Индонезид Анак-Кракатау галт уул дэлбэрсний улмаас 170 мянга орчим зорчигч нислэгийн сааталд оржээ. Ява болон Суматра арлын хоорондох Сундагийн хоолойд орших галт уул есдүгээр сарын 6-ны өглөө хоёр удаа дэлбэрч, улмаар галт уулын үнс Жакарта болон Суматрагийн өмнөд хэсэгт тархсан байна.
Дэлбэрэлтийн улмаас Жакартагийн Соекарно-Хатта олон улсын нисэх буудал болон бусад хэд хэдэн нисэх буудал түр хаагдаж, нийт 1558 нислэг цуцлагдсан байна. Үүний улмаас 170 мянга орчим зорчигч саатаж, Сингапур, Доха, Сидней, Куала-Лумпур чиглэлийн нислэгүүдэд ч мөн ихээхэн нөлөөлжээ.
Одоогийн байдлаар хүний амь нас хохирсон болон нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан мэдээлэл байхгүй бөгөөд эрх баригчид галт уулын тогоонд хоёр милийн радиуст ойртохгүй байхыг анхааруулсан байна.
Мөн үнс агаарт тархсантай холбоотойгоор зарим сургууль үйл ажиллагаагаа цуцалж, загасчид далайд гарахаас татгалзсан бөгөөд оршин суугчдад гэртээ байх, амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ.
Анак-Кракатау 1883 онд асар их хохирол дагуулсан Кракатау галт уулын дэлбэрэлтийн дараа далайгаас шинээр үүссэн арал бөгөөд 2018 онд галт уулын хэсэг нурж, 400 гаруй хүний амийг авч одсон хүчтэй цунами үүсгэж байсан аж. Харин энэ удаагийн дэлбэрэлттэй холбоотойгоор одоогийн байдлаар цунамийн сэрэмжлүүлэг зарлаагүй байна.
Эх сурвалж: PEOPLE