Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлого, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Аяны үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд 2026-2027 онд эхний үе шатыг, дараагийн шатанд мал аж ахуйн салбарын урт хугацааны хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү аяны гол онцлог нь малчдын амьжиргааг зөвхөн малын тоо толгойгоор бус, хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шим, орлогын тогтвортой байдал, мэдлэг мэдээлэл, технологийн хүртээмжээр дээшлүүлэхэд чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйг уламжлалт арга барилаас илүү үр ашигтай, мэдлэгт суурилсан, эрсдэлээ урьдчилан тооцож чаддаг тогтолцоонд шилжүүлэх зорилготой аж.
Аяны үндсэн онцлог
Нэгдүгээрт, өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулахад чиглэнэ.
Монгол орны мал аж ахуй цаг агаар, байгаль, бэлчээрийн нөхцөлөөс ихээхэн хамааралтай. Ялангуяа зуд, ган, цас, хүйтний эрсдэл нь малын хорогдол, малчдын орлогод шууд нөлөөлдөг. Тиймээс аяны эхний үе шатанд малчдад тэжээл өгөх, малын тэжээлийг зохистой хэрэглэх мэдлэг, мэдээлэл түгээх, сайн туршлагыг дэлгэрүүлэхэд анхаарна. Энэ нь эрсдэлийг зөвхөн гамшиг тохиолдсоны дараа даван туулах бус, урьдчилан бэлтгэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Хоёрдугаарт, малчдын мэдлэг, мэдээлэл, технологийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Эрсдэлтэй нөхцөлд шуурхай мэдээлэл солилцох, малчдад шаардлагатай мэдээ, зөвлөмжийг цаг алдалгүй хүргэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр малчид цаг агаарын урьдчилсан мэдээ, бэлчээрийн нөхцөл, малын эрүүл мэнд, тэжээллэгийн зөвлөмж зэрэг хэрэгцээтэй мэдээллийг илүү шуурхай авах боломж бүрдэх юм. Энэ нь хөдөө орон нутгийн цахим хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ мал аж ахуйг орчин үеийн мэдээлэл, технологитой уялдуулах чухал алхам болно.
Гуравдугаарт, малын ашиг шим, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Мал аж ахуйн салбарын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд зөвхөн малын тоо толгойг өсгөх бус, нэг малаас авах ашиг шим, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Аяны дараагийн үе шатанд энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлж, малчдын орлогыг тогтвортой өсгөх, салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарна.
Дөрөвдүгээрт, малчдын нийгмийн үйлчилгээ, амьдралын чанарыг сайжруулахыг зорьж байна.
Малчдын амьдралын чанар нь зөвхөн мал аж ахуйн орлогоос гадна боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл, дэд бүтцийн үйлчилгээний хүртээмжээс хамаардаг. Иймээс аяны хүрээнд малчдын нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Шинэ цагийн малчин” аяны ач холбогдол
Энэхүү аян нь малчдын өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэхээс гадна хүн амыг чанартай, эрүүл хүнсээр хангах, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, инфляцын дарамтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг сайжирснаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, орон нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх боломжтой.
Түүнчлэн бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих нь аяны чухал ач холбогдлын нэг юм. Малын тоо толгой, бэлчээрийн даацын зохистой харьцааг хангах, малын чанар, ашиг шимд анхаарах нь байгалийн нөөцийг хамгаалах, бэлчээрийн доройтлыг бууруулахад чухал нөлөөтэй.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2024 оны мал тооллогоор Монгол Улсад 200 мянга гаруй малчин өрх бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 80 орчим хувь нь жилийн дөрвөн улиралд мал маллан амьжиргаагаа залгуулдаг өрх байжээ. Энэ нь мал аж ахуйн салбарын бодлого, шинэчлэл олон зуун мянган өрхийн амьдрал, орлого, нийгмийн баталгаатай шууд холбоотойг харуулж байна.
Э.ЦЭЦЭН