Украин дахь дайныг зогсоох энхийн хэлэлцээнд Беларусьт оролцох байр суурь олдох болов уу?
Украин, Оросын хооронд дайныг дуусгах боломжийн талаар найман сарын дараа анх удаа хэлэлцээ дахин сэргэв. Хэлэлцээний шинэ шат Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотод болсон.
Уулзалтын өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээний үр дүнд Европын аюулгүй байдлын шинэ тогтолцооны талаар өргөн хүрээний хэлэлцээр байгуулагдаж магадгүй хэмээн мэдэгджээ.
Ийм хэлэлцээрт Беларусь ямар үүрэг, байр суурьтай оролцож болох вэ? Ийм төрлийн хэлэлцээнд оролцохгүй үлдэх нь тус улсын хувьд ямар үр дагавартай вэ? Александр Лукашенко нэг өдөр хэлэлцээний ширээний ард сууж чадах уу? Хэрэв тийм бол ямар статустай оролцох бол? Энэ талаар шинжээчидтэй ярилцжээ.
“Энэ бол Лукашенкогийн мөрөөдөл”
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Абу-Дабигийн хэлэлцээний өмнөхөн “Энэ бол томоохон хэлэлцээр байх бөгөөд зөвхөн Украинд хамаарахгүй. Маш өргөн хүрээг хамарна. Зөвхөн Украинд бус, бүр Европ даяар нөлөөлж магадгүй гэж хэлж болно” хэмээн мэдэгдсэн байна.
Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украин, Орос, АНУ-ын хооронд болох хэлэлцээний үр дүнд Европын аюулгүй байдлын шинэ архитектур буюу шинэ тогтолцоо бүрэлдэж болзошгүй талаар тодруулжээ.
Европын Холбооны төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад байлцсан ч хэлэлцээнд шууд оролцоогүй аж. Харин Беларусийн улс төрч Александр Лукашенко хэлэлцээний ширээний ард суухыг удаа дараа эрмэлзэж байсан ч тэнд байгаагүй байна.
Тэрбээр Абу-Дабигийн уулзалт эхлэхээс долоо хоногийн өмнө ийм саналынхаа нэгийг дахин илэрхийлжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 3-нд болсон Минскийн Евразийн аюулгүй байдлын олон улсын бага хурлын үеэр Александр Лукашенко “Хэрэв та бүхэн хэлэлцээрт хүрэхийг хүсэж байгаа бол хүрээд ирээрэй. Минскт ир. Хаана ч уулзаж болно.
‘Президент’ зочид буудалд ч юм уу, Тусгаар тогтнолын ордонд ч юм уу, би бүгдийг нээлттэй болгож өгнө. Урьд өмнө нь болдог байсан шиг хүрээд ир, хамтдаа хэлэлцээр хийцгээе” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр 2022 оны хоёрдугаар сараас хойш ийм санал санаачилга тогтмол гаргаж иржээ. Гэвч улс төрийн тоймч, түүхч Александр Фридманы үзэж буйгаар, Лукашенко одоогоор энхийн хэлэлцээний зуучлагчийн хувьд эрэлт хэрэгцээтэй хүн биш аж. Лукашенко өөрөө ийм хэлэлцээ зохион байгуулахыг илт хүсэж байгаа нь тодорхой гэж шинжээч үзэж буй юм байна.
Александр Фридман хэлэхдээ “Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг харахад, одоо хаа сайгүй Абу-Дабигийн тухай ярьж байна. Энэ нь Арабын Нэгдсэн Эмират Улсын нэр хүндийг өсгөж, олон улсын тавцан дахь байр суурь, ач холбогдлыг нь тодотгож буй нэмэлт сурталчилгаа болж байна.
Харин Лукашенкогийн хувьд ийм боломж бол мөрөөдөл юм. 2015 онд Меркель, Олланд, Порошенко, Путин нарын хамт зогсож буй гэрэл зургуудыг нь харахад л хангалттай. Тэр хэлэлцээний үеэр хамгийн их баярласан, аз жаргалтай хүн шиг харагддаг. Тэрбээр дахин энэ тоглоомд оролцохыг хүсэж байгаа. Учир нь, 2015 он түүний гадаад бодлогын хамгийн том амжилт байсан юм” гэжээ.
“Хэлэлцээний ширээнд Оросын холбоотон болж оролцоно”
“Радыё Свабода” хэвлэлийн улс төрийн тоймч Валерий Карбалевичийн үзэж буйгаар Лукашенко Европын аюулгүй байдлын шинэ тогтолцоог боловсруулах явцад Беларусийн ашиг сонирхлыг харгалзан үзүүлэхийн тулд хэлэлцээнд оролцохыг эрмэлзэж байгаа аж.
Тэрбээр хэлэхдээ “Хэрэв бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоог хэлэлцэхдээ зөвхөн томоохон гүрнүүд, тухайлбал Орос, АНУ шийдвэр гаргаж, Европын орнуудаас хэн ч санал бодлыг нь асуухгүй бол энэ нь сайн зүйл биш. Лукашенко Орос улс түүний ашиг сонирхлыг хамгаалж, анхаарал тавина гэдэгт төдийлөн итгэлтэй биш байна. Ийм тодорхойгүй нөхцөл байдал түүнийг ийш тийш хандахад хүргэж байгаа юм” гэжээ.
Карбалевичийн хэлснээр, албан ёсны Минск ийм хэлэлцээнд бие даасан оролцогчийн хувиар оролцож, аюулгүй байдлын шинэ тогтолцоо нь Беларусийн стратегийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэхийг хүсэж байна. Гэхдээ Беларусийн байр суурь Оросынхтой ихэнх асуудлаар төстэй байх магадлалтай гэж шинжээч үзжээ.
Тэрбээр цааш нь “Юуны өмнө албан ёсны Минск өөрийн ашиг сонирхлын төлөө санаа зовж байна. Харин аюулгүй байдлын шинэ тогтолцоо ямар хэлбэртэй байх нь өөр асуудал. Хэрэв бүс нутгийн олон улс оролцсон хэлэлцээ явагдвал Беларусь, Орос хоёр холбоотны байр сууринаас оролцоно. Ихэнх асуудлаар тэдний байр суурь давхцах байх. Гэхдээ бүх асуудалд бүрэн ижил байр суурьтай байна гэж бодохгүй байна” хэмээн тайлбарлажээ.
Улс төрийн тоймч Александр Фридман ч энэ үнэлгээтэй санал нийлж байна. Тэрбээр “Лукашенко төвийг сахисан тал байж чадахгүй. Учир нь тэрээр Оросын нөлөөн дор байгаа. Европ эсвэл АНУ-тай чиглэсэн аливаа алхам нь Оростой зөвшилцөж, зохицуулагддаг гэдэгт би итгэлтэй байна. 2015 онд ч Беларусийн эрх баригчдын төвийг сахисан байр суурь харагдаагүй. Харин одоо бүр ч боломжгүй. Юу ч болсон эцсийн дүндээ Лукашенко Оросын талд сонголтоо хийдэг” гэжээ.
Беларусь, Оросын байр суурь ямар асуудлаар зөрж болох вэ?
“Радыё Свабода” хэвлэлийн улс төрийн тоймч Валерий Карбалевичийн хэлснээр Александр Лукашенко шийдвэр гаргахдаа аль болох их эрх чөлөө, бие даасан байдлаа хадгалахыг хүсэж байгаа аж. Үүний зэрэгцээ Оросын цэргийн хамгаалалтад үлдэж, барууны орнуудтай харилцахдаа Оросоос аюулгүй байдлын баталгаа авах сонирхолтой юм байна.
Карбалевич “Энэ бол нэг талаараа зөрчилтэй мэт боловч албан ёсны Минскийн хувьд хамгийн тохиромжтой хувилбар юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны нөхцөл байдалд эргэн очих гэсэн хэрэг” хэмээн тайлбарлажээ.
Беларусийн ардчилалд ахиц гарах боломж бий юу?
Шинжээчдийн үзэж буйгаар, энхийн хэлэлцээнд Беларусь улс оролцох нь тус улсын эрх баригчдад ашигтай байх нь ойлгомжтой. Харин Орос улс үүнийг хүсэж байгаа болов уу?
Финландын Олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Григорий Нижников энэ талаар “Лукашенкод юу ч байсан ашигтай. Тэр бүр хэлэлцээнд шууд оролцохгүй байсан ч хажууд нь сандал дээр сууж, Абу-Дабид кофе, цай зөөж өгөөд, ойр хавиар нь явж байхдаа ч баяртай байх байсан. Гэхдээ Орост ийм зүйл хэрэггүй.
Орос улс Европын нэгдсэн төлөөлөлтэй ч ярихыг хүсэхгүй байна. Харин хоорондоо санал зөрөлдөж, маргалдсан, нэгдмэл бус Европтой харилцахыг илүүд үзэж байгаа. Ингэснээр Европын улс бүр Москва руу тус тусдаа очиж, өөрийн ашиг сонирхлыг хамгаалахаар хөөцөлдөнө.
Кремль Украины холбоотон орнуудыг АНУ-ын нэгэн адил өөр нэг зуучлагч болгон хувиргахыг хүсэж байна. Трамп засгийн эрхэнд гарсны дараа америкчуудтай холбоотойгоор яг ийм нөхцөл байдал үүссэн. Тиймээс Москва хэлэлцээг гурван талт бүлгийн хүрээнээс хэтрүүлэн өргөжүүлэхийг хүсэхгүй байгаа юм” гэж үзжээ.
Одоогийн нөхцөлд Беларусь улс Оросын нөлөөллийн бүс гэж харагдаж байгаа бөгөөд энэ байдлыг хэвээр хадгалахыг Орос хүсэж байна гэж Александр Фридман тэмдэглэжээ. Харин энэ нь Беларусийн ардчилалд шилжих боломж улам бүр хумигдаж байна гэсэн үг хэмээн шинжээч үзсэн байна.
Тэрбээр “Барууны орнуудын Беларусийн дотоод нөхцөл байдалд нөлөөлөх боломж өмнө нь ч хязгаарлагдмал байсан. Харин ийм нөхцөл байдалд тэр боломж бүр ч багасна” гэжээ.
Энэ нөхцөлд Беларусийн эрх баригчдын бус, харин Беларусийн ард түмэн, улсынх нь жинхэнэ ашиг сонирхолд юу нийцэх вэ?
Александр Фридман энэ асуултад “Үнэндээ хариулт нь маш энгийн боловч харамсалтай. Беларусийн хувьд хамгийн чухал зүйл бол Путины үеийг даван туулах явдал юм. Одоогоор Европ Оростой зэрэгцэн орших ямар нэгэн загвар, зохицуулалт бий болгож магадгүй.
Харин цаашид дайныг эхлүүлсэн Путин болон түүний ойрын хүрээллийнхэн эрх мэдлээс явж, өөр цаг үе ирэхийг хүлээх хэрэгтэй. Хэрэв Беларусь өнөөгийнх шиг хязгаарлагдмал бие даасан байдлаа хадгалсан ч гэсэн ядаж албан ёсоор тусгаар тогтносон улс хэвээр байж, тэр үеийг даван туулж чадвал ирээдүйд өөрчлөлт гарах тодорхой боломж үлдэнэ” хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: DW