УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр төсвийн сахилга бат, төрийн өмчит компаниудын ногдол ашиг, нийслэлийн үнэт цаас, цалин тэтгэвэр, инфляц болон төрийн зардлын үр ашигтай холбоотой олон асуудал хөндөгдөж, гишүүдийн зүгээс Засгийн газарт нэлээд хатуу байр суурь илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг төрийн өмчит компаниудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах ямар арга хэмжээ авах гэж байгаа болон нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөгийн санхүүгийн орон зайг төсөвт ашиглаж байгаа нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад нөлөөлөх эсэхийг тодруулсан юм.
Түүний асуултад Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн бондын хөрөнгийг хурааж авч байгаа зүйл биш бөгөөд зөвхөн энэ онд ашиглахгүй байхаар нийслэлийн удирдлагатай тохирсон, үлдэгдэл хөрөнгийг ирэх онуудад зориулалтын дагуу ашиглах боломж хэвээр байгааг тайлбарлав. Мөн Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилнэ гэдгийг онцолсон.
Харин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал төсвийн зардлын дотор хөрвүүлэлт хийж, нийслэлийн өмнөх оны үлдэгдэл санхүүжилтийн 998 тэрбум төгрөг, үнэт цаасны 758 тэрбум төгрөг буюу нийт 1.7 их наяд төгрөгийн орон зайг улсын төсөв рүү шилжүүлж байгаа нь төсвийн бодлогын хувьд анхаарах ёстой асуудал хэмээн шүүмжиллээ.
Тэрбээр 2010 оноос хойш Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 22 удаа өөрчлөгдсөн бөгөөд жилд дунджаар 1.3 удаа өөрчлөгдөж байгаа нь төсвийн урт хугацааны тогтвортой байдалд эргэлзээ төрүүлж байгааг хэлсэн юм.
Түүний үзэж буйгаар, УИХ-аас нэгэнт баталсан төсвийн үзэл баримтлал, тогтвортой байдлын дүрэм нь Засгийн газрын жил бүрийн шийдвэрээр өөрчлөгддөг нөхцөл байдал руу орж байгаа нь зарчмын хувьд ноцтой зөрчил болж байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ч мөн төсвийн төлөвлөлтийн чанарт шүүмжлэлтэй хандаж, улс төрийн зорилгоор төсвийг ашигладаг байдлыг зогсоох шаардлагатайг онцолсон. Түүний хэлснээр татвар төлөгчид төрийн албан тушаалтнуудыг албан тушаалд нь үлдээхийн тулд бус, улс орны хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө татвараа төлдөг учраас төсөвт илүү хариуцлагатай хандах ёстой аж.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал төсвийг сонгуулийн хэрэгсэл болгон ашигладаг байдлыг нам харгалзахгүйгээр зогсоох шаардлагатайг хэлээд, төрийн өмчит компаниудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх бодлого цаашид жил бүр үргэлжлэх эсэхийг тодруулсан. Тэрбээр цалин, тэтгэвэр нэмэгдсэнээр инфляц өсөх эрсдэлтэйг анхааруулж, хувийн хэвшил болон хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих талаар Засгийн газраас тодорхой бодлого шаардав.
Ерөнхий сайд Н.Учралын тайлбарласнаар төрийн өмчит компаниудын ногдол ашгийг өмнөх оны ашгаас тооцон төсөвт төвлөрүүлэх бөгөөд цаашид ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад хатуу хариуцлага тооцох зарчим баримтална.
Тэрбээр ирэх жил төрийн өмчит компаниудаас 3.5 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэх үүрэг өгсөн бөгөөд нийтдээ бараг зургаан их наяд төгрөгийн ашиг төвлөрүүлэх боломж байгаа талаар мэдээлэв. Мөн төрийн өмчит компаниудын хуримтлагдсан ашгийг тодорхой төслүүдэд улс төрийн байдлаар зарцуулах бус, төр ногдол ашгаа төсөвтөө авч, УИХ-аар дамжуулан хэрхэн зарцуулахыг шийдэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Түүний хэлснээр ирэх оны эхнээс тэтгэврийг инфляцтай уялдуулан ойролцоогоор 10 хувиар нэмэгдүүлэх бол төрийн албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сараас нэмэхээр төлөвлөжээ. Харин эдгээр зардлын эх үүсвэрийг төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас бүрдүүлэх бөгөөд хувийн хэвшилд дарамт учруулахгүй байх бодлого баримтална гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн тодотголын хамгийн анхаарал татсан асуудлын нэг болох төрийн өмчит компаниудаас төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг шаардав. Түүний хэлснээр 2025 оны төсвийг 75 хувийн дэмжлэгтэй баталсан ч тухайн үед 1.2 их наяд төгрөгийн үр ашиггүй зардлыг танах боломжтой гэсэн санал гарч байсан бөгөөд Засгийн газар үүнийг хэрэгжүүлээгүй.
Гэтэл төсөв батлагдсанаас хойш ердөө арван сарын дараа 1.4 их наяд төгрөгийн зардлыг танахаар болж байгаа нь төлөвлөлтийн алдаа, Засгийн газрын хариуцлагагүй байдлыг харуулж байна хэмээн шүүмжилсэн юм.
С.Цэнгүүн мөн өмнө нь төрийн өмчит компаниудаас 80 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байсан бол одоо энэ хэмжээг нэг их наяд төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн нь ямар үндэслэлтэй болохыг асууж, аль компаниас хэдий хэмжээний ногдол ашиг авах тооцоо гаргасныг тодорхой танилцуулахыг шаардсан.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тодорхой заалтуудыг хүчингүй болгож байгаа нь төсвийн хүрээний мэдэгдэл, цаашлаад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг сулруулах эрсдэлтэйг анхаарууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал үүнд хариулахдаа энэ удаагийн төсвийн тодотголд Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сантай холбоотой хөрөнгийн хуваарилалтад гар хүрээгүй гэдгийг онцолж, төрийн өмчит уул уурхайн компаниудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх асуудлыг Баялгийн сангийн тухай хуультай уялдуулан шийдвэрлэхээр зорьж байгаагаа тайлбарлав.
Түүний хэлснээр, 1.5 их наяд төгрөгийн ногдол ашгийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн цэвэр ашгаас төвлөрүүлэхээр тооцоолж байгаа аж.
Тэрбээр мөн өмнөх төсөвт багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан боловч түүний санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойгүй байсныг хүлээн зөвшөөрч, энэ онд цалин хөлсний санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх шаардлагатай болсон гэж тайлбарласан. Иймээс төрийн өмчит компаниудын хуримтлагдсан ашгийг ашиглан иргэдийн бодит орлогыг хамгаалах нь өнөөгийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулж буй өөрчлөлтийн талаар ч гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандав. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.9 дүгээр заалтыг хүчингүй болгож байгаа болон төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалт руу шилжиж байгаа хоёрын хоорондын ялгааг тодруулсан.
Ерөнхий сайд Н.Учралын тайлбарласнаар өмнөх зохицуулалтаар гадаад зээл, бондыг төсвийн алдагдалд тооцохгүй байх замаар "суурь тэнцэл"-ийг ашигладаг болсон нь олон улсын практикт нийцэхгүй гэж үзсэн тул нийт орлого, зарлагын бодит тэнцлийг харгалздаг "тэнцвэржүүлсэн тэнцэл"-ийн зарчимд эргэн очиж байгаа аж.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан харин төсвийн тодотголыг өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлтэй уялдуулан шүүмжилж, энэ зун шатахууны хомсдол, үнийн өсөлт, автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт зэрэг олон хүндрэл иргэдийн амьдралд шууд нөлөөлснийг сануулав.
Тэрбээр оны эхний долоон сарын байдлаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн талаар дурдан, төсвийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ Засгийн газрын бүтцийг цомхотгох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Мөн инфляц 13 орчим хувьтай байхад 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд найман хувийн инфляц тооцсон хэвээр байгаа нь бодит нөхцөлтэй нийцэхгүй байгааг шүүмжилж, төсвийн тэлэлт цаашид шатахуун, эрчим хүч, дулааны суурь үнэ болон инфляцад хэрхэн нөлөөлөхийг бодитоор тооцох шаардлагатайг хэлсэн.
Эрчим хүчний салбар ч төсвийн тодотголын үеэр маргааны гол сэдвүүдийн нэг болов. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг төрийн байгууллагуудын чиг үүрэг давхардсан, урсгал зардал үр ашиггүй зарцуулагдаж байгаа талаар шүүмжилж, эрчим хүчний экспортын стратеги боловсруулахад 790 сая төгрөгийн тендер зарласан болон яамны чиг үүрэгтэй давхардсан бүтэц байгуулсан асуудлыг хөндсөн юм. Тэрбээр төсвөө хэмнэхийн тулд төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах шаардлагатайг онцоллоо.
Үүний зэрэгцээ Сангийн сайд З.Мэндсайхан эрчим хүчний салбарын зардлын талаар тайлбарлаж, 2026-2027 оны өвөл дулаан, цахилгааны тарифыг нэмэгдүүлэхгүй байхын тулд Засгийн газраас татаас олгох шаардлагатай болсон гэв.
Үүнд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний салбарын зайлшгүй шаардлагатай засвар шинэчлэлд 97.2 тэрбум төгрөг буюу нийт 200 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгасан байна. Мөн ирэх өвөл эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөхийн тулд БНХАУ-аас 80 МВт хүртэл эрчим хүч импортлохоор төлөвлөж байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлсэн юм.
Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өмнөх Засгийн газрын үед гаргасан төсвийн шийдвэрүүдийн үр дагаврыг өнөөдрийн парламент засаж залруулах шаардлагатай болж байгааг шүүмжилж, төсвийн алдагдал болон тойргийн хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэрүүдийг эргэн санууллаа. Мөн Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байгаа энэ үед тодорхой нэг сайдын асуудлыг тусад нь авч үзэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Ийнхүү УИХ-ын өнөөдрийн хэлэлцүүлгээс харахад төсвийн тодотгол нь зөвхөн энэ оны орлого, зарлагыг өөрчлөх асуудал бус, цаашид Монгол Улс төсвийн сахилга баттай байх уу, төрийн өмчит компаниудын ашгийг хэрхэн захиран зарцуулах вэ, төрийн зардлыг хэр хэмжээнд танах вэ, цалин тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогыг инфляцтай хэрхэн уялдуулах вэ гэсэн илүү өргөн хүрээний бодлогын маргаан болж хувирлаа.
Нэг талд нь төрийн өмчит компаниудын хуримтлагдсан ашгийг иргэдийн бодит орлогыг хамгаалахад ашиглах шаардлагатай гэсэн байр суурь байгаа бол нөгөө талд нь төсвийн алдагдлыг нөхөхийн тулд ТӨК-ийн ногдол ашгийг татах нь урт хугацаандаа төрийн өмчийн менежмент, компанийн хөрөнгө оруулалт, иргэдийн эзэмшлийн хувьцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт тавигдаж байна.
Мөн төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж байгаа нь Монгол Улсын төсвийн бодлогын тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэсэн шүүмжлэл ч хүчтэй сонсогдов. Харин Засгийн газрын зүгээс өмнөх алдаатай төлөвлөлтийг засаж, төсвийн үр ашиггүй зардлыг танахын зэрэгцээ цалин, тэтгэвэр, эрчим хүч зэрэг иргэдийн амьдралд шууд хамаарах зардлыг хамгаалах шаардлагатай гэж үзэж байна.
Энэ бүхний цаана нэг үндсэн асуудал тодорхой харагдаж байна. Монгол Улс төсвийн сахилга бат, эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах уу, эсвэл богино хугацааны хүндрэлээ төрийн өмчит компаниудын хуримтлагдсан ашиг болон төсвийн шинэ эх үүсвэрээр нөхөх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна.
Төсвийн тодотголыг хэрхэн батлахаас гадна цаашид төсөв боловсруулах, батлах, хэрэгжүүлэх тогтолцоонд бодит өөрчлөлт хийж чадах эсэх нь энэ удаагийн хэлэлцүүлгийн хамгийн чухал үр дүн болохоор байна.