Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 15:00 цагт эхэлж, Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцэнэ. Харин үүний дараа Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, нийт таван асуудал хэлэлцэхээр товложээ.

Энэ удаагийн хэлэлцэх асуудлуудын дунд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дахин багтсан нь анхаарал татаж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжсэн юм. 

Гэвч уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалт явуулахад оролцсон 94 гишүүний 54 нь чөлөөлөхийг дэмжээгүй байна. Ингэснээр Т.Жамбаажамц албан тушаалдаа хэвээр үлдсэн. 

Ийнхүү Байнгын хороон дээр дэмжигдсэн асуудал чуулганы нэгдсэн хуралдаан дээр унасан нь УИХ-ын доторх улс төрийн байр суурь, нөлөөллийн харьцааг харуулсан үйл явдал болсон билээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр Т.Жамбаажамцыг чөлөөлөх саналыг танилцуулахдаа түүнийг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн гэж тайлбарласан. Гэхдээ тэрбээр үүгээр зогссонгүй. Сүүлийн зургаан сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны даргад тодорхой үүрэг чиглэл өгсөн ч бодит үр дүн гараагүй хэмээн шүүмжилсэн юм.

Тухайлбал, 60 хувийн хүүтэй аппликэйшний зээл, 45 хувийн хүүтэй ББСБ-ын зээлийн хүүг бууруулах, иргэдэд олон давхар зээл олгодог байдлыг цэгцлэх, зээлийн хүүгээс гадна давхар шимтгэл, хураамж авдаг асуудлыг зогсоох шаардлага тавьсан ч хэрэгжилт хангалтгүй байна гэж мэдэгджээ. 

Эндээс харахад Т.Жамбаажамцын чөлөөлөгдөх хүсэлт зөвхөн хувийн шийдвэр байсан уу, эсвэл УИХ-ын даргын шахалт, шаардлагатай холбоотой юу гэдэг асуулт гарч ирж буй юм.

Т.Жамбаажамц 2025 оны нэгдүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон. Тэрбээр 2006 оноос тус байгууллагад ажилласан туршлагатай бөгөөд өмнөх удирдлагын үед даргын албан тушаалд очсон билээ. 

Улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай ойр хүн гэх яриа байдаг. Харин одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг өөрчлөх шаардлагыг удаа дараа илэрхийлж байгаа нь анхаарал татна.

Мэдээж Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг зөвхөн улс төрийн томилгооны тэмцэл гэж үзэх боломжгүй. Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа, иргэдийн зээлийн хүүгийн дарамт, санхүүгийн зах зээлийн зохицуулалттай холбоотой бодит шүүмжлэл ч бий.

Гэхдээ УИХ-ын чуулганы нууц санал хураалтаар чөлөөлөх санал дэмжигдээгүй байхад уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр оруулж байгаа нь бас сонирхолтой.

Өнгөрсөн удаагийн нууц санал хураалтаар Т.Жамбаажамцыг чөлөөлөхийг дэмжээгүй 54 гишүүний санал УИХ-ын дотор уг асуудлыг эсэргүүцсэн тодорхой байр суурь байгааг харуулсан.

Өнөөдөр уг асуудал Байнгын хороогоор дахин хэлэлцэгдэх нь. Энэ нь С.Бямбацогтын хувьд өмнөх удаа бүтэлгүйтсэн саналаа дахин урагшлуулах оролдлого гэж харагдаж буй.

Нөгөө талаас, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагын асуудал нэг хүний албан тушаалаар хязгаарлагдахгүй. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү, аппликэйшний зээл, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах бодит үр дүн хүлээгдэж байгаа юм.

Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн Т.Жамбаажамцыг чөлөөлөх эсэхээс гадна УИХ-ын даргын улс төрийн нөлөө, парламент дахь гишүүдийн байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах нэгэн сорилт болох нь.

Нэгэнт чөлөөлөх санал нь чуулганаар дэмжигдээгүй Т.Жамбаажамцыг дахин чөлөөлөх асуудал оруулж ирж байгаа нь С.Бямбацогт түүнийг үнэхээр “араандаа зуусан” уу гэх хардлагыг төрүүлж буй. Харин энэ удаа парламент ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ.

С.МАНДАХ