр байгаа бөгөөд яг ямар шийдвэрээр, ямар нөхцөлөөр, хэрхэн зарцуулагдсан талаарх асуултууд олон нийтийн дунд хариулт нэхсээр байна.

Б.Энхбаярын мэдээллийн дараа Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан түүнд хандан хурц шүүмжлэл өрнүүлэв. Тэрбээр “Бодь-110” асуудлаар өөрийнх нь эсрэг байр суурь илэрхийлж буй Б.Энхбаярыг буруутгаж, уг асуудалд түүнийг өөрийг нь ч холбогдолтой байж болзошгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Мөн 110 сая ам.долларын мөнгөн урсгалтай холбоотой баримтууд байгаа талаар мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт өгсөн материалаа УИХ-ын түвшинд нээлттэй хэлэлцүүлэх, холбогдох гэрчүүдийг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаарджээ.

Харин Б.Энхбаяр үүний хариуд мөн цахим хуудсаараа дамжуулан Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг няцааж, 2021 оны зургадугаар сарын 23-ны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр болон төмөр замын төслийг төрийн нууцад хамааруулсан асуудлыг хөндөв.

Тэрбээр тухайн үеийн шийдвэрүүдийг олон нийтэд дэлгэж байгаа нь түүхэн баримтыг ил болгож буй хэрэг хэмээн тайлбарлаж, төмөр замын төслийн шийдвэр гаргалт, хариуцлагын асуудлыг эргэн сөхсөн.

Ингэснээр талуудын маргаан 110 сая ам.долларын санхүүжилтийн асуудлаас хальж, өмнөх Засгийн газрын шийдвэрүүд, төмөр замын гэрээ хэлцэл, төрийн нууцын асуудал, улс төрийн хариуцлага зэрэг олон сэдвийг хамрах болов.

Цахим орчинд талуудын байр суурь, мэдэгдэл ээлж дараалан гарч, олон нийтийн дунд хэн нь ямар баримт дэлгэж байгаа, уг мөнгөний зарцуулалтад хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэсэн асуулт улам хүчтэй тавигдлаа.

ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: ДУГААРЛАЛТ БАГАССАН Ч ИРГЭДИЙН БУХИМДАЛ АРИЛСАНГҮЙ

Улс төрийн маргаан, авлигын асуудал олны анхаарлыг татсан энэ өдрүүдэд иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлсөн асуудал нь шатахууны хангамж байлаа. Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудын автомашины дараалал өмнөх өдрүүдтэй харьцуулахад багассан ч нийлүүлэлт бүрэн хэвийн болж чадаагүй, ялангуяа энгийн АИ-92 автобензиний хүртээмжтэй холбоотой хүндрэл үргэлжилсэн юм.

Тодруулбал, литр нь 3590 төгрөгийн үнэтэй энгийн АИ-92 бензин хотын төвийн зарим шатахуун түгээх станцад байхгүй болж, оронд нь АИ-95 болон Евро-92 бензин борлуулах тохиолдол гарчээ. Харин энгийн АИ-92 авах хүсэлтэй жолооч нар хотын захын шатахуун түгээх станцуудыг зорьж, тэнд урт дараалал үүссэн.

Аж үйлдвэрийн болон эрдэс баялгийн яамнаас энгийн АИ-92 бензинийг орон нутагт түлхүү нийлүүлж байгааг тайлбарласан ч нийслэлийн иргэдийн хувьд шатахууны хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдсэнгүй.

Түүнчлэн энгийн АИ-92 болон Евро-92 бензиний үнийн зөрүү литр тутамд ойролцоогоор 1500 төгрөг байгаа нь жолооч нарын төдийгүй өрхийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлэв. Өдөр тутам автомашин ашиглан ажил, амьдралаа зохицуулдаг иргэдийн хувьд бензин олдохгүй байх нэг асуудал бол олдож байгаа шатахуунаа өндөр үнээр авах шаардлага тулгарах нь өөр нэг хүндрэл болж байна.

Шатахууны шуурхай штабын арваннэгдүгээр сарын 9-ний мэдээллээр улсын хэмжээнд АИ-92 автобензиний 24 мянган тонн буюу 11 хоногийн, дизель түлшний 120 мянган тонн буюу 30 хоногийн нөөцтэй байжээ.

Энэ мэдээллээс харахад, улсын хэмжээнд тодорхой хэмжээний шатахууны нөөц байгаа боловч тухайн нөөцийг хэрэглэгчдэд жигд хүргэх, түгээлтийг хэвийн болгох, шатахууны төрөл тус бүрийн хүртээмжийг хангах асуудал тулгамдсан хэвээр байв.

Холбогдох яамны тайлбарласнаар, ОХУ-аас шатахууны нийлүүлэлт бүрэн тасраагүй ч төмөр замын засвар, тээвэрлэлтийн саатал болон улирлын шилжилттэй холбоотой хүндрэл үүссэн байна. Үүний зэрэгцээ шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импортыг тогтворжуулах чиглэлээр ажиллаж байгаагаа Засгийн газар мэдээлсэн юм.

Шатахууны асуудалтай холбоотойгоор хамгийн их яригдсан үйл явдал нь Ерөнхий сайд Н.Учралын Өмнөговь аймагт иргэдтэй уулзах үеэр хэлсэн үг байлаа. Арваннэгдүгээр сарын 11-нд болсон “Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалтын үеэр иргэд шатахууны хомсдол, үнийн өсөлтийн талаар асуухад тэрбээр Монгол Улс шатахуунаа 100 хувь импортоор авдаг, Засгийн газар нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар тайлбарласан юм.

Гэвч тэрбээр иргэдийн асуултад хариулахдаа “Би ямар бензин үйлдвэрлэгч биш, амьдралтай юм ярь. Та нар ингэж асуулаа гээд юу өөрчлөгдөх юм бэ. 100 хувь гаднаас шатахуун авдаг. Би энд гэрээ хийж байна. Ирэх сараас сард 90 мянган тонн шатахуун нийлүүлдэг болно” хэмээн хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулав.

Ерөнхий сайдын хувьд эхний ээлжид шатахууны хомсдолоос гарч, нийлүүлэлтийг тогтворжуулах, улмаар үнэ болон татаастай холбоотой асуудлыг шийдвэрлэх дараалалтай ажиллаж байгаагаа илэрхийлсэн ч иргэдийн хувьд бодит нөхцөл байдал дээр өөрчлөлт хараахан мэдрэгдэхгүй байгааг шүүмжилсэн юм.

Нэг талаас шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэггүй, импортоос бүрэн хамааралтай улсын хувьд нийлүүлэлтийн хүндрэл үүсэх эрсдэл бий. Нөгөө талаас ийм нөхцөлд Засгийн газар иргэдэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгч, асуудлыг шийдвэрлэх бодит хугацаа, арга хэмжээг танилцуулах шаардлагатай.

Эцсийн дүндээ иргэдийн хүсэж буй зүйл нь сард хэдэн тонн шатахуун оруулж ирэх тухай амлалт төдий бус, маргааш өглөө машинаа асаахад шатахуунтай байх, түүнийгээ боломжийн үнээр худалдан авах боломж юм. Тиймээс шатахууны хомсдолыг зөвхөн импортын хэмжээ нэмэгдүүлэх замаар бус, түгээлтийн тогтолцоо, нөөцийн удирдлага, үнийн бодлоготой нь хамтад нь шийдвэрлэх шаардлагатайг харуулав.

С.МАНДАХ