Их Британийн The Telegraph сонин "Хятадын төрийн өмчит компани ОХУ-д олон зуун камиказе дрон үйлдвэрлэхэд ашиглагддаг түүхий эд нууцаар нийлүүлсэн байж болзошгүй" гэж мэдээлжээ. Тус мэдээллийг Politico-той хамтран явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд үндэслэн гаргасан байна.
Мэдээлэлд дурдсанаар, Хятадын төрийн өмчит Jilin Chemical Fiber Group компани ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорацтай холбоотой компанид 46 тонн полиакрилонитрилын түүхий эд нийлүүлжээ.
Уг түүхий эдийг нүүрстөрөгчийн ширхэгт буюу карбон файбер үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд энэ материал нь ОХУ-д үйлдвэрлэж буй алсын тусгалтай камиказе дронуудыг бүтээхэд хэрэглэгддэг гэж мөрдөн шалгалтын мэдээлэлд дурджээ.
Түүхий эдийг хүлээн авсан “Алабуга-Волокно” компани “Росатом”-ын Umatex нэгжийн харъяа бөгөөд өндөр бат бөх карбон файбер үйлдвэрлэдэг аж.
Украины Аюулгүй байдал, хамтын ажиллагааны төв "Энэхүү материалыг Ираны “Shahed” дроны загварт суурилсан ОХУ-ын “Герань” нэртэй цохилтын нисгэгчгүй төхөөрөмжийг олноор үйлдвэрлэхэд ашигладаг" гэж мэдээлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үеэр судалсан ОХУ-ын дотоодын баримт бичгүүдэд дээрх нийлүүлэлтийг Хятадын төрийн өмчит компани ОХУ руу шууд хийсэн гэж тэмдэглэсэн байжээ.
Эдгээр баримтыг Украины Аюулгүй байдал, хамтын ажиллагааны төв ОХУ дахь эх сурвалжаас авч, АНУ болон Их Британийн эрх баригчдад шилжүүлсэн байна. Тус баримт бичгүүдийн жинхэнэ эсэхийг Америк, Британи болон Украины албан тушаалтнууд баталгаажуулсан гэж мэдээлжээ.
Нийлүүлэлтийг иргэний зориулалттай ачаа мэтээр бүртгэжээ
Анхаарал татаж буй өөр нэг асуудал нь дээрх ачааг гаалийн бүрдүүлэлт хийхдээ иргэний зориулалттай синтетик материалд ашигладаг кодоор бүртгэсэн явдал аж. Тодруулбал, нейлон болон полиэстер зэрэг материалд хэрэглэдэг гаалийн код ашигласан бөгөөд хэрэв зохих кодыг хэрэглэсэн бол уг ачаа нь иргэний болон батлан хамгаалах салбарт аль алинд нь ашиглаж болох давхар зориулалттай бараа гэж бүртгэгдэх байжээ.
АНУ-ын шинжээч Дэвид Олбрайтын тооцоолсноор, Jilin Chemical Fiber Group-ээс нийлүүлсэн 46 тонн полиакрилонитрилын түүхий эдээс ойролцоогоор 1300 камиказе дронд шаардлагатай хэмжээний карбон файбер үйлдвэрлэх боломжтой аж.
Украины Аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн мэдээлснээр, тус байгууллага 2022 оноос хойш Jilin Chemical Fiber Group-ээс “Алабуга-Волокно” компанид контейнерээр полиакрилонитрилын түүхий эд нийлүүлэхтэй холбоотой дор хаяж найман тендерийг илрүүлэн баримтжуулсан байна.
Бээжин буруутгасныг няцаав
Хятадын тал дээрх мэдээллийг эрс няцаажээ. АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яам ОХУ-ын байлдааны дрон үйлдвэрлэлийн хөтөлбөрийг Хятад улс дэмжсэн гэх мэдээллийг “гүтгэлэг” хэмээн тодорхойлж, Хятадыг буруутан болгох оролдлого гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.
Бээжин "Хятад улс мөргөлдөөнд оролцогч талуудад хэзээ ч үхлийн аюултай зэвсэг нийлүүлж байгаагүй бөгөөд давхар зориулалттай бараа бүтээгдэхүүний экспортод хатуу хяналт тавьдаг" гэж мэдэгджээ.
Гэвч Хятадын төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг тогтолцоог мэдэх АНУ-ын зарим албан тушаалтнууд Бээжингийн тайлбарт эргэлзэж байгаа аж. Тухайлбал, Тагнуулын төв газрын Зүүн Ази, Номхон далайн бүсийн асуудал хариуцсан захирлын орлогч асан Деннис Уайлдер төрийн өмчит компани ийм хэмжээний үйл ажиллагааг Хятадын эрх баригчдын мэдэгдэлгүйгээр явуулах боломж хязгаарлагдмал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Хятадын төрийн өмчит компанийн нийлүүлэлт ОХУ-ын цохилтын дрон үйлдвэрлэлтэй холбоотой байсан эсэх, мөн уг үйл ажиллагаа Бээжингийн эрх баригчдын мэдлэг, зөвшөөрөлтэй байсан эсэх асуудал олон улсын анхаарлын төвд оров.
Одоогийн байдлаар Хятадын тал өөрсдийг нь буруутгасныг үгүйсгэж буй бөгөөд дээрх мэдээлэл нь хэвлэлүүдийн мөрдөн шалгах ажиллагаа болон баримт бичгийн шинжилгээнд үндэслэсэн байна.
Эх сурвалж: DW