Дэлхийн стандарт цагийг Дэлхийн бодит эргэлттэй уялдуулахаас татгалзах асуудлыг олон улсын байгууллагууд хэлэлцэж буй талаар Их Британийн The Times сонин мэдээлжээ.

Одоогийн байдлаар дэлхийн цагийн стандартыг Дэлхийн эргэлттэй тодорхой хэмжээнд уялдуулан тооцдог. Харин орчин үеийн цаг хугацааны үндсэн хэмжүүр нь цезийн атомын хэлбэлзэлд тулгуурласан атомын цаг болоод буй.

Дэлхийн эргэлтийн хурд тогтмол байдаггүй учир одон орны цаг болон атомын цагийн хооронд бага багаар зөрүү үүсдэг байна. Уг зөрүүг арилгахын тулд 1972 оноос хойш дэлхийн стандарт цагт өндөр жил буюу “үсрэлт секунд” нэмэх арга хэрэглэж иржээ. Өнөөдрийг хүртэл нийт 27 удаа нэмэлт секунд оруулсан байна.

Гэвч сүүлийн жилүүдэд Дэлхийн эргэлт хурдассанаар дэлхийн стандарт цагаас анх удаа нэг секунд хасах шаардлага гарч болзошгүй болжээ. Их Британийн Үндэсний физикийн лабораторийн ажилтан Сетнам Шемар "Энэ нь орчин үеийн технологийн системүүдэд ноцтой хүндрэл учруулж болзошгүй" гэж анхааруулсан байна.

Түүний тайлбарласнаар, компьютерын олон систем цаг хугацаанд секунд нэмэгдэх хувилбарыг тооцсон байдаг ч нэг секунд хасах нөхцөлд ажиллах байдлаар зохион бүтээгдээгүй. Тиймээс ийм өөрчлөлт хийхийн тулд олон программ, системийг дахин боловсруулах шаардлагатай болох аж.

Мэргэжилтнүүд "Нэг секунд алгасах нь хиймэл дагуулын навигаци, харилцаа холбоо, эрчим хүчний сүлжээ, санхүүгийн зах зээл зэрэг секундийн нарийвчлалтай ажилладаг системүүдэд алдаа гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй" гэж үзжээ.

Иймд дэлхийн цагийг Дэлхийн эргэлттэй байнга нийцүүлэх аргаас татгалзаж, атомын цагийг дэлхийн цаг хугацааны үндсэн стандарт болгох хувилбарыг хэлэлцэж байгаа аж.

Энэ асуудлыг аравдугаар сард Францын Версаль хотод болох Жин, хэмжүүрийн ерөнхий бага хурлаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Санал дэмжигдвэл ирэх оны тавдугаар сарын 20-ноос эхлэн дэлхийн стандарт цагт “үсрэлт секунд” нэмэх, хасах практикийг бүрэн зогсоох боломжтой юм байна.

Ингэснээр атомын цаг болон Дэлхийн эргэлтэд тулгуурласан цагийн хоорондын зөрүү аажмаар нэмэгдэх нь. Цаашлаад уг зөрүү нэг цагт хүрэх боломжтой ч ийм хэмжээний зөрүү бий болох хүртэл хэдэн мянган жил шаардагдах ажээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, тэр үед өнөөдөр ашиглаж буй цаг хугацааг хэмжих арга, технологиуд хэдийнэ өөрчлөгдсөн байх магадлалтай юм байна.

Дэлхийн эргэлт тогтмол бус байдагтай холбоотойгоор цаг хугацааны стандартыг байнга засварлах нь орчин үеийн технологийн системүүдэд эрсдэл дагуулж байгаа тул ийн цаашид атомын цагт тулгуурласан, Дэлхийн эргэлтээс үл хамаарах цагийн системд шилжих чиглэл баримталж буй ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI