Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэн (IMD)-гийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс (World Competitiveness Center) эрхлэн гаргадаг IMD World Digital and AI Ranking 2026 буюу Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс судалгаанд хамрагдсан 70 орноос 52.62 оноо авч, 67 дугаар байрт эрэмбэлэгдлээ.

Өмнө нь Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нэрээр танилцуулагддаг байсан энэхүү үнэлгээ нь 2026 оноос эхлэн хиймэл оюуны хөгжил, хэрэглээ, түүнийг нэвтрүүлэхэд шаардлагатай институцийн болон нийгмийн орчныг илүү өргөн хүрээнд хамруулж, судалгааны аргачлалаа шинэчлэн Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээ нэртэйгээр гаргаж эхэлсэн байна.

1. Үнэлгээний аргачлалын шинэчлэл

2026 оны үнэлгээний гол онцлог нь улс орнуудын дижитал технологи, хиймэл оюуныг хөгжүүлэх, нэвтрүүлэх чадавхыг үнэлэхээс гадна тэдгээрийг эдийн засаг, бизнес, төрийн үйл ажиллагаа болон нийгмийн хөгжилд үр ашигтай ашиглах нөхцөл, боломжийг цогцоор нь авч үздэг.

Үнэлгээг дараах таван үндсэн бүлгийн хүрээнд хийжээ. Үүнд:

1. Засаглал – Дижитал технологи, хиймэл оюуны хариуцлагатай хөгжлийг дэмжих хууль эрх зүй, бодлого, зохицуулалт болон институцийн орчин.

2. Технологи ба дэд бүтэц – Дижитал болон хиймэл оюуны системийг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд шаардлагатай технологийн, санхүүгийн болон судалгаа, хөгжүүлэлтийн дэд бүтэц.

3. Үр ашиг – Дижитал технологи, хиймэл оюуныг бизнесийн үйл ажиллагаа болон байгууллагын практикт нэвтрүүлж, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чадвар.

4. Ажиллах хүчний хөгжил – Дижитал болон хиймэл оюунд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, боловсролын тогтолцоо, мэдлэг, ур чадварын хөгжил.

5. Үнэт зүйлс – Кибер аюулгүй байдал, хиймэл оюуны ёс зүй, нийгмийн хандлага, итгэлцэл болон хариуцлагатай хэрэглээ.

Эдгээр таван үндсэн бүлэг нь тус бүр гурван дэд бүлэгтэй бөгөөд нийт 15 дэд бүлгийн хүрээнд 88 шалгуур үзүүлэлтээр улс орнуудын дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварыг үнэлсэн байна. Үүнд статистикийн 51, санал асуулгын 37 үзүүлэлт ашиглажээ.

2. Монгол Улсын үнэлгээний үр дүн

Монгол Улс 2026 оны үнэлгээгээр 70 орноос 67 дугаар байрт эрэмбэлэгдсэн бөгөөд өмнөх жилийн Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын үнэлгээнд хамрагдсан 69 орноос мөн 67 дугаар байрт жагсаж байв.

Үндсэн таван бүлгийн үзүүлэлтийг авч үзвэл Монгол Улс дараах байруудад эрэмбэлэгджээ.

Үндсэн бүлэг

Эрэмбэ

Засаглал

67

Технологи ба дэд бүтэц

67

Үр ашиг

67

Ажиллах хүчний хөгжил

62

Үнэт зүйлс

67

Дэд бүлгийн үзүүлэлтүүдээс Боловсрол ба сургалт чиглэлээр 35 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын харьцангуй давуу тал болжээ. Харин Бизнесийн уян хатан байдал чиглэлээр 70 дугаар байрт жагссан нь бизнесийн орчин, байгууллагын дасан зохицох чадвар, инновац нэвтрүүлэх боломжийг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Шалгуур үзүүлэлтийн түвшинд эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын онцлох амжилт юм. Энэ нь судалгаа, шинжилгээний салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хүний нөөцийн чадавхын чухал үзүүлэлт болов.

Шинжлэх ухааны судалгааны эрх зүйн орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр сул үзүүлэлттэй байгаа нь цаашид бодлого, зохицуулалтын түвшинд анхаарал хандуулах шаардлагатайг илтгэж байна.

3. Цаашид анхаарах бодлогын чиглэл

Дижитал болон хиймэл оюуны өрсөлдөх чадвар нь зөвхөн технологийн хүртээмж, дэд бүтцийн хөгжлөөр хязгаарлагдахгүй. Харин эдгээр технологийг эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд хэр үр дүнтэй ашиглаж байгаагаар тодорхойлогддог.

Иймд Монгол Улсын хувьд дараах чиглэлүүдэд бодлогын анхаарлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  • Дижитал дэд бүтцийг хөгжүүлэх: Өндөр хурдны интернет, өгөгдлийн төв, үүлэн технологи болон хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийн хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх;

  • Хиймэл оюуны хэрэглээг өргөжүүлэх: Хиймэл оюуны шийдлийг төрийн байгууллага, бизнесийн салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлж, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх;

  • Судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих: Шинжлэх ухаан, технологи, инновацын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх;

  • Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх: Боловсролын тогтолцоонд дижитал болон хиймэл оюуны мэдлэг, ур чадварыг үе шаттайгаар нэвтрүүлж, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх;

  • Эрх зүй, институцийн орчныг боловсронгуй болгох: Хиймэл оюуны хариуцлагатай хэрэглээ, өгөгдлийн хамгаалалт, кибер аюулгүй байдал, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;

  • Бизнесийн инновац, уян хатан байдлыг нэмэгдүүлэх: Аж ахуйн нэгжүүдийн технологи нэвтрүүлэх чадавхыг бэхжүүлж, дижитал шилжилтийг хурдасгах.

Эдгээр чиглэлд бодлогын уялдаа холбоог хангаж, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Монгол Улсын дижитал болон хиймэл оюуны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

4. Судалгааны хамтын ажиллагаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь 2010 оноос эхлэн IMD-ийн Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн хамтрагч байгууллагаар ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улсын дижитал болон хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээний судалгааны ажлыг гүйцэтгэн, холбогдох мэдээлэл, судалгааны үр дүнг нэгтгэн хүргүүлжээ.

Э.ЦЭЦЭН