Хэрэв өвөл хэт хүйтэн байвал Германы хийн агуулахууд нэгдүгээр сарын эцэс гэхэд бүрэн хоосорч, улмаар тус улсын аж үйлдвэр болон хүн амын аль алинд түлшний хомсдол үүсэж болзошгүй гэж Handelsblatt сонин Хийн агуулахын операторуудын холбоо (INES)-ны мэдээллээс иш татан уламжилжээ.
Германы хийн агуулахуудын одоогийн дүүргэлтийн түвшин сүүлийн 15 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрч, ердөө 53 хувь байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, арваннэгдүгээр сарын 1 гэхэд агуулахуудыг техникийн хувьд дээд тал нь 77 хувь хүртэл дүүргэх боломжтой юм байна.
Тус сонины нийтлэлд “Хэрэв температур хэвийн түвшинд байвал дөрөвдүгээр сарын 1 гэхэд хийн агуулахуудын дүүргэлтийн түвшин 38 хувь хүртэл буурах байсан. Харин 2010 оных шиг маш хүйтэн өвөл тохиолдвол агуулахууд нэгдүгээр сарын эцэс гэхэд хоосорно.
Ийм хувилбарын үед зарим өдөр хийн хомсдол 25 хувиас давж болзошгүй. Өөрөөр хэлбэл, бүх хэрэглэгчийг хангах хэмжээний түлш физикийн хувьд хүрэлцэхгүй” гэж дурджээ.
Үүний зэрэгцээ Bloomberg агентлаг даваа гарагт "Германы Засгийн газар хийн нөөцийг нөхөн бүрдүүлэх асуудлаар төрийн өмчит эрчим хүчний компаниудтай хэлэлцээр хийж байна" гэж мэдээлжээ. Ингэснээр зах зээлд шууд хөндлөнгөөс оролцохоос зайлсхийхийг зорьж буй бөгөөд шууд оролцоо нь хийн үнэ огцом хэлбэлзэхэд хүргэж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Германы Эдийн засгийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сюзанна Унград өмнө нь Германы хийн агуулахуудын өнөөгийн нөөцийн түвшин хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрсөн ч энэ асуудал зах зээлийн өөрийн зохицуулалтын хүрээнд шийдэгдэнэ гэж найдаж буйгаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI