Канадын парламентын гишүүн асан Брайон Уилферт “Монгол Улстай хамтрах нь Канадын дунд гүрний дипломат бодлогыг бодит ажил хэрэг болгох боломж болж буй талаар өгүүлсэн нийтлэлээ "Open Canada"-д хэвлүүлжээ.
Бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа энэ талаар онцолж байна.
Канад улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ямар байр суурь, зорилготой байхыг тодорхойлоход багагүй хугацаа зарцуулсан. Харин одоо тулгарч буй дараагийн сорилт бол тус бүс нутагт юуг бодитоор хийж бүтээж чадахаа харуулах явдал. Ялангуяа Монгол Улс уул уурхайн салбартаа сүүлийн үед хийсэн эрх зүйн шинэчлэлийнхээ дараа Канад улсад энэхүү зорилгоо бодит ажил хэрэг болгох таатай боломжийг олгож байна.
Канадын Ерөнхий сайд Марк Карни дунд түвшний гүрнүүд өөр хоорондын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээгээ бэхжүүлж, эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэн, ашиг сонирхол нийцэж буй салбаруудад хамтран ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж ирсэн.
Монгол Улс ч мөн ийм шаардлага, бодит нөхцөл байдлыг сайн ойлгодог. Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд орших далайд гарцгүй орны хувьд Монгол Улс дипломат болон худалдаа, эдийн засгийн харилцааныхаа боломжийг өргөжүүлэх зорилгоор “гуравдагч хөрш”-ийн бодлогыг олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн. Канад улс бол Монголын гуравдагч хөршүүдийн нэг юм.
Хоёр улсын хамтын ажиллагааны суурь хэдийнэ бүрдсэн. Канад, Монгол хоёр улс 2023 онд харилцаагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн бөгөөд Монгол Улс Канадын Энэтхэг-Номхон далайн стратегид багтдаг. Иймээс одоо тавих гол асуулт нь Монгол Улс Канадын хувьд яагаад чухал вэ гэдэгт бус, харин хоёр улс цаашид хамтдаа ямар бодит үр дүнд хүрэх ёстой вэ гэдэгт оршиж байна.
2026 оны аравдугаар сарын 16-нд Монгол Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлт нь геологи, хайгуулын ажлыг идэвхжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын бодлогыг хэрэгжүүлэх илүү бат бөх үндэс бүрдүүлэх, дотоодын боловсруулалтыг дэмжих, мөн уурхайн нөхөн сэргээлт болон уурхайн хаалтын хариуцлагыг сайжруулах зорилготой юм.
Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хөрөнгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, зэсийн нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтад өөрчлөлт оруулжээ. Эдгээр нь хууль тогтоомжийн түвшинд хийсэн чухал алхмууд боловч эдийн засагт үзүүлэх бодит үр нөлөө нь хэрэгжилтээс ихээхэн шалтгаална.
Канадын хувьд энэхүү боломж нь зөвхөн түүхий эд худалдан авах хүрээгээр хязгаарлагдахгүй. Стратегийн чухал ашигт малтмал нь цэвэр эрчим хүч, дэвшилтэт үйлдвэрлэл болон батлан хамгаалахын нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой.
Канадын геологи, хайгуулын технологи, санхүүжилт, байгаль орчны стандартын салбар дахь давуу тал нь Монгол Улсад байгалийн баялгаасаа илүү их нэмүү өртөг шингээх зорилгоо хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын түншлэлээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж чадна.
Иймээс Канадын Ерөнхий сайд Марк Карни, мөн Засгийн газрын өндөр албан тушаалтан Монгол Улсад айлчлах тохиолдолд дараах дөрвөн чиглэлээр тодорхой зорилт тавьж, эхний хоёр чиглэлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж нийтлэлийн зохиогч Брайон Уилферт үзжээ. Үүнд:
Нэгдүгээрт. Стратегийн чухал ашигт малтмалын хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө
Канадын Байгалийн нөөцийн яам болон Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран 12 сарын хугацаанд ажиллах хоёр талын ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тус ажлын хэсэгт геологийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл болон холбогдох зохицуулалтын асуудлаар мэргэшсэн шинжээчдийг оролцуулах нь зүйтэй.
Ажлын хэсэг нь нэн тэргүүнд анхаарах ашигт малтмалын төрлүүд болон техникийн хэрэгцээг тодорхойлох, геологийн мэдээллийн хүртээмжийг нягтлах, боломжит төслүүдийг арилжааны үр ашиг, байгаль орчин, орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийн шалгуураар үнэлэх зарчмыг боловсруулах юм.
Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааг шинээр эхлүүлэх бус, харин хэдийнэ бий болсон харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх алхам болно.
Канадын Байгалийн нөөцийн яамны харъяа Канадын Геологийн алба Монгол Улсын Үндэсний геологийн албатай хамтран агаарын геофизикийн судалгаа хийх, мэргэжилтэн бэлтгэх, геологийн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр өмнө нь хамтран ажиллаж байсан.
Энэхүү хамтын ажиллагаа нь геологийн мэдээллээ харилцан солилцох, хөрөнгө оруулалтын шийдвэрийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодит эхлэл болж чадна.
Ажлын хэсэг зургаан сарын дотор урьдчилсан техникийн болон арилжааны үнэлгээ хийх боломжтой хоёр, гурван ирээдүйтэй төслийг сонгох хэрэгтэй. Эдгээр нь хайгуулын үйлчилгээ, ашигт малтмал боловсруулах технологи эсвэл байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлийн төсөл байж болно.
Ийм төслүүдийг сонгосон нь Засгийн газраас тухайн төсөлд албан ёсоор дэмжлэг үзүүлж буй хэрэг ч биш, санхүүжилт олгох амлалт ч биш юм. Харин компаниуд цаашид техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, түншлэл байгуулах боломжтой, итгэл даахуйц, ил тод сонголтын жагсаалт бүрдүүлэх ач холбогдолтой.
Канад улс уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүжилт, орон нутгийн иргэдтэй харилцах асуудлаар техникийн туршлага солилцох боломжийг мөн санал болгож болно. Эдгээр асуудал нь Монгол Улсын шинэчлэлийн зорилттой шууд холбоотой төдийгүй байгалийн баялгийг хариуцлагатай ашиглахад олон нийтийн итгэлийг бий болгоход чухал үүрэгтэй.
Хамтын ажиллагааны амжилтыг зөвхөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан эсэхээр бус, харин хийж дуусгасан үнэлгээ, хамтран ашигласан мэдээллийн сан, мэргэшүүлсэн боловсон хүчин, хэрэгжих боломжтой төслийн санал зэргээр хэмжих ёстой.
Хоёрдугаарт. Бизнес, хөрөнгө оруулалтын төлөөлөгчдийн айлчлал
Канадын Худалдааны комиссарын алба нь Байгалийн нөөцийн яам болон салбарын холбоодтой хамтран уул уурхай, инженерчлэл, цэвэр технологи, санхүүгийн салбарын Канадын компаниудыг багтаасан зорилтот төлөөлөгчдийн баг бүрдүүлэх хэрэгтэй.
Төлөөлөгчид Монголд ирэхээс өмнө Канадын албаныхан Монголын талын холбогдох байгууллагуудтай хамтран боломжит түншүүд, зөвшөөрөл олгох шаардлага, дэд бүтцийн хязгаарлалт болон арилжааны хувьд бодитой хэрэгжих боломжтой төслүүдийг тодорхойлох шаардлагатай.
Уулзалт, хэлэлцүүлгийг ерөнхий хүсэл эрмэлзэл, сайн санааны илэрхийлэлд бус, харин тодорхой төсөл, бодит боломжид тулгуурлан зохион байгуулах нь зүйтэй.
Канадын Экспортын хөгжлийн корпораци нь өөрийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ямар төрлийн шаардлага хангасан хэлцэл, төсөлд дэмжлэг үзүүлэх боломжтойг тайлбарлах хэрэгтэй. Гэхдээ энэ нь тухайн байгууллагын бие даасан арилжааны үнэлгээ, байгаль орчин болон эрсдэлийн шалгуурыг хангасан байх нөхцөлтэй.
Мөн Канадын компаниудад Монгол Улсын хууль эрх зүйн орчин, логистикийн нөхцөл, бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх боломжит сувгуудын талаар тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай. Монгол Улсын газар зүйн байршил, тээвэр ложистикийн хамаарлыг үл тоомсорлож болохгүй бөгөөд эдгээр хүчин зүйлийг төслийн эдийн засгийн тооцоонд анхнаас нь тусгах ёстой.
Төлөөлөгчдийн айлчлал дууссанаас хойш 90 хоногийн дотор хоёр улсын Засгийн газар ямар боломжит төслүүд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, арилжааны хэлэлцээ хийх эсвэл хөрөнгө оруулалтын шатанд хүрснийг тайлагнах хэрэгтэй.
Арилжааны нууцад хамаарах мэдээллийг задруулахгүйгээр олон нийтэд ахиц дэвшлийн талаар мэдээлэх нь хариуцлагатай, ил тод байдлыг хангана. Энэ нь дипломат харилцаа бизнесийн салбарт бодитоор ашиглаж болох боломж, гарцыг нээж чадаж байгаа эсэхийг хэмжих чухал үзүүлэлт болох юм.
Гуравдугаарт. Уул уурхайгаас давсан хамтын ажиллагаа
Хоёр улсын Иж бүрэн түншлэл нь цэвэр эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуй, ногоон дэд бүтэц, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийг мөн бүрдүүлж байна. Канадын коллеж, их сургуулиуд геологийн шинжлэх ухаан, уул уурхайн инженерчлэл, байгаль орчны менежмент, техникийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр зорилтот солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж болно.
Ийм харилцаа нь Монгол Улсад үндэсний мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг хөгжүүлэхэд туслахын зэрэгцээ тодорхой хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжихэд хугацаа шаардагдсан ч урт хугацаанд үр өгөөжөө өгөх байгууллага хоорондын тогтвортой холбоо бий болгоно.
Дөрөвдүгээрт. Аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээ
Хоёр хүчирхэг хөршийн дунд дипломат уян хатан байдлаа хадгалж ирсэн Монгол Улсын туршлага нь тусгаар тогтнол, стратегийн сонголтоо хамгаалах асуудлаар онцгой ач холбогдолтой сургамж өгдөг.
Канад улс өөрийн худалдаа, эдийн засгийн харилцаанд давамгай байр суурь эзэлдэг нэг түншээс хэт хамааралтай байдлаа зохицуулахын зэрэгцээ Монголын бусад түншлэлээ зориудаар өргөжүүлж ирсэн туршлагыг зөвхөн дипломат сонирхолтой жишээ бус, харин бодитой судалж болох туршлага гэж үзэх нь зүйтэй.
Хэдийгээр Канад, Монголын нөхцөл байдал ялгаатай ч хоёр улс хоёулаа түншлэлээ төрөлжүүлэх, олон улсын үр нөлөөтэй байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой. Иймээс энхийг сахиулах ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал болон дунд түвшний гүрнүүдэд тулгарч буй бодит сорилтуудын талаар тогтмол зөвлөлдөх боломжтой.
Канадын өндөр түвшний төлөөлөгчид Монголд айлчлахдаа хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийн төсөл, төслүүдийг урьдчилан сонгон үнэлэх үйл явц, бизнесийн төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэл төлөвлөгөө, боловсролын болон стратегийн зөвлөлдөх уулзалтуудын хуваарьтай ирэх хэрэгтэй.
Эдгээр нь арилжааны амжилтыг баталгаажуулах амлалт бус, харин бодитоор хэрэгжүүлэх боломжтой эхний алхмууд юм. Мөн энэ нь Монгол Улсын өөрийн тэргүүлэх чиглэл, байгалийн баялгаа хэрхэн ашиглах талаарх бие даасан шийдвэр гаргах эрхийг хүндэтгэх болно.
Энд тавигдаж буй гол шалгуур маш энгийн: Канадын төлөөлөгчид Монголд айлчлаад буцсаны дараа өмнө нь байгаагүй ямар бодит үр дүн бий болсон байх вэ?
Уул уурхайн асуудлаарх яриа хэлэлцээ нь хэрэгцээтэй мэдээлэл, бодит төсөл бий болгож чадсан тохиолдолд л ач холбогдолтой. Худалдааны төлөөлөгчдийн айлчлал нь компаниудыг бодит боломжоо урагшлуулахад хүргэсэн үед үр дүнтэй болно.
Боловсролын хамтын ажиллагаа нь байгууллагууд харилцан мэргэжилтэн, оюутан солилцож, мэдлэг, туршлагаа хуваалцсан тохиолдолд үр өгөөжөө өгнө. Харин стратегийн зөвлөлдөх уулзалтууд нь зөвхөн ёслолын шинжтэй бус, тогтмол үргэлжилдэг болсон үедээ жинхэнэ ач холбогдолтой юм.
Канад, Монгол хоёр улс хагас зуу гаруй жилийн турш харилцаагаа хөгжүүлж ирсэн. Монгол Улсын уул уурхайн салбарын шинэчлэл нь энэхүү харилцааг нийтлэг зорилго, хүсэл эрмэлзлээс бодитой, хэмжигдэхүйц үр дүнд хүргэх цаг үеэ олсон боломжийг бий болгож байна.
Дунд түвшний гүрнүүдийн дипломат харилцааг яг ийм байдлаар үнэлэх ёстой: зөвхөн айлчлал болсноор бус, харин айлчлалын дараа хоёр улс хамтдаа юу хийж бүтээснээр нь дүгнэх учиртай.
Эх сурвалж: OPEN CANADA