Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф болон Жаред Кушнер нартай уулзах юм байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, өчигдөр Абу-Даби хотноо Орос, АНУ, Украины гурван талт хэлэлцээ болсон бөгөөд Путин өнөөдөр АНУ-ын тусгай элч нартай уулзах төлөвтэй байгаа аж. Тэрбээр ТАСС агентлагийн асуултад хариулахдаа "Тийм ээ, тийм уулзалт болно гэж хүлээж болно" хэмээн хэлжээ.

Уиткофф, Кушнер нар хоёулаа Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэлд болсон хэлэлцээнд оролцсон. Мөн Кушнер АНУ-ын хэлэлцээний баг Москвад хийх айлчлалынхаа дараа Киев рүү явахаар төлөвлөж буй талаар мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа орсны дараа Уиткофф эхэндээ Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлтад АНУ-ын цорын ганц төлөөлөгчөөр ажиллаж байсан. Түүний энэ удаагийн айлчлал сүүлийн хоёр жилийн хугацаанд Орост хийж буй арав дахь айлчлал болж буй бол Кушнер хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ аж.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, Путин эхлээд Абу-Дабигийн хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн илтгэлийг сонсож, дараа нь АНУ-ын тусгай элч нарын дүгнэлттэй танилцана гэжээ.

Үүний дараа Оросын Ерөнхийлөгч асуудлыг зохицуулах талаар Москвагийн баримтлах байр суурийг шийдвэрлэх юм байна. Гэхдээ Оросын байр суурь тусгай цэргийн ажиллагааны зорилтуудыг биелүүлэхэд чиглэсэн хэвээр байх болно гэж Лавров онцолжээ.

Эх сурвалж: TASS