Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч санал олонхын дэмжлэг авч чадалгүй унасан. Харин энэ долоо хоногт уг асуудлыг дахин хэлэлцэхээр товлосон нь СЗХ-ны удирдлагын асуудлыг тойрсон маргааныг дахин сөхөв.

Т.Жамбаажамц өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд СЗХ-ны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад гаргасан байна. Улмаар арваннэгдүгээр сарын 6-нд УИХ-ын дарга С.Бямбацогт түүнийг чөлөөлөх саналыг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулжээ. Байнгын хорооны гишүүдийн 66.7 хувь нь уг саналыг дэмжсэн ч энэ нь эцсийн шийдвэр биш байв. 

Чуулганы нэгдсэн хуралдааны нууц санал хураалтад 94 гишүүн оролцсоноос 54 нь чөлөөлөх саналыг дэмжээгүй тул Т.Жамбаажамц албан тушаалдаа үлдсэн. Ингэснээр Байнгын хороонд дэмжигдсэн санал чуулганы шатанд унаж, С.Бямбацогтын танилцуулсан чөлөөлөх асуудал анхны оролдлогоороо шийдэгдээгүй. 

С.Бямбацогт яагаад Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудалд анхаарал хандуулав?

УИХ-ын дарга С.Бямбацогт чөлөөлөх саналыг танилцуулах үеэрээ СЗХ-ны үйл ажиллагаа, ялангуяа иргэдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулах асуудлыг хөндсөн.

Тэрбээр зургаан сарын өмнө аппликэйшний зээлийн 60 хувийн, ББСБ-уудын зээлийн 45 хувийн хүүг бууруулах, зээлийн хүүгээс гадна төрөл бүрийн шимтгэл авах явдлыг зогсоох чиглэлээр ажиллах үүрэг өгсөн ч үр дүн хангалтгүй байна гэж шүүмжилжээ. 

Зарим ажиглагчид энэ асуудал цаагуураа улс төрийн шалтгаантай. Тодруулбал, нэгд УИХ-ын дарга өөрийнхөө хүнийг СЗХ-ны даргаар суулгах бодолтой байгаатай холбоотой гэж дүгнэж буй бол зарим нь УИХ-ын даргыг Т.Жамбаажамцыг чөлөөлүүлж байж санаа амарч, "хөмхийгөө зуух"-аа болих биз хэмээн таамаглаж байна. 

Нэг удаа унасан саналыг дахин оруулах эрх зүйн үндэслэл бий юу?

УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргын тайлбарласнаар, УИХ-ын тухай хуульд чөлөөлөх асуудлыг дэмжээгүй тохиолдолд уг саналыг дахин оруулах зохицуулалт бий. Үүний дагуу Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд дахин багтаажээ. 

Өөрөөр хэлбэл, өмнөх санал хураалтаар олонхын дэмжлэг авч чадаагүй асуудлыг дахин хэлэлцүүлэх нь хуулийн хүрээнд боломжтой. Гэхдээ хуульд дахин оруулах боломж бий гэдэг нь чөлөөлөх санал заавал дэмжигдэнэ гэсэн үг биш.

СЗХ-ны даргын суудлаас гадна таван гишүүний орон тоо яригдаж байна

С.Бямбацогт СЗХ-ны таван гишүүний орон тоог ойрын үед нөхөж, томилгооны сонсголыг нээлттэй явуулна гэж Байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн. Энэ нь зөвхөн даргын асуудал бус, тус байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнийг бүхэлд нь шинэчлэх эсэх асуудал давхар хөндөгдөж байгааг харуулж байна. 

Т.Жамбаажамц 2006 оноос СЗХ-нд ажилласан бөгөөд 2025 оны нэгдүгээр сард тус хорооны даргаар томилогдсон. Улс төрийн хүрээнд түүнийг Д.Амарбаясгалантай ойр хүн гэх яриа байдаг. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан СЗХ-ны даргын асуудал УИХ-ын түвшинд хоёр дахь удаагаа яригдаж байна.

С.Бямбацогт зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, СЗХ-ны үйл ажиллагааг цэгцлэх шаардлага тавьж байгаа бол нөгөө талд даргыг нь солихоос гадна байгууллагын бодлого, зохицуулалтын бодит үр дүнг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт үлдэж буй.

Т.Жамбаажамцыг чөлөөлснөөр иргэдийн зээлийн хүү бодитоор буурах уу? СЗХ-ны таван гишүүний орон тоог нөхөхдөө ямар зарчим баримтлах вэ? Энэ удаагийн асуудал зөвхөн нэг хүний албан тушаалаар хязгаарлагдахгүй, СЗХ-ны удирдлагын бүрэлдэхүүнийг бүхэлд нь өөрчлөх эхлэл үү?

Эдгээр асуултад УИХ-ын шийдвэр төдийгүй дараагийн томилгоо, СЗХ-ны бодит ажлын үр дүн хариулт өгөх учиртай.

С.МАНДАХ