Философич С.Молор-Эрдэнэтэй холбоотой хэрэгт шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг хуульд заасан журмын дагуу шалгах нөхцөл бүрдлээ.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 2-ны өдөр философич С.Молор-Эрдэнийг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар прокурорын саналыг хүлээн авч, түүнд 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

С.Молор-Эрдэнийг өчигдөр Тагнуулын ерөнхий газраас саатуулсан бөгөөд саатуулах хугацаа дууссаны дараа прокурорын байгууллагаас түүнийг цаашид цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. 

Ямар үндэслэлээр шалгаж байна вэ?

Хууль сахиулах байгууллагаас С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхтэй холбоотой асуудлаар олон нийтэд илэрхийлсэн байр суурьтай нь холбогдуулан шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн.

Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ.

Тус зүйлд хүмүүсийг үндэс, угсаа, хэл, шашин, үзэл бодлоор нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг уриалах зэрэг үйлдлийг зохион байгуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

С.Молор-Эрдэнийг олон нийтийн сүлжээнд болон нэвтрүүлгүүдээр илэрхийлсэн Монголын түүх, үндэстэн, Чингис хаан, монголчуудын талаарх байр суурьтай холбоотойгоор шалгаж эхэлсэн байна.

Цаашид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, цугларсан нотлох баримтад үндэслэн прокурор, шүүх хэргийг хуульд заасан журмаар шийдвэрлэх юм.

Нийгэмд ихээхэн маргаан дагуулсан үзэл бодлоо илэрхийлэх эрх, үндэсний түүх соёл, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн авч үзэх вэ гэсэн томоохон асуудал дахин анхаарлын төвд оров.