Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны ерөнхийлөгч Жанни Инфантино АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай байгууллагынхаа харилцаа холбоотой асуудлаарх мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд АНУ-ын Конгресст дуудагдах эрсдэлтэй байгаа талаар The Telegraph сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хороо өнгөрсөн долдугаар сараас эхлэн Инфантино, Трамп нарын харилцаа холбоог шалгаж эхэлсэн байна.

Завсрын сонгуулийн дараа тус хороог Ардчилсан намын конгрессын гишүүн Жейми Раскин удирдах боломжтой болжээ. Тэрбээр ФИФА-гийн тэргүүнийг АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний холбоотнуудтай байгуулсан санхүүгийн харилцаатай холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн байна.

Тухайн үед тус хорооны цөөнхийн гол төлөөлөгчөөр ажиллаж байсан Раскин долдугаар сарын 26-нд Инфантино руу захидал илгээж, ФИФА-гаас Трампын таалалд нийцэхийн тулд явуулж буй “зорилтот кампанит ажил”-ыг шалгаж эхэлснээ 56 настай албан тушаалтанд мэдэгджээ.

Есдүгээр сард Хууль зүйн хорооны гишүүд Инфантиног мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хангалттай хэмжээнд хамтран ажиллахгүй байна хэмээн буруутгасан аж. Гэвч одоогоор түүнийг Конгресст албан ёсоор дуудах шүүхийн зарлан дуудах хуудас гаргаагүй тул Раскины хүсэлтийг үл тоомсорлосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм байна.

Өмнө нь New York Post сонин Инфантино дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр АНУ-ын шигшээ багийн довтлогч Фоларин Балогунтай холбоотой эрх хасах шийтгэлийг цуцлуулахад биечлэн оролцсон талаар мэдээлж байв.

АНУ-ын довтлогч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 32-ын шатанд Босни Герцеговины шигшээ багтай хийсэн тоглолтын үеэр (2:0) хамгаалагч Тарик Мухаремовичийн эсрэг алдаа гаргаж, улаан хуудас авчээ. Тэрбээр өрсөлдөгчийнхөө хөлийн ар тал руу өшиглөсөн байна.

Долдугаар сарын 5-нд ФИФА-гийн Сахилгын хороо Балогунтай холбоотой эрх хасах шийтгэлийн биелэлтийг түр түдгэлзүүлснээр довтлогч Бельгийн шигшээ багийн эсрэг шөвгийн 16-гийн тоглолтод (1:4) оролцох боломжтой болжээ.

Сэтгүүлч Бен Жейкобс хожим нь ФИФА уг шийдвэрийг Цагаан ордноос Инфантино руу утсаар холбогдсоны дараа гаргасан гэж мэдээлжээ. Харин Трамп өөрөө Инфантино руу уг асуудлаар утасдаж, хөлбөмбөгчний эрх хасах шийдвэрийг эргэн харахыг хүссэнээ баталсан байна.

Мөн өнгөрсөн долдугаар сард Инфантино ФИФА-гийн эрэгтэй, эмэгтэй багуудын гол тэмцээнүүдийг хариуцан удирдах компани байгуулах хүсэлтэй байсан нь ил болсон аж. Түүний үзэж байгаагаар, FIFA Forward Enterprise нэртэй уг компанийг байгуулснаар ФИФА-гийн гишүүн холбоодын орлого нэмэгдэж, дэлхийн хэмжээнд хөлбөмбөгийн хөгжилд түлхэц болох байжээ.

ФИФА-гийн мэдээлснээр, энэхүү санаачилга 4.2 тэрбум ам.долларын орлого татах боломжтой байсан аж. Гэвч уг төлөвлөгөө хөлбөмбөгийн байгууллагын удирдлагууд, үндэсний холбоод болон бусад байгууллагаас өргөн хүрээний шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Тухайлбал, Инфантиногийн саналыг Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА), Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо (КОНКАКАФ), Азийн хөлбөмбөгийн холбоо (АХХ), Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (КОНМЕБОЛ) эсэргүүцжээ.

Дараа нь Африкийн хөлбөмбөгийн холбоо, Аргентины хөлбөмбөгийн холбоо болон бусад хэд хэдэн улсын үндэсний холбоо Инфантиног дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Аравдугаар сарын 23-нд Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман бин Ибрахим Аль Халифа ФИФА-гийн ерөнхийлөгчийн ирэх сонгуульд Инфантиног нэр дэвшихийг дэмжихээ мэдэгджээ.

Эх сурвалж: TASS