Бид уул уурхайн баялгаа зөөхөөс гадна дэлхийн ачаа тээврийн урсгалыг Монголын нутгаар дамжуулж чадах уу?

Монгол Улс далайд гарцгүй. Гэвч газарзүйн байрлалын хувьд дэлхийн худалдаа, тээврийн урсгалын хувьд онцгой цэгт оршдог. Хойд талаараа ОХУ, урд талаараа БНХАУ-тай хиллэдэг манай улс хоёр том эдийн засгийн дунд байрладаг төдийгүй Ази, Европыг холбосон хуурай замын хамгийн боломжит чиглэлүүдийн нэг билээ.

Иймд Монголын төмөр замын ирээдүйг зөвхөн нүүрс, төмрийн хүдэр болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох гарцын хэмжээнд харах нь хангалтгүй. Харин Монгол Улс өөрийн газарзүйн давуу байдлыг ашиглан бүс нутгийн транзит тээвэр, логистикийн томоохон зангилаа болох боломжтой юу гэдэг асуудал илүү чухлаар тавигдаж байна.

Төмөр замын ачаалал нэмэгдсээр байна

Сүүлийн жилүүдэд Монголын төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй өсөж байна. 2026 оны эхний тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд төмөр замаар 25.56 сая тонн ачаа тээвэрлэж, ачаа эргэлт 10.95 тэрбум тонн-км хүрсэн байна.

Энэ тоо төмөр зам Монголын эдийн засгийн салшгүй хэсэг болсныг илтгэж буйгаас гадна цаашид төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгааг харуулж буй юм.

“Улаанбаатар төмөр зам” 2024 онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэсэн, 2030 он гэхэд жилийн ачаа тээвэрлэлтийн хэмжээг 50 сая тоннд хүргэх зорилт тавьсан талаар мэдээлж байсан. Тухайн онд нийт тээвэрлэсэн ачааны 20.8 сая тонн нь гадаад худалдааны ачаа байжээ.

Өөрөөр хэлбэл, Монголын төмөр замын өнөөгийн үндсэн ачааллыг уул уурхайн бүтээгдэхүүн, экспорт, импорт бүрдүүлж байгаа ч цаашдын хөгжлийн дараагийн шат нь транзит тээвэр байх боломжтой юм.

Бид зөвхөн өөрсдийн ачааг зөөх үү, эсвэл бусдын ачааг дамжуулах уу?

Энэ бол Монголын төмөр замын хөгжлийн хамгийн чухал асуултын нэг. Монгол Улс нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэн экспортолж болно. Энэ нь өнөөдөр хэрэгжиж буй бодит эдийн засгийн үйл ажиллагаа. Харин үүнээс илүү том боломж бий, тэр нь бусад улсын бараа бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан тээвэрлэх юм.

Хэрэв Европ, Орос, Хятад болон Зүүн Азийн хооронд зорчиж буй ачаа тээврийн тодорхой хэсгийг Монголын төмөр замаар дамжуулж чадвал төмөр замын тээврийн орлого нэмэгдээд зогсохгүй, үүнийг дагаад агуулах, логистикийн төв, шилжүүлэн ачих терминал, засвар үйлчилгээ, даатгал, гааль, санхүү, тээвэр зуучлал зэрэг олон салбарын үйл ажиллагаа өргөжнө.

Өөрөөр хэлбэл, нэг тонн ачааг Монголын нутгаар дамжуулах нь зөвхөн тээврийн үйлчилгээний орлого биш, дагалдах олон төрлийн бизнесийг бий болгох боломж юм.

Монголын хамгийн том давуу тал бол газарзүйн байрлал

Adventures in Mongolia, Part 1 – I Ride The Harlem Line

Дэлхийн худалдааны маршрутуудыг харахад, Монгол Улсын байрлал анхаарал татахуйц. Хойд хөрш ОХУ Европ болон Азийг холбосон төмөр замын асар том сүлжээтэй. Өмнөд хөрш БНХАУ дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй төмөр зам, логистикийн дэд бүтцийн нэгийг хөгжүүлж буй.

Энэ хоёрын дунд оршдог Монгол Улс өөрийн төмөр замын сүлжээг хөршүүдийнхээ дэд бүтэцтэй зөв уялдуулж чадвал Орос-Монгол-Хятад гэсэн гурван улсын тээврийн коридорын чухал хэсэг болох боломжтой юм.

Энэ боломжийг Монгол Улс өмнө нь ч анхаарч ирсэн. “Транзит Монгол” хөтөлбөрийн хүрээнд Монголын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын тээврийн коридорыг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байв. Харин одоо энэ зорилтыг бодит эдийн засгийн үр өгөөж болгох цаг иржээ.

Төмөр зам барих нь хангалтгүй

Транзит тээврийн томоохон улс болохын тулд зөвхөн төмөр зам барих хангалтгүй. Төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлсэн ч хил дээр ачаа олон цагаар, бүр хэдэн өдрөөр саатдаг бол Монгол Улс олон улсын тээврийн зах зээлд өрсөлдөхөд хүндрэлтэй.

Тиймээс төмөр замтайгаа зэргэцүүлэн боомтын хүчин чадал, авто зам, агуулах, терминал, гаалийн үйл ажиллагаа, цахим систем, тээвэр зуучлал, логистикийн үйлчилгээ зэргийг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай.

Өнөөдөр олон улсын тээврийн зах зээлд аль улс хамгийн хурдан, найдвартай, хямд үйлчилгээг санал болгож байна, тэр улс ачаагаа татаж байна.

Иймд Монгол Улс “манай газарзүйн байрлал сайхан” гэж ярихаас илүү “Монголын нутгаар дамжих нь бусад маршрутаас хурдан, найдвартай, эдийн засгийн хувьд ашигтай” гэдгийг олон улсын тээвэрлэгчдэд харуулах хэрэгтэй.

Орос, Хятадтай хийх төмөр замын хамтын ажиллагаа чухал

Монголын транзит тээврийн ирээдүй хөрш хоёр оронтой харилцах харилцаанаас салшгүй. Монгол Улс ОХУ-тай төмөр замын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хил дамнасан болон транзит тээврийг хөнгөвчлөх чиглэлд ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг бодитой хөгжүүлэх нь Монголын төмөр замын салбарт шинэ боломж нээж болох юм.

Гэхдээ энд нэг чухал зарчим бий. Монгол Улс хоёр хөршийнхөө аль нэгний тээврийн дагуул болох бус, өөрийн эдийн засгийн ашиг сонирхолд нийцсэн, олон чиглэлтэй, тогтвортой транзит тээврийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Транзит тээвэр бол эдийн засгаа төрөлжүүлэх нэг гарц

2TE25KM-0462 der UBTZ zwischen Sainshand und Tyshljeg

Монголын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай хэвээр байна. Тиймээс эдийн засгийг төрөлжүүлэх тухай яриа жил бүр гардаг. Гэхдээ эдийн засгийг төрөлжүүлэх гэдэг нь заавал шинэ үйлдвэр барих тухай асуудлаар хязгаарлагдахгүй.

Монголын газарзүйн байрлал өөрөө эдийн засгийн нэг том нөөц байж болох. Бид газар доорх баялгаа олборлож, гадагш гаргадаг шигээ газар дээрх байршлын давуу талаа ашиглан дэлхийн худалдааны урсгалаас орлого олох боломжтой.

Транзит тээвэр хөгжвөл төмөр замын орлогоос гадна Монголд логистикийн шинэ төвүүд бий болж, ажлын байр нэмэгдэж, үйлчилгээний салбар өргөжиж, валютын орлого нэмэгдэх боломжтой. Ингэснээр төмөр зам зөвхөн экспортын бүтээгдэхүүн зөөх хэрэгсэл бус, эдийн засгийн шинэ салбаруудыг бий болгох суурь дэд бүтэц болж хувирна.

Монголын өмнө хоёр сонголт байна

Өнөөдөр Монголын төмөр замын өмнө хоёр өөр зам байна. Нэгдүгээрт, бид төмөр замаа голчлон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох зориулалттай дэд бүтэц хэвээр хөгжүүлж болно.

Хоёрдугаарт, төмөр замаа өргөтгөж, боомт, авто зам, логистик, гааль болон олон улсын тээврийн сүлжээтэй уялдуулан Монгол Улсыг бүс нутгийн транзит тээврийн зангилаа болгохыг зорьж болно.

Хоёр дахь хувилбар нь илүү их хөрөнгө оруулалт, урт хугацааны бодлого, тогтвортой төлөвлөлт шаардана. Өгөөж нь ч илүү өргөн хүрээтэй. Учир нь, бид зөвхөн өөрийн 50 сая тонн ачааг тээвэрлэх тухай бус, цаашлаад Монголын нутгаар дамжин өнгөрөх гадаадын сая сая тонн ачааны урсгалын тодорхой хэсгийг татах тухай ярьж буй билээ.

Бид далайтай болох шаардлагагүй. Харин Ази, Европыг холбосон хуурай замын гүүр болох боломжоо ашиглах хэрэгтэй.

Өнөөдөр төмөр замаар тээвэрлэгдэж буй хэдэн арван сая тонн ачааны цаана Монголын эдийн засгийн ирээдүйн томоохон боломж нуугдаж байна.

Тэр боломжийг зөвхөн нүүрс хэдэн сая тонноор экспортолсноор бус, Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааны хэмжээ, бий болох ажлын байр, логистикийн үйлчилгээ, валютын орлого, бүс нутгийн худалдаанд эзлэх байр суурь-аар хэмжих цаг иржээ.

Монголын төмөр зам бол Монголын газарзүйн байрлалыг эдийн засгийн үнэ цэн болгон хувиргах стратегийн боломж юм.

Э.ЦЭЦЭН