Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчдийн Абу Даби хотод арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээ гал зогсоох тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн. Хэлэлцээний гол үр дүн нь олзлогдогсод солилцох асуудлаар тохиролцсон явдал байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Жаред Кушнер “Бид олзлогдсон хүмүүсийг хүмүүнлэгийн үндсэн дээр өргөн хүрээнд суллах талаар тохиролцсон. Маргааш нь солилцох хүмүүсийн тоог эцэслэн тохирно” гэж мэдэгджээ.
Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 1000 хүнийг 1000 хүнээр, эсвэл 1500 хүнийг 1500 хүнээр солилцох тухай яригдаж байгаа талаар мэдээлсэн байна. Харин ОХУ-ын тал Украинтай хийх өргөн хүрээний олзлогдогсдын солилцоо ойрын хоёр, гурван долоо хоногт хэрэгжиж магадгүй талаар мэдэгджээ.
Хэлэлцээний дараа Зеленский Telegram хуудастаа аюулгүй байдлын баталгааны талаарх талуудын байр суурийг хэлэлцсэн тухай бичсэн аж. Тэрбээр “Энэ дайныг дуусгах, Украины аюулгүй байдлын баталгааг хангах асуудал эхний алхам байх ёстой” гэж онцолж, Европ улс дипломат үйл явцын бүх үе шатанд бодитой оролцох ёстой гэж мэдэгдсэн байна.
1. Олзлогдогсод солилцох тохиролцоо – хэлэлцээг үргэлжлүүлэх хангалттай шалтгаан
DW агентлагийн ярилцсан шинжээчид энэхүү хэлэлцээний бодит үр дүн нь хүмүүнлэгийн асуудалд төвлөрсөнтэй санал нэг байгаа аж.
“Политика” шинжилгээний төвийн дэд захирал, улс төр судлаач Артем Бронжуков “Украины хувьд хүмүүнлэгийн чиглэлийн асуудал нэн чухал. Олзлогдогсод солилцох талаар тохиролцсон нь өөрөө томоохон ахиц юм” гэж онцолжээ.
Түүний хэлснээр, Абу Дабигийн уулзалтаас тавьсан хүлээлт харьцангуй бага байсан бөгөөд Украины төлөөлөгчид уг уулзалтыг цаашдын хэлэлцээний бэлтгэл үе шат гэдгийг удаа дараа тэмдэглэж байсан аж.
“Стратегия XXI” глобал судалгааны төвийн аюулгүй байдлын хөтөлбөрийн удирдагч Павел Лакийчук мөн олзлогдогсод солилцох тохиролцоог маш тодорхой үр дүн гэж үзжээ.
Тэрбээр DW-д “Хэрэв бид өөрсдийн хүмүүсийг эх оронд нь буцааж чадвал энэ нь томоохон амжилт. Зөвхөн энэ зорилгын төлөө ч хэлэлцээг үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж ярьжээ.
Түүний үзэж буйгаар, 2014 оноос хойш Оросын хяналтад орсон нутаг дэвсгэрүүд, тэр дундаа Крымээс баривчлагдан олон жил Оросын шоронд хоригдож буй энгийн иргэдийг суллах асуудлаар тохиролцож чадвал энэ нь жинхэнэ ахиц болох аж.
2. “Бүтээлч, агуулгатай хэлэлцээ” – дипломат хэллэгийн цаана бодит ахиц алга
Украины парламент дахь “Ард түмний зарц” намын бүлгийн дарга, Абу Дабигийн хэлэлцээнд Украиныг төлөөлсөн Давид Арахамия АНУ, ОХУ-тай хийсэн гурван талт уулзалтыг эерэгээр үнэлж, оны эцэс гэхэд тодорхой тохиролцоонд хүрэх боломж бий гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Оросын төлөөлөгчид маш хатуу чиглэл, зааварчилгаатай ирсэн нь ойлгомжтой. Тиймээс хэлэлцүүлгийг зөөлрүүлэхэд амаргүй байсан. Гэхдээ АНУ-ын төлөөлөгчид дайны дараах нөхцөл байдлыг хоёр улсын хувьд хэрхэн төсөөлж болох талаар хэлэлцүүлгийг тодорхой бүтэцтэй болгосноор яриа хэлэлцээ нээгдэж, бид илүү үр бүтээлтэй ажиллаж эхэлсэн” гэж мэдэгдсэн байна.
GLOBSEC олон улсын шинжилгээний төвийн Киев дэх салбарын захирал Юлия Осмоловская "Гэвч Вашингтон болон Киевээс өгч буй эерэг үнэлгээг хэт дөвийлгөх хэрэггүй" гэж үзэж байгаа аж.
Түүний тайлбарласнаар, дипломатчид хэлэлцээнд оролцохдоо үр дүнгүй байсан, ямар ч ахиц гараагүй гэж шууд мэдэгдэх нь ховор. Бодит үр дүн гараагүй байсан ч “бүтээлч уур амьсгалтай байлаа”, “олон асуудлыг хэлэлцлээ” гэх мэт дипломат хэллэг ашигладаг байна.
Осмоловская GLOBSEC-ээс зуны улиралд танилцуулсан Украин улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын 71 шинжээчийн нэгдсэн үнэлгээг иш татжээ. Уг үнэлгээгээр энэ болон ирэх онд энхийн гэрээ байгуулах, эсвэл ядаж гал зогсоох нөхцөлийн үндсэн үзүүлэлтүүд дээр тохиролцох магадлал ердөө 19 хувьтай байжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, гол шалтгаан нь талуудын аль нь ч, ялангуяа Орос улс, цэргийн хүчээр тавьсан зорилгодоо хүрч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, бодит хэлэлцээнд шилжих хэмжээнд хараахан хүрээгүй аж.
Осмоловская “Одоо бидний харж буй зүйл бол бодит хэлэлцээ гэхээсээ илүүтэйгээр бүх тал нөхцөл байдлыг хэвийн мэт харагдуулах, ямар нэгэн хөдөлгөөн өрнөж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэх оролдлого юм” гэж дүгнэжээ.
Артем Бронжуковын үзэж буйгаар, Москвагийн хувьд ийм уулзалтууд нь цаг хугацаа хожих арга хэрэгсэл болж байгаа аж. Тэрбээр “Оросын төлөөлөгчид, ялангуяа Медведев биш, Мединскийгээр ахлуулсан багийн уулзалтад оролцож буй байдал нь цаг хугацаа хожих, АНУ-ын захиргаанд томоохон тохиролцоонд хүрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх оролдлого юм.
Ингэснээр Оросын дизель түлшинд тавьсан хоригийг сулруулах зэрэг Вашингтоны үзүүлж буй ‘найрсаг алхмууд’-ыг цаашид авах сонирхолтой байна” гэж тайлбарлажээ.
3. Путинийг ялсан мэт харагдуулахын тулд хилийн заагийг өөрчлөх үү?
Абу Дабигийн хэлэлцээний үеэр барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-аас Украины нутаг дэвсгэртэй холбоотой шинэ санал дэвшүүлж болзошгүй тухай мэдээлэл гарсан. Тухайлбал, The Economist сэтгүүл Донецк болон Луганск мужуудын засаг захиргааны хилийн заагийг өөрчлөх санаачилгын талаар мэдээлжээ.
Гэвч Украины төлөөлөгчдийн эх сурвалжийн мэдээлснээр, Оросын эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэртэй холбоотой ямар нэгэн газар нутгийн буулт хийх асуудлыг Украины тал огт хэлэлцээгүй байна. Вашингтоны зүгээс уг мэдээлэлд албан ёсны тайлбар хийгээгүй аж.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хэлэлцээний багийн гишүүн Кирилл Буданов Оросын тал Донбассаас Украины цэргийг гаргах шаардлага тавьсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Тэрбээр “Хэлэлцээний явцад хөндөгдөж буй асуудлууд бол хэлэлцээний нэг хэсэг. Хамгийн чухал нь үр дүн. Үр дүнд хүрсэн үед энэ талаар олон нийтэд албан ёсоор мэдээлнэ” гэж мэдэгдсэн байна.
Харин Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский Европын хэвлэлүүдэд гарсан Украины газар нутгийн буултыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай мэдээлэлд хариулахдаа “Оросын газар нутгийн нэг ч сөөмийг орхихгүй. Ямар нэгэн байдлаар бүгдийг нь буцаан авна” гэж мэдэгджээ.
Артем Бронжуков “Путин Донбассын хэдэн тосгон, сүйрсэн малын хашааны төлөө тэмцэж байгаа юм биш. Тэрээр геополитикийн нөлөөгөө хадгалж, дэлхийн хуучин дэг журмын задралыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг зорьж байна” гэж үзэж буй аж.
Тэрбээр 2026 оны эхээр Украинд Донбассын өөрийн хяналтад байгаа хэсгээс цэргээ татаж, тухайн бүсийг чөлөөт эдийн засгийн бүс болгох санал тавигдаж байсныг сануулжээ. Гэвч ийм бүс нутаг богино хугацаанд Оросын хяналтад орох эрсдэлтэй гэж үзэж буй юм байна.
Павел Лакийчук мужуудын засаг захиргааны хилийг өөрчлөх санааг утгагүй, парадокс гэж тодорхойлжээ. Тэрбээр “Бид өөрсдийн мужуудын засаг захиргааны хилийг өөрчиллөө гэж бодъё. Үүнд Орос ямар хамаатай юм бэ? Путин яагаад зогсох ёстой гэж?” хэмээн асуужээ.
Түүний үзэж буйгаар, АНУ-ын хэлэлцээний төлөөлөгчид Оросоос бодит буулт шаардахгүйгээр Украиныг алхам алхмаар нэг талын буулт хийхэд түлхэж байгаа аж. Харин Юлия Осмоловская "Ийм санал нь “маш өвөрмөц” боловч Украины эрх баригчдын хувьд улс төрийн өндөр эрсдэлтэй" гэж дүгнэжээ.
Хэрэв Украины төлөөлөгчид ийм саналыг хүлээн зөвшөөрсөн ч түүнийг дотоодын улс төр, олон нийтийн түвшинд зөвтгөхөд маш хэцүү. Ялангуяа өвлийн эрчим хүчний тасалдал, авлигын дуулиан зэрэг асуудал хурцадсан үед энэ нь бүр ч хүндрэлтэй.
Түүний дурдсанаар, өнгөрсөн хүнд өвлийн дараа эрчим хүчний байгууламжид хийх цохилтыг зогсоохын хариуд Орост газар нутгийн буулт хийхийг зөвшөөрсөн украинчуудын эзлэх хувь ердөө 5 хувь байжээ.
4. Европ одоогоор хэлэлцээний ширээний гадна байна
Энэ удаагийн Абу Дабигийн уулзалтад Европын төлөөлөгчид оролцсон боловч гурван талт хэлэлцээний ширээнд суусангүй. Харин Украин тэдэнтэй тусдаа зөвлөлдөж байв.
Юлия Осмоловскаягийн анхааруулснаар Оросын тал Европын аюулгүй байдлын архитектурын асуудлыг дахин хөндөж, 2021 оны арванхоёрдугаар сард тавьж байсан НАТО-г 1997 оны хил хязгаартаа буцаах тухай шаардлагаа дахин сөхжээ.
Тэрбээр “Бид түншүүддээ Орос нэг л өдөр энэ санамж бичгийг дахин гаргаж ирээд Европын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийхийг шаардана гэдгийг байнга анхааруулж ирсэн. Тиймээс үүнд бэлэн байх хэрэгтэй” гэж DW-д ярьжээ.
Түүний үзэж буйгаар Европын гол давуу тал нь чухам энд оршиж байна. АНУ Оростой Европын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх гэж байгаа бол Европыг оролцуулахгүйгээр ийм яриа хэлэлцээ хийх боломжгүй.
Павел Лакийчук ч мөн энэ байр суурийг дэмжжээ. Тэрбээр “АНУ-ын зуучлалаар Орос, Украины хооронд явагдаж буй хэлэлцээний хүрээнд Европын аюулгүй байдлын тогтолцооны талаар хэрхэн ярилцаж болох юм бэ? Европгүйгээр юу ч бүтэхгүй” гэж онцолсон байна.
Түүний үзэж буйгаар, Москва Европын төлөөлөгчдийн оролцоог ёжлон хүлээн авч байгаа нь тэдний оролцоо Оросын талд таалагдахгүй байгааг илтгэж байгаа аж.
5. Абу Дабигийн дараа юу болох вэ?
Дараагийн чухал алхам бол АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Москвад айлчилж, Владимир Путинтэй уулзах явдал юм. Үүний дараа Зеленскийн мэдэгдсэнээр, Киев АНУ-ын талтай байр сууриа дахин уялдуулах зорилгоор Дублин хотод уулзалт хийхээр төлөвлөжээ. Гэхдээ Украины гурван талт хэлэлцээний дараагийн уулзалтын тов одоогоор зарлагдаагүй байна.
Артем Бронжуков хэлэлцээний уулзалтын тоонд бус, харин түүний бодит агуулгад анхаарах хэрэгтэй гэж үзжээ. Тэрбээр “Гол зарчим өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл Орост бодит дарамт шахалт үзүүлэх замаар энх тайванд хүрэхгүй бол эдгээр уулзалтууд агуулгын хувьд төдийлөн үр дүнгүй хэвээр байна” гэж хэлжээ.
Түүний үзэж буйгаар, тактикийн шинжтэй тодорхой тохиролцоонууд ч чухал аж. Тухайлбал:
- Олзлогдогсод, энгийн иргэдийг солилцох, суллах;
- Минагүйжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх;
- Хар тэнгисээр дамжих Украины экспортын тээвэрлэлтийг саадгүй болгох зэрэг нь бодит үр дүн авчрах боломжтой аж.
Юлия Осмоловскаягийн таамаглаж буйгаар хэлэлцээ мухардалд орсныг талууд эрт орой хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрч, тус тусын нэг талын арга хэмжээнд буюу цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх хувилбартаа эргэн шилжиж болзошгүй.
Павел Лакийчук харин олзлогдсон хүмүүсийг эх оронд нь буцаахын төлөө ч болов хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Түүний онцолсноор Европын орнууд энэ үйл явцад үргэлж хамт байх ёстой. Учир нь, энэ бол зөвхөн Орос, Украины хоорондын дайн бус, бүх Европ тивийн аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.
Эх сурвалж: DW